Шүүхийг дарамттай, гишүүдийг айдастай үлдээсэн Ерөнхий сайдын ярилцлага

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн босгон дээр МҮОНТВ-д дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Үндэсний томоохон баярын өмнө олон нийтэд хандаж мэдээлэл өгөх байдлаар ярилцдаг ийм жишиг бол хаана ч байдаг. Сар шинэ бол гэр бүлийн баяр. Ураг саднаараа орж амар мэндийг нь асуухын зэрэгцээ улс оронд болж байгаа онцлох хүмүүс, үйл явдлын талаар яриа дэлгэж, аман мэдээлэл солилцдог, тэрхүү мэдээлэл нь ямар ч сувгаас илүү асар хурдтай тархдаг онцлогтой. Энэ талаас нь харвал Ерөнхий сайдын өгсөн анхны дэлгэрэнгүй ярилцлага олон нийтийн анхаарлыг татах, ярианы сэдэв болох үндсэн зорилгодоо хүрсэн байх.

Шүүмжилье гэвэл хэтэрхий олон сэдвийг нэг дор бөөндөж, учир шалтгаан, гаргалгаа талдаа даацтай тайлбар нь хөнгөдсөн, асуудлын мөн чанарыг биш субьектив буюу нэр бүхий улстөрчид рүү дайрсан ярилцлага байлаа. Тэртээ 1998 онд гарсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой гэж Ерөнхий сайд хэллээ. Үе үеийн Ерөнхийлөгч нар энэ үйлдвэрт нөлөөгөө тогтоох гэж ирсэн, өнөө цагийн нүүрсний хулгай эндээс эхтэй гэсэн нь ноцтой мэдэгдэл байв. Энэ мэдэгдэл Эрдэнэт үйлдвэрийг найз Ш.Отгонбилэгээрээ дамжуулж базаж байсан Н.Багабанди, С.Зоригтой Засгийн газрын нэг танхимд ажиллаж байсан Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, цөөнхийн бүлгийн дарга Н.Энхбаяр гурвыг чиглэнэ.

Н.Багабанди тухайн үед Ерөнхийлөгч, дараа нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Эрдэнэт үйлдвэрт нөлөөгөө тогтоосон уу гэвэл бас л тийм. Н.Энхбаярыг ган бөмбөлгийн шахаа хийдэг байсан, Ц.Элбэгдоржийг зэсийн овоолгын баялагт эзэн суусан гэж ярьж, бичицгээдэг. Ардчиллын алтан хараацай С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч нь үе үеийн Ерөнхийлөгч нар байж болзошгүй гэсэн сэжиг таамгийг Ерөнхий сайд нийгэмд гаргаж тавилаа. Аллага болох үед Эрдэнэт үйлвэрийн захирлаар Ш.Отгонбилэг ажиллаж байсан. Ерөнхийлөгч Н.Багабандийн дотнын найз байсан тэрбээр хожмоо нисдэг тэрэгний ослоор амь насаа алдсан түүхтэй. С.Зоригийг хөнөөсөн хэрэг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой юм бол тухайн үеийн удирдлагатай ч холбогдож таарна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхгүй бол, мөнгөтэй бүлэглэлүүдийн нөлөөнөөс гарахгүй бол, тогтолцоогоо шинэчлэхгүй бол, хулгай луйврыг цэгцлэхгүй бол цааш явахгүй гэж хэлэв. Үүнтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Монголын нийгмийн хорт хавдар нь авлига мөн. УИХ-ын 20 шахам гишүүн гэмт хэрэгт холбогдсон. Тэднийг халдашгүй бүрэн эрхийн ард нуугдалгүй өргөдлөө өгөөд шалгуулцгаа, хаврын чуулган эхлэхээр хоёроор тогтохгүй гишүүн бүрэн эрхээсээ салах байх шүү гэсэн нь олон нийтэд аятай сонсогдсон байх. Хариуцлага дээрээсээ, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх ёстой. Авлигач, хулгайчдын дийлэнх нь МАН дотор байгааг Ерөнхий сайд хамгийн сайн мэдэж байгаа ч өргөдлөө өгөөд хуулийн байгууллагад очиж шалгуул гэж шахаж байгаа нь нам нэгтнүүд рүүгээ аврах хантааз шидээд авч үлддэг байсныг бодвол дэвшил юм даа. Нам, найз хоёртойгоо улаан нүүрээрээ тулах яаж ч бодсон халгам. Гэхдээ танхим дотроосоо ч тахим өгүүлж чадаж байна.

