Хурган дарга нарын халаасыг түнтийлгэсэн үзэгчгүй наадмууд

Коронавирусны халдвар бүртгэгдээгүй байхад хилээ хааж, хөл хорьж сүржигнэсэн бид халдварын тархалт нийт нутгаар тархсаны дараа хамаг биеэ сул тавив. Хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг гэх мэтчилэн элдэв сүржигнэлээ ор тас мартаад “Үзэгчгүй” гэх тодотголтой наадмаар бөмбөгдөв. Наадам л бол наадам. Үзэгчтэй ч, үзэгчгүй ч хүний бөөгнөрөл үүсэх нь жам. Харин үзэгчтэй наадмаас ялгаатай нь зөвшөөрөл сэлт олгодог орон нутгийн хурган дарга нарын халаас овоохон зузаарсан тухай хүмүүс ам уралдан ярьцгааж байна.

Хурган ч бай, хуцан ч бай дарга л юм хойно дошин дээрээ бол баавар. Наадмын мандат, нэвтрэх эрх, хоолны зөвшөөрөл гэх мэт дээр өөрийнхөө “том”-ыг батлах боломж нь үзэгчгүй наадам байлаа. Бөхийн барилдааны бүртгэл хүртэл хурган даргын үзэмжээр шийдэгдсэн гэх маргаан, гомдол цахим ертөнцөд тасралтгүй хөвж байна. Дээрээс нь нэмээд хурдан морины бүртгэл ч бас бөөн маапаан. Үзэгчгүй наадам хийсэн аймгуудын Засаг дарга, тэдний орлогч, Тамгын газрын дарга нарын хамаатнууд хуугаараа уяач гэсэн мандат авчээ.

Хурган дарга нарынх нь хавь ойрынхон бүгдээрээ хурдан морь уядаг байсныг уаячид өөрсдөө гайхаж толгой сэгсэрцгээжээ. Хамгийн онцгүй нь жинхэнэ уяачид цаашаа, хулхи уяачид наашаа гэх зарчим үйлчилсэнд тэд гомдолтой буцацгаасан гэнэ лээ. Морь уях нь байтугай адууны нуруун дээр гарч үзээгүй шахуу нөхөд үзэгчгүй наадмын үзэгч байхын тулд ингэж дураар дургиж байхад гомдох байтугай ар аврийн хаалгыг нь илрүүлж, авлига өгсөн авсныг нь тогтоолгох учиртай.

Улсын онцгой комисс чинь коронагүй үед баахан сүржигнэчихээд халдвар тархаад, хүн үхээд эхлэхээр таг дуугүй суучихдаг газар бололтой. Аймгуудын онцгой байдлын газрын дарга нар гэж ёстой онцгүй хүмүүс болсон байна. Цар тахлаар далимдуулж бүхнийг чөлөө зөвшөөрлийн сүлжээ рүү оруулчихаад хүний зовлон дээр зовлон болж суудаг махан толгойтууд олширчээ. Алгын чинээ цаасыг авлигаар гаргадаг гэх хэргүүд хууль хяналтынхны анхааралд ороод удлаа. Үзэгчгүй гэх наадмын үеэр онцгой байдлын онцгүй дарга нар үзэгч хийгээд явж байсан баримтууд ар араасаа хөвөрч л байна.

Жирийн иргэд хуушуур заръя гэхэд зөвшөөрөл олдохгүй тул хулгайгаар нүд хариулна. Жирийн уяачид морио уралдуулъя гэхэд хулхи уяачид хэдэн зуугаараа мандат халаасална. Жирийн бөхчүүд барилдъя гэхэд нутаг усаар нь ялгаварлана, даргын нэр дээрээс босдог эсэхээр нь ангилна, хавчина. Үзэгчгүй наадам гэдэг бол үнэндээ дарга нарт зориулсан үнэ өндөртэй цэнгэл л юм байна. Ард түмнээ цэнгүүлсэн гэж ард нь шогтдогоо харин болиорой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...