-Нийслэлийн тэнд хогтой, энд гэрэлгүй байна гэхээс биш, хийж бүтээж, болгож, болж байгааг харах хүн ховор-
Нийслэл Улаанбаатар хотын 25 дахь дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хэмээх албан тушаалд анхлан томилогдож байсан Цэрэндэмбэрэлийн Баасанжавтай ярилцлаа. Тэрбээр 1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, 1996-2000 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Нийслэлийн хүндэт иргэн юм. Нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойн босгон дээр хотын ахмад даргатай хуучилснаа та бүхэндээ хүргэе.
-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Шинэ хууль ирэх 2022 оноос хэрэгжиж эхэлнэ. Хуулийг шинэчлэн баталснаар нийслэлийн хөгжил, дэвшил болоод нийслэлчүүдийн ажил, амьдралд дэвшил авчирна гэсэн хүлээлт байна. Та хэрхэн харж байна вэ?
-Улиран одсон 27 жилд Улаанбаатар хот ихээхэн өөрчлөгдсөн. Хууль, эрх зүйн хувьд ч шинэчлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн нь мэдээж. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулж, өнөөгийн нөхцөлд нийцүүлж чадсан нь том ололт. УИХ-аар хууль батлуулна гэдэг бол хялбар хэрэг биш. Анхны хуульд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Засгийн газрын гишүүн байна гэсэн заалт оруулах гээд дийлээгүй. Хотын дарга Засгийн газрын гишүүн байх нь олон талын ач холбогдолтой. Төрийн яамд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа төр засагт асуудал тавихдаа Хотын даргын саналыг заавал авна. Хоёрдугаарт, хоттой холбоотой шийдвэр гаргахад Ерөнхий сайд болон Хотын дарга тогтоол дээр гарын үсэг зурна. Гуравдугаарт, хоттой холбоотой аливаа асуудлыг УИХ, Засгийн газарт Хотын дарга өөрөө оролцуулж танилцуулна гээд олон талын сайн талтай. Хотын дарга гэдэг бол иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг хүн юм. Эрчим хүчний сайд цахилгаан, дулааны үнээ нэмнэ гэхэд Хотын дарга бол цалин, тэтгэврээ нэмээгүй байхад цахилгаан, дулааны үнийг нэмэх ёсгүй гэж дуугарч байх ёстой хүн. Тийм учраас Засгийн газрын гишүүн байх ёстой юм.
Баян байлаа гээд хоёр нийслэлтэй улс дэлхийд байхгүй. Цор ганц хотод нийслэлийн үүргийг үүрүүлэлгүй, нэгээс нөгөөд шилжүүлээд явдаг улс орон ч цөөнгүй. Тиймээс энэ хууль бол зөвхөн Улаанбаатарт хамаатай бус. Нийслэлийн чиг үүргийг хүлээж байгаа хотод л хамаатай. Магадгүй Эрдэнэт хот хэзээ нэгэн цагт нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж болно. Тэгэхээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль энэ бүхэнд хөрвөн үйлчлэх чадвартай байх ёстой гэдгийг тодотгоё.
-Хотын ажил, амьдралыг ойлгодог хүн цөөн гэж та яриандаа дурдаж байсан. Одоо ч тийм л байгаа даа.
-Нийслэл хот бол улсдаа аль нэг аж ахуйн нэгж, үйлдвэрээс хувь илүү оролцоотой байдгийг зориуд хэлмээр байна. Хүн амын тал хувь нь аж төрдөг, үйлдвэр аж ахуйн газар, татвар төлөгчдийн олонх нь байршдаг, 382 жилийн түүхтэй хотыг аль нэг үйлдвэртэй, аж ахуйн нэгж, компанитай зүйрлэх аргагүй. Манай урдаа барьдаг эдийн засагчдын нэг М.Лувсанчоймбол гуай Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа “Энэ хотын даргын ажил чинь асар хүнд юм. Дэргэд нь гурван яамны ажлыг өлхөн хийчих юм байна” гэж хэлж байсан удаатай. Ямар ч яамны ажлын 60-аас дээш хувь нь хоттой холбоотой байдаг. Хамаг сор болсон бүхэн Улаанбаатараас эхтэй гэдгийг л онцолъё.
