Прокурор М.Чинбат, Д.Энхтөр нар ангийн найз Д.Янжинхорлоогийн хэрэг дээр “хонгилдов уу”

Шударга бусын хонгилоор оруулдаг хуулийн байгууллагынхантай тэмцэх Ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурор өөр дээрээ байгуулж, хохирсон иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Уг ажлын хэсэг нь хуулийн ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авах юм байна.  Үүнтэй холбогдож болохуйц нэгэн хэргийн талаар бичье.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 давхар үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй эзнийг нь мэдээгүй байхад шинээр дахин гэрчилгээ гаргуулж бусдын өмч хөрөнгийг нэр дээрээ авсан, мөн бусдын гарын үсгийг өмнөөс нь хуурамчаар зурж өмч хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн гэх хоёр хэрэг он жил дамнан хууль хяналтын байгууллагаар шалгагдсан байна.

Энэ хэрэгт МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь бусдын өмч хөрөнгө завшсан байж болзошгүй гэх гомдлоор шалгагдсан. Түүний хэрэгт ангийн анд найз нөхөд нь хэрхэн оролцоотой ажилласныг баримтаар хүргэе.

ПРОКУРОРЫН СҮЛЖЭЭ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ

Д.Энхтөр
Д.Энхтөр

Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр:

Д.Энхтөр нь Сүхбаатар дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байв. Тэрээр ангийн анд найз болох Д.Янжинхорлоогийн нэр холбогдсон бусдын өмч хөрөнгө завшсан гэх гомдол бүхий  хэрэгт харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурорын даргын хувиар хамааралтай хүний нэг байв.

МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь бусдын өмч хөрөнгө болох 6 давхрын обьектийн гуравдугаар давхрыг эзэмшигч иргэн О-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн үл хөдлөх хөрөнгийг авсан, тус 6 давхрын эзэмшигч 1, 4, 5, 6 давхруудын өмчлөгч Л-ийн нэр дээрх өмчлөлийн гэрчилгээг хаясан гэж хуурамч зар гарган дахин шинээр гэрчилгээ гаргуулан өөрийн нэр дээр болгосон гэх хэргээр тус тус шалгагдсан. Хэрэгт холбогдогч тал болох Д.Янжинхорлоо, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын дарга Д.Энхтөр нар нэг ангийн найзууд. 1995 онд МУИС-ийг Хууль эрх зүйн сургуулийг нэг ангид хамт суралцаж төгссөн. Хохирогч тал хэргээ шийдүүлэхээр санал гомдлоо дүүргийн ерөнхий прокурорт хандахад нь Д.Энхтөр өөрийн орлогч М.Хүдэрцэцэгээр зориуд гаргуулсан уу.  Д.Энхтөрийн дор ажиллах орлогчийн шийдвэр гаргалтад ерөнхий прокурор нь хянах эрх мэдэл бүхий албан тушаалтны хувьд хариу шийдвэрийг мэдэж байх учиртай.

Д.Янжинхорлоо нь өөрийн шалгагдаж буй хэрэг дээр ангийн анд найз Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Д.Энхтөрөөсөө тусламж хүссэн үү үгүй юу гэх хариултыг уншигч танд үлдээе.

И.Хүдэрцэцэг
И.Хүдэрцэцэг

Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга И.Хүдэрцэцэг:

И.Хүдэрцэцэг нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байв. СБД-ийн Прокурорын газрын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх И.Хүдэрцэцэгийн 2019 оны 11.29-ний өдрийн 5/1222 тоот хариу мэдэгдэх хуудаст “Хэргийг хянахад 2009 оны 10.16-ны өдрийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэлд зурагдсан О-гийн гарын үсгийн бичгийн хэв загваруудтай тохирохгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэсэн утга бүхий хариуг хохирогч талд өгчээ.

Хүний өмч хөрөнгийг эзнийг нь мэдээгүй байхад гарын үсгийг нь хуурамчаар зуран үл хөдлөх хөрөнгийг нь авчихсан залилангийн шинжтэй гэмт үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаачихаж байгаа нь хэр зохистой вэ? Бодит байдал дээр хохирогч тал болох О нь өөрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр өөрийнх нь өмнөөс хуурамч гарын үсэг зураад луйварчихсан гэдгийг хожим хойно мэдэн цагдаад гомдол гаргасан байдаг.

Улайм цайм хуурамч гарын үсгээр бусдын өмч хөрөнгийг завшсан байх магадлал бүхий хэргийг прокурорууд юутай ч хаах шийдвэрийг гаргаж. Бусдын өмч хөрөнгийг завшсан хэргээр шалгагдаж буй Д.Янжинхорлоо нь өөрөө хуульч, хуулийн гаргалгааг тооцон хугацаа хожсоны дараагаар Иргэний хэргийн шүүхэд  хандан эзэнд нь мэдэгдэж байр өмч, хөрөнгө суллаж өг гэж шахаж шаардахаа бас мэдэхтэйгээ нэгэн бололтой.

Д.Янжинхорлоогийн үйлдсэн хуурамч гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1951 тоот дүгнэлтээр “О-гийн гэх гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна” гэдэг нь тогтоогдсон. Гэтэл прокурорын байгууллагаас үзэхдээ “Хуурамч бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хаасан байдаг.

Т.Жавхлантөгс
Т.Жавхлантөгс

Сүхбаатар дүүргийн прокурор Т.Жавхлантөгс:

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 давхар үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн маргаантай хэрэг дээр хэргийн хуваарилалтын дагуу Сүхбаатар дүүргийн прокурор Т.Жавхлантөгс ажилласан