Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс “Таны төлсөн татвар тахлыг давах дэм” уриан дор 22 дахь удаагаа 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулна.
Уг арга хэмжээ нь татвар төлөгчдөд талархах, шилдэг татвар төлөгч аж ахуй нэгж, хувь хүнийг шалгаруулан алдаршуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутан, татвар төлөгчдийн дунд тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулж, хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой юм. Энэ жилийн Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдана. Үүнд:
1.Сургалтын өдөр: Энэ удаагийн Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд ирээдүйн татвар төлөгчдийн татварын тухай мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийн сэдэвт тохирсон цахим хичээлийг бэлтгэн сурагчдад цахимаар заана. Мөн татварын албаны шинэчлэлийн хүрээн дэх сегментийн бодлогын дагуу бичил, жижиг сегментийн татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан цахим сургалтыг зохион байгуулна.
2.Тэмцээн, уралдааны өдөр: 2021 оны 04 дүгээр сарын 09-нөөс 30-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын сурагчдын дунд “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” уриан дор гар зургийн уралдаан, өсвөр үе оюутан залуусын дунд тик ток уралдааныг тус тус зохион байгуулсан. Уралдаанаас шалгарсан оролцогчдыг алдаршуулан, шалгарсан шилдэг контентийг цахим сүлжээнд түгээж, гарын бэлгийг хүргүүлнэ.
3.Татвар төлөгчөө сонсъё өдөр: 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн татварын багц хуулийн хэрэгжилтийн явцад хуулийг хэрэгжүүлэхдээ холбоотой гарсан хүндрэл, бэрхшээл, ойлголтын зөрүүг тодруулах зорилгоор “Татвар төлөгчөө сонсъё” цахим хэлэлцүүлгийг ММНБИ, ТМЗН-тэй хамтран аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогч нартай фэйсбүүк, клабхаус сошиал сайтуудаар дамжуулан өдөр бүр цахим уулзалтыг зохион байгуулж, тус хэлэлцүүлгээс гарсан санаа бодлыг нэгтгэж ажиллана.
4.Талархлын өдөр: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг алдаршуулах зорилгоор Татварын ерөнхий газраас шалгаруулсан “Шилдэг татвар төлөгч” 20 аж ахуй нэгж, “Шилдэг татвар төлөгч” 10 иргэн, “Хамгийн их татвар төлсөн” 10 аж ахуй нэгж, “Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч” 10 аж ахуй нэгж, “Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч” 10 аж ахуй нэгжийг хэлтсийн фэйсбүүк пэйж хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр нийтэлж алдаршуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн зүгээс бэлтгэл ажил хангагдсан байгаа тул татвар төлөгч та бүхнийг “Татвар төлөгчдийн өдрүүдэд” идэвхтэй оролцохыг уриалж байна.