“Өнгөрснийг өнөөдрийн өндөрлөгөөс харж дүгнэх боломжгүй”
-Та Улаанбаатар хотын 25 дахь дарга. Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга гэдэг албан тушаалыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болгон өөрчилснөөс хойш томилогдсон анхны даргын хувьд энэхүү албан тушаал, нэршлийн өөрчлөлтийн талаар ярилцвал сонин болов уу?
-1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, орон нутгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, чиг үүргийг салгасан юм. Түүнээс өмнө иргэдийн хурал, захиргаа хоёр нэг, Хотын дарга хурлаа ч хариуцдаг, хотоо ч хариуцдаг байсан. Улаанбаатар хотын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны дарга гэдэг нэршилтэй байсан. Аймагт ч мөн адил. Шинэ Үндсэн хуулиар хурал, захиргааны чиг үүргийг салгасан. Хурал бол хэвтээ тогтолцоогоор өөрөө удирдах ёсны дагуу үйл ажиллагаа явуулна, Нийслэлийн иргэдийн хурал /НИТХ/ нь дүүргийн Иргэдийн хурал /ДИТХ/-ыг удирдахгүй, дотоод асуудалд оролцохгүй, шат шатны хурлын байгууллагууд бие дааж ажиллана. НИТХ-ын төлөөлөгчид иргэдээс сонгогддог. Харин хотын захиргаа төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, НИТХ-аас нэр дэвшүүлсэн Хотын даргыг Ерөнхий сайд батламжилдаг тогтолцоонд шилжсэн. Энэ хоёрын хослол дээр орон нутгийн удирдлага үйл ажиллагаа явуулдаг шинэ тогтолцоо 1992 оноос хэрэгжсэн бөгөөд энэ утгаараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан тушаалын хувьд анхдагч нь би байдаг юм.
-Хууль, эрх зүйн хувьд шинэчлэл өөрчлөлтийн эхэнд, нийгэм, эдийн засгийн хувьд шилжилтийн цаг үед та Хотын даргаар томилогдон ажиллажээ. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт нийгмээс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан тухайн цаг үед хотыг удирдахад тулгамдсан асуудал юу байв. Хот хэдий хэрийн хүн амтай байсан бол?
-Тухайн үед Улаанбаатар хот 700 мянга орчим хүн амтай байсан. Улаанбаатар хотын худалдаа, нийтийн хоол, барилгын салбарыг бүрэн хувьчилсан, улсын үйлдвэрийн газрууд хувьчлалаас болж тарж бутарчихсан хүндхэн үе байлаа. Аж үйлдвэрийн комбинат л гэхэд 10 мянга гаруй ажилтантай, эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 24 цагаар ажилладаг маш том үйлдвэр байсан. Гэтэл хувьчлагдаад тарсан. Зах зээлийн эдийн засгийн эхлэл суурь тавигдаж, хувийн хэвшил дөнгөж үүсээд, бэхжиж амжаагүй байсан үе. Хамгийн тулгамдсан асуудал бол хүнсний барааны хомсдол. Дэлгүүрийн лангуунд хөх давс, гоймон хоёроос өөр юмгүй, картын барааны үе гэж хүмүүс ярьдаг. Тэр бол үнэн. Хүн амын хүнсний гол нэрийн барааг талоноор олгодог тийм л үе байлаа. Тэрхүү бэрхшээлээс гарах үүднээс Улаанбаатар хотод анх хүнсний захуудыг бий болгосон. Найман зах нээсэн нь хүнсний барааны нэр төрлийг олшруулж, үнийг тогтворжуулах ач холбогдолтойн дээр ажилгүй болсон олон хүнийг ажлын байртай болгосон. Хүнс, барааны дэлгүүрүүд хувьчлагдангуут хувь хүмүүс хорогдол ихтэй хүнсний барааг худалдаалахаас цааргалж эхэлсэн. Тиймээс бид өргөн хэрэглээний найман нэрийн дэлгүүр гэгчийг санаачилж, өдөр тутам заавал худалдах хүнсийг зүйлчлэн зааж, тэдгээрийг зарж буй тохиолдолд зөвшөөрөл өгөхөөр тогтсон юм. Энэ шаардлагын дагуу анх найман нэрийн дэлгүүр нээгдсэн хэрэг.
-Зах, дэлгүүр төдийгүй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ч тэр үед нээгдсэн санагдана?
