Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцээд бүрэн дэмжжээ.
Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр “Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг хуулийн дагуу НЗДТГ-ын нэр дээр шилжүүлж, тусгай хэрэгцээнд бүртгэн уг газрыг зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах юм байна.
Тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шуурхай зохион байгуулна. Ингэхдээ бүх насныханд зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаа зохион байгуулах боломж бүрдүүлнэ. Төслийг 2024 онд багтаан дуусгахыг НИТХ-аас үүрэг болгосон. Энэ бүтээн байгуулалтыг “Рио тинто” компанитай хамтран намраас ирэх хавар хүртэл хийнэ” гэж нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, ҮСАХ-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар мэдээлэл хийхдээ хэллээ.
Мөн нийслэлийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнг нэмж, жилд 800 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, цаашид төслийн бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа жигдрээд ирэх үед нэмэлт хөрөнгө төвлөрүүлэхээр хөрөнгө оруулагчтай тохиролцжээ. Ингэснээр Хүүхдийн парк нь Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн жилийн 4 улиралд үйлчлэх боломжтой болох ажээ.
Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр “Манай орны хувьд “Диснейлэнд” шиг парк байгуулахад хүндрэлтэй. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтайгаас гадна тоглоомын элэгдэл их байдаг. Жил бүр тоглоомоо тодорхой хэмжээнд шинэчилдэг ч цар тахлаас шалтгаалан 2021-2022 онд чадаагүй. Төслийн 2 дугаар үе шат хэрэгжсэнээр санхүүгийн хувьд бие даах боломжтой болж, жил бүр тоглоом шинэчилнэ. Нийслэлийн удирдлагуудтай хэлэлцүүлэг хийсний дүнд төслийг үргэлжлүүлэхээр боллоо. Хоёрдугаар ээлжийн төслийн хүрээнд дотор байгууламжийн тоглоом, урлагийн байр, үйлчилгээний газар барина. Гол нь Монголчууд, нийслэлийн иргэд жилийн 4 улирал үйлчлүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбортой болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Ирэх 3 жилийн хугацаанд битүү дээвэртэй тоглоомын төв, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол, худалдаа үйлчилгээний төв, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барьж, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөжээ.