Зорилгоосоо гажсан машин ачилт зовлон, зодоон дагуулж байна

Таван литрийн саванд 10 литр ус багтдаггүй шиг 4 уулынхаа дунд хүн, барилга, машин нь багтахаа байлаа. Ийм дүр зургийг өдөр, цагийн ялгаагүй түгжрэл, иргэдийн бухимдлаас харж байна, бид. Өчигдөр гэхэд л машин тавих зогсоолгүйн улмаас замын хөдөлгөөнд саад болсон жолооч, түгжрэлд нэрмээс бологсдыг журамлагч хоёрын дунд үүссэн маргаан эцэстээ зодооноор өндөрлөсөн бичлэг цахим орчинд бүгдийг стресстүүлэв. Зөвшөөрөгдөөгүй газар машинаа тавьсан залуу “Хүүхдийн бие өвдөөд байна. Ачихгүй буцаагаад өгчих” гэж хүний ёсоор гуйхад ачигч залуу салаавч гаргаж байгаа нь ганц удаагийн тохиолдол биш. Өдөр болгон ийм явдал болж, зодоон цохиондоо тулдаг болчихсон. Бага насны хүүхэдтэй нь цуг машиныг нь хулгайч шиг шүүрээд явсан тохиолдол ч гарсан. Ийм эргүү тэнэг байхад олон нийт бухимдах нь аргагүй л дээ.

Нөгөө талдаа машин жолоодож замын хөдөлгөөнд оролцоно гэдэг хууль, дүрэм сахихын нэр. Талд бэлчиж яваа мал шиг танхай балмад явдгаа жолооч нар болих хэрэгтэй. Гадаадад очихоороо хүний нутгийн хууль ёсыг ягштал мөрддөг шигээ эх орондоо хайртай бай.  Машин ачилтынхан, жолооч нарын хооронд өдөр бүр гардаг энэ мөргөлдөөнийг эцэс болгоё гэвэл түгжрэлийг бууруулах үндсэн зорилго руугаа эргэ. Хэдэн жолоочийн халаасыг сэгсэрч, зовлон дээр нь тонгочлоо гээд ачилтын компанийн ажилтан баяжиж гавихгүй. Машин ачилтын анхны зорилго нь замын түгжрэлийг бууруулах гэдгийг хотын захиргаа, замын цагдаа, ачилтын компани, жолооч нар бүгдээрээ ор тас мартаж орхисон.

Машин ачаад байгаа хүмүүс уг нь хууль, дүрэм зөрчигчидтэй тэмцэж, хотын замын түгжрэлийг бууруулах үйлсэд зүтгэж яваа юм. Хүн амьтны хараал зүхэл бараад байх ажил огт биш, гэсэн үг. Машин ачилтын нэгдүгээр зорилго нь дэг журам сахиулах. Мэдээж хэрэг машин техник авч, хүмүүс цалинжуулж байгаа учраас тодорхой төлбөр байх ёстой. Дэлхийн бүх хотод хөдөлгөөнд саад болсон, хориглосон газарт байрлуулсан машиныг ачиж шилжүүлдэг. Гэхдээ бусдын машиныг нүд ирмэхийн зуурт ачдаг шиг түгжрэл буурч, дэг журам хангагдаж байна уу гэвэл үгүй. Зөвхөн ашиг орлогын араас хөөцөлдөж байгаа учраас түгжрэл буурахгүй байгаа. Зорилгоосоо гажчихсан, харилцаа хандлага нь асар бүдүүлэг, мөнгөний араас нүдээ ухахаас буцахгүй байгаа учраас олон нийт үзэн ядаж байгаа юм. Төрийн нэр барьсан машин ачилтад хүчирхийлэл агуулагдаж хэрхэвч болохгүй. Одоо сэр.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...