-Тухайн үед хүмүүс гар дээрээс наймаа хийдэг байлаа. Ялангуяа хүнсний барааг гар дээрээс худалдаалах нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Бүр болиулах гэхээр хэсэг хүмүүс ч атугай амьжиргаагаа залгуулах шаардлагатай тулгарсан. Тийм учраас зарим газарт ТҮЦ байгуулсан. ТҮЦ байгуулснаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн зарлаа гэхэд хариуцлага тооцох эзэнтэй болж байгаа юм. Хүмүүсийн эдийн засгийн боломж, бололцоо ТҮЦ байгуулах хэмжээнд л байсан даа. Үүнээс үүдэн хэлэхэд, өнгөрсөн үеийг ярих, дүгнэхдээ гурван зүйлд анхаарах ёстой. Өнгөрснийг өнөөдрийн өндөрлөгөөс харж дүгнэх боломжгүй. Тиймээс нэгдүгээрт, нийтийн чиг хандлага ямар байв, хоёрдугаарт, нийгмийн гишүүд ард иргэдийн хүсэл эрмэлзэл, сонирхол юу руу чиглэж байв, гуравдугаарт, тэр үед үйлчилж байсан хууль нь ямар байв гэдгийг харж, өнгөрснөө үнэлж, дүгнэх хэрэгтэй. Эс тэгвээс учир дутагдалтай.
-Нийслэл хотын нийтийн тээврийн асуудал тухайн үед ч хүндхэн байсан гэдэг.
-Тэгэлгүй яах вэ. Нийтийн тээвэр хувьчлагдчихсан. Чех Улсаас оруулж ирсэн гурван хаалгатай улаан алаг карасо автобуснууд хуучирсан, парк шинэчлэх шаардлагатай байсан. Хувьдаа машинтай хүн маш ховор учир Улаанбаатар хотын иргэд нийтийн тээврээр л зорчдог байлаа. Өдөрт 200-300 мянган хүн автобусаар зорчдог байв. Тиймээс Япон, Солонгос Улсаас автобус оруулж ирж парк шинэчилж байсан. Шинэ автобус оруулж ирэх гэж их зам туулсан, зарим хэвлэлд шүүмжлүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан хотын удирдлагууд, ажилтан, албан хаагчид бол ард түмэн, улс орныхоо төлөө ар гэрээ зөнд нь хаячихаад зүтгэдэг тийм л хүмүүс байсан даа. Бидний хүмүүжил ч тийм л байлаа.
-Хотын эдийн засаг ямархуу байсан бол?
-Маш тодорхой шүү дээ. Төсөв мөнгө одоогийнхтой бол зүйрлэх юм биш. Зээл, тусламж ч элбэг биш. Дээрээс нь зээлээс эмээдэг байв шүү дээ. Би одоо ч зээлийг сайшаадаггүй. Хот жоохон хөрөнгө мөнгө олохоор Сангийн яам төвлөрүүлээд авчихдаг. Тэгсэн хэрнээ хот гэрэлгүй байна, хогтой байна гээд шүүмжлэх нь их. Бүгдийг хот руу нялзааж ярьдаг байлаа.
-Хангарди бол Богд уулын шүтээн учир Улаанбаатар хотын сүлд болгосон-
–Нийслэл хотын түүхийг 1639 оноос буюу үндэс угсаанаас нь хөөн тэмдэглэх шийдвэрийг та санаачилж байжээ. Ингэж шийдэх болсны учир юу вэ?
-1924 онд анхдугаар Үндсэн хууль баталж, нийслэл хотыг Улаанбаатар гэж нэрлэсэн үеэс хотын түүхийг тэмдэглэж байсан. 1994 онд хот байгуулагдсаны 70 жилийн ой тохиох байв. Тэрхүү ойн өмнө нийслэл хотын түүхийг тэртээх 1639 онд байгуулагдсан үеэс түүчээлэн тоолох ёстой гэсэн саналыг дэвшүүлж батлуулан, нийслэлийн 355 жилийн ойг анх тэмдэглэж байсан юм. Учир нь Улаанбаатар бол Нийслэл хүрээг өөрчилж шинэчлэн өгсөн нэр. Нэр өөрчлөгдөх бүрд түүх өөрчлөгдөх учиргүй гэж үзсэн юм л даа. Тэгээд хотын захиргааныхан маань хотынхоо уг түүхийг судалсан. Судлаад үзэхээр нийслэл хот анх 1639 онд Өргөө нэртэйгээр шаваа тавьсан. Өргөө хот маань нэрээ хэд хэдэн удаа сольж, бууриа ч хэд сэлгэж. Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар гэж таван удаа нэрээ сольсон байна. Тиймээс анх байгуулагдсан үеэс түүхээ тоолъё гэдэг санаачилга гаргаж, нийслэл хот анх үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойг тэмдэглэх саналыг Засгийн газарт гаргаж, батлуулан тэмдэглэсэн. Хүнээр бол Хөвсгөлд төрсөн хүн Архангай, Өвөрхангайд нүүж суурьших бүрээр нас болоод уугуул нутгаа тоолдоггүй, Хөвсгөлийн уугуул тэдэн настай хүн л гэдэг биз дээ. Үүнтэй адилтгасан хэрэг. Ой тэмдэглэнэ гэдэг бол баяр ёслол гэхээсээ илүү гадаад, дотоодод хотынхоо нэр хүндийг өсгөх, ажил амьдралыг ойлгуулах, бүтээн байгуулалтад хотын иргэдийг дуудах зорилготой байх юм.