Шүүх засаглалын тухайд Л.Оюун-Эрдэнэ бараг дайн зарлачих шиг боллоо. Сүүлийн 30 жилд шүүх засаглалгүй шахам явж ирлээ, бүлэглэлүүдийн гар хөл болсон учраас тэдний захиалгаар ажилладаг, авлига, хулгайн том хэргүүд шүүх дээр замхарч алга болдог. Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг, нүүрсний хулгай зэрэг том хэргүүдийг яаж шийдэхийг нүд цавчилгүй хар. Өөрсдийг нь шүүгчээр томилсон Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарынхаа талд зогсох нь уу, эсрэг ажиллах нь уу бшнл харъя гэх зэргээр довтлов. Шүүх одоо дээрх хэрэгт холбогдогчдод ял өгөхгүй бол эздийнхээ талд ажилласан, бүлэглэлүүдийн хүслийг хангасан гэх муу нэрээ хусавч арилахгүй болж, шарх нь улам гүнзгийрлээ. Ерөнхий сайд шархан дээр нь жишим ч үгүй давс цацаж орхив. Шүүх засагал хөөрхөн дарамттай үлдэж байна.

Эдийн засгийн хувьд илүү тогтож, хүмүүсийн амьжиргаанд наалдахуйц яриа богинохон өрнөсөн нь харамсалтай. Үнийн өсөлт өрхийн санхүүг сульдааж, худалдан авах чадвар асар ихээр муудсан. 2016 оны сонгуулиар МАН-ын гол PR-аа болгосон граммын эдийн засагт шилжлээ гэссэн мэссэж ёр юм шиг өнөөгийн бодит амьдрал болчихлоо. Төгрөгийн ханшийн уналт хувийн хэвшил, бизнесүүдийг боомилж байгааг асуулгүй орхигдуулав. Оюутолгойн гүний уурхайг 3 сарын 13-нд нээнэ. Энэ жил нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 5000 ам.долларт хүргэнэ, 2027 онд гэхэд ДНБ хоёр дахин өснө гэсэн тоо цээжинд үлдэв. Энэ нь талхаа таллаад ч болтугай авч хүчрэхгүй байгаа нийгмийн хэсэгт наалдацгүй л сонсогдсон байх. Эдийн засгийн тоон өсөлт бодит амьдрал дээр наалдаж, мэдрэгдэхээ болиод удаж байна. Хулгайч нарыг олох, барих, ярих чухал ч эдийн засаг, амьжиргаа, өрхийн орлого, татварын дарамт зэргийг ярих газар нь Олон нийтийн телевиз мөн шүү, Ерөнхий сайд аа.

Авлигатай тэмцэх ажлын хүрээнд дараагийн бөмбөг тэслэх бай нь нийслэл гэж ойлгогдлоо. Улаанбаатарын өнөөгийн утаа, түгжрэл бол авлигын төлөөс гэдэгтэй Ерөнхий сайд санал нийлдэг юм байна. Нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн алдааг эргэн сөхөж, гэмтнүүдтэй хуулийн хариуцлага ярина гэдгээ зарлав. Бас л намынхантайгаа, найүуудтайгаа нүүр тулна. Нийслэлд 2012-2016 оныг эс тооцвол МАН тувт засагласан, булайг нь ухвал далай. Гэхдээ нийслэлчүүдийг ийм муухай намаг балчигт живүүлсэн хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айхгүй, авлигатай, хулгайчидтай хийх тэмцлээсээ ухрахгүй гэж цамнасаар олон нийтийн телевизэд өгсөн оройн ярилцлага өндөрлөв.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...