Монголчууд эрчим хүч, шатахуунаа бусдаас царайчилж амьдардаг. Айлаас гуйна. Товчхондоо бол энэ хоёр хэрэгцээгээрээ хараат орон. Эрчим хүчний тусгаар тогтнолын талаарх мөрөөдөл тэртээх 1990-ээд оноос эхтэй боловч ямар нэгэн тээг саад, гацаа түгжрэл дундуур туучсаар өнөөдөртэй золгосон. Хөршүүд бол гуйлгаж л амьдрах сонирхолтой. Тэдний буруу биш. Биднээс шалтгаалсан гацаа олон байсан. Эрдэнэбүрэний УЦС-ыг барья гэнгүүт нутгийн зарим удирдлага чадахгүй гэж хэлээд хил давуулан бичиг шидсэн тухай үлгэр домог шиг үйл явдлыг тоочвол дуусахгүй. У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ сэдвээс булталгүй барьж авсан учир эцсийг нь үзэх нь чухал.
Олон улсад болж буй хямралт байдлаас хүнс, шатахуун, эрчим хүчний хувьд хараат байж болохгүйг монголчууд байтугай дэлхий нийт ойлгож авав. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”, “Боомтын сэргэлт” бодлогын хүрээндтодорхой алхмуудыг айсуй хямралыг сөрж хэрэгжүүлж эхэллээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаар Эрдэнэбүрэний УЦС-ын төслийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцож чадлаа. Нэгэн жарны турш гацаанд байсан энэ төсөл одоо урагшилна, 4 жилийн дараа гэхэд гал алдах аюул цаашилна.
Зэрэгцээд Эгийн голын УЦС-ын төслийг урагшлуулна гэдгээ Засгийн газар зарлалаа. Л.Оюун-Эрдэнэ Эг, Эрдэнэбүрэн гэсэн том төслийг хамтаар нь хөдөлгөхөөр зорьж байна. Эгийн голын УЦС-ын ажил 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар гацаа үүссэн байдаг. Олон улсын компаниар хийлгэж буй “Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгаа” ирэх аравдугаар сард дуусна. Уг судалгаанд тулгуурлаж ирэх онд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46-р чуулганаар нааштай шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа юм байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутарешш Монгол улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын бүтээн байгуулалтыг саадгүй явуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. НҮБ-ын сонорт аль хэдийнэ хүрсэн энэхүү маргаанд цэг тавих цаг болсон гэж Монгол улс үзсэн хэрэг. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Монгол Улсад айлчлахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэбүрэний УЦС-ын ажлыг урагшлуулъя хэмээн шуудхан хэлчихсэн. Ингэж шазруун байхгүй бол Эрдэнэбүрэнгийн УЦС баригдаад Эгийнх бас л домог болж үлдэх магадлалтай. Л.Оюун-Эрдэнийн энэ шийдэмгий байдлыг дипломат яриа хэлэлцээтэй хослуулж чадвал Монгол Улс эрчим хүчний тусгаар тогтнолоо бүрэн олж авна. Одоо айж суух биш асуудлыг мухарлах түүхэн боломжийг алдах учиргүй
Б.ТҮВШИНТӨГС