-Нийслэл хотын түүхийг анх байгуулагдсан үеэс бататгаад зогсоогүй та нийслэлийн хилийн цэсийг шинэчлэн тогтоож, хотын сүлд, сүлдэт туг бий болгож, нийслэлийн өдрийг товлож байжээ.
-Яг анхны санаа бол Дэлхийн нийслэл хотуудын дарга нарын уулзалтаас төрсөн. Энэхүү уулзалтад би гурван удаа оролцсон байдаг юм. Уулзалт бүр дээр дэлхийн нийслэл хотуудын танилцуулгаар ном бэлтгэн тараадаг. Уг номд нийслэл хотууд урт удаан түүхтэй байхын дээр хотынхоо нутаг дэвсгэрийн зургийг, туг, сүлдээ тавьж, Хотын дарга нар нь хүзүүндээ гэрэгэ зүүчихсэн сүртэй зураг нийтлүүлснээс санаа авсан юм. Тэгээд юун түрүүн хуультай болгохыг зорьсон. 355 жилийн ойгоо тэмдэглэж буй нийслэл хот Үндсэн хуульд заасанчлан хуультай байх ёстой гэж үзээд, УИХ-д Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг өргөн барихдаа нийслэлийнхээ нутаг дэвсгэрийг баталгаажуулсан онцлогтой. Ингэхдээ Төв аймгийн нутагт байсан Зөвлөлтийн цэргийн ангийн байршиж байсан нутаг, одоогийн Жаргалант буюу Партизаны сангийн аж ахуйн нутаг зэрэг алсын дүүргийн нутгийг Улаанбаатар хотын нутагт тооцуулан авч батлуулсан юм шүү дээ. Тухайн үедээ маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан даа. Уг нь би өөрөө Төв аймгийн хүн шүү дээ. Гэсэн хэдий ч Налайх, Багануур, Багахангай зэрэг алсын дүүргийн иргэд нь Улаанбаатарынх, газар нутаг нь Төв аймгийнх байж болохгүй, Үндсэн хуулийн зөрчил байна гэж зүтгэсээр газар нутгийг тэлж чадсан. Нөгөөтээгүүр, Налайх, Багануур, Багахангай зэрэг алсын дүүргийн хувьд дагуул хот, тосгон гэвэл нь нутаг дэвсгэртэй байх боломжгүй, дүүрэг бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж учир өөрийн гэсэн газар нутагтай байх боломж бүрдсэн гэсэн үг. Багануурыг хот болгожээ гэхэд нутаг дэвсгэр дэх хот болохоос өөрийн гэсэн нутаг дэвсгэргүй үлдэх байсан. Хоёрдугаарт, дүүрэг гэснээр нутгийн захиргааны байгууллага буюу ДИТХ-тай байгаа юм.
-Хангардийг хотын сүлд болгосон нь ямар учиртай вэ. Могой атгачихсан, догшин дүртэй домгийн шувууг сүлд болгосон нь буруу гэж шүүмжлэх нь бий. Утга бэлгэдэл талаас нь тайлбарлаж өгнө үү?
