Туркийн эрх баригчид чанаргүй барилга барьж олон хүний амь нас эрсдэх нөхцөл бүрдүүлсэн барилгын компанийн 163 хүнийг шалгаж байна. Туркийн төрийн мэдлийн Анадолу мэдээллийн агентлагийн мэдээлснээр, мөрдөн байцаалтын шатанд байгаа хүмүүсээс наймыг нь баривчилж, 48 хүнийг урьдчилан хорих төвд саатуулж байгаа юм байна.
Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг даваа гарагт Диярбакирт ирэх үеэрээ газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүх бүс нутгийн прокурорын газрууд шүүхийн мөрдөн байцаалт явуулж байна гэж мэдэгджээ.
Анадолу агентлагийн мэдээлснээр, Малатья хотын прокурорууд нурсан барилгуудтай холбоотой хэргээр даваа гарагт 31 хүнийг баривчлах тушаал гаргасан байна. Газиантеп мужид сүйрсэн “Emre Apartment”-ын барилгын ахлагч, техникийн төлөөлөгч Назми Тосуныг даваа гарагийн үүрээр Истанбул хотод баривчилжээ. Мөн Адъяаман хотын хэд хэдэн нурсан барилгуудын гүйцэтгэгчийг ням гарагт Истанбулын нисэх онгоцны буудалд тус улсаас гарах гэж байхад нь баривчилжээ. Адъяаман хотод хэд хэдэн барилга барьсан Явуз Каракус болон түүний эхнэр Севилай нарыг цагдан хорьсон бөгөөд тухайн үед хосууд 16 мянган доллар, нэмэлт 20 мянган турк лира биедээ авч явжээ. Сэжигтэн Каракус сэтгүүлчдэд “ Би 44 байшин барьсан. Тэдний дөрөв нь унав. Би бүх зүйлийг дүрмийн дагуу хийсэн ” гэж ярьжээ.


