Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүд ,Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 1.8 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хянан хэлэлцлээ.
Шүүх хурлаас Г.Амарбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгав.
Ш.Батхүүг удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан, хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн зэрэг гэм буруутайд тооцож 10 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийджээ.
Ч.Ганзориг болон Б.Мөнхжаргалыг захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял огоосон байна.
Г.Алтангийн хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Сүрэнг 35.000.000 төгрөгөөр торгох ял оноосон байна.
Шүүхээс Ш.Батхүүгээс нийт 109.093.910.000 төгрөгийг гаргуулж, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазар ХК-д 105.246.800.000 төгрөгийг, “Шунхлай групп” ХХК-д 3.847.110.000 төгрөгийг олгохоор,
Шүүгдэгч Ч.Ганзоригоос нийт 1.848.863.461 төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 792.370.054 төгрөгийг тус тус гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар ХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.