-Биднийг сүлд болгон дээдлэхээс ч өмнө 1950 онд Бямбын Ринчен гуай “Үнэн” сонинд нийслэл Улаанбаатар хотын сүлд бол Хангарди гэж бичсэн нь бий. Богд уулын шүтээн нь Хангарди төдийгүй дээрээс нь харвал Хангардийн дүрстэй гэдэг юм билээ. Дээр нь нийслэлийн төв хэвлэл Улаанбаатар сонины лого нь Хангардийн дүрстэй байдаг байсан. Энэ бүхнээс үүдэн Хангардийг сүлд болгон дээдэлсэн. Хувь хүнийхээ хувьд би дуртай байгаагүй. Яагаад гэвэл, аливаа хотын сүлд агуулга сайтай, хийж хэвлэхэд хялбар байх ёстой гэж үзэж байсан. Гэвч НИТХ-аар хэлэлцэж баталсан. Зургийг зураач Р.Лхамсүрэн зурсан юм. Анхны зургаар соёмбо тэмдэг хангардийн гэдсэн дээрээ, сарвуун дахь могой нь амандаа зуулттай байсан. НИТХ-ын төлөөлөгчид соёмбыг магнайд нь байршуулж, могойг сарвуунд нь байлгая гээд хотынхоо түлхүүр, бадамлянхуа цэцэг хоёрыг гарт нь атгуулж, хүзүүн дэх эрхийг бэлгэдлийн тоо бүхий 13 ширхэгтэй байхаар баталсан. Хотынхоо сүлд, тугийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульдаа оруулж баталгаажуулснаар өнөөг хүртэл уламжлагдан ирсэн юм.
-Нийслэлийн хүндэт иргэн гэдэг хүндтэй цолыг та санаачилсан. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нараас эхлээд отгон шагналыг Олимпын аварга Э.Содномпилжээ хүртжээ. Нийтдээ 21 хүнд өгөөд буй энэхүү шагналын нэгийг 2011 онд танд өгсөн байдаг?
-Нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад хүндтэй гавьяа байгуулж, олон жил үр бүтээлтэй ажилласан хүн Нийслэлийн хүндэт иргэн болно гэж Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байгаа. Зарим хүн Нийслэлийн хүндэт тэмдэгтэй андуурдаг тал бий. Хүндэт иргэн бол том шагнал. Нийслэл хотын ажил, амьдралыг ойлгодог хүн цөөн. Тэнд хогтой, энд гэрэлгүй байна гэхээс биш, хийж бүтээж, болгож, болж байгааг харах нь ховор. Бүтээгээд өгснийг эзний ёсоор эзэмшдэггүй. Дээрээс нь нийслэлийн бүтээн байгуулалтад ажиллаж буй хүмүүс үнэлэгддэггүй. Яам, газрууд, хөдөө орон нутаг, аймаг, суманд ажиллаж буй хүмүүс төрийн одон шагнал хүртэх нь олон. Хотын хог шороотой ноцолдсон хүмүүс хоцорч үлдээд байдаг. Ганц жишээ дурдъя. Нийслэл хотын 355 жилийн ойгоор хотын харьяа газар, алба агентлагуудаас ердөө наймхан хүн л төрийн одон медалиар шагнуулж байсан гээд бод доо. Тиймээс хотын төлөө зүтгэж буй хүмүүстээ урам өгье гэж бодсон хэрэг. Би өөрөө 2011 онд 11 дэх Нийслэлийн хүндэт иргэн болсон. Нийслэл хотын хөгжлийн төлөө 30-аад жил зүтгэсэн хүний хувьд баярлаж байлаа. Нийслэлийн хүндэт иргэн шагналын эхний хоёрыг нь Улаанбаатар хотын даргаар үр бүтээлтэй 12 жил ажилласан С.Мөнхжаргал, хотын хөгжлийн төлөө 21 жил зүтгэл гарган ажиллаж, Улаанбаатар хотын гурван удаагийн ерөнхий төлөвлөгөөг зохиосон, нийслэлийн МАХН-ын хорооны дарга Б.Алтангэрэл нарыг шагнаж байсан юм. Түүнчлэн ам нээсэн дээрээ хэлэхэд, олимп, тивд нэрээ гаргасан баахан тамирчид, хөгжмийн зохиолчдыг Нийслэлийн хүндэт иргэн болгосон нь хуульдаа бол нийцэхгүй л байгаа юм. Хуульд зааснаар нийслэл хотын бүтээн байгуулалтад оролцсон, хотын төлөө зүтгэсэн хүнд очих ёстой. Үүнийг цаашид анхаарах л ёстой юм. Аливаа шагналыг өгөхгүй хүнд өгснөөс нэр хүнд нь буурч, ач холбогдол алдагддаг тал бий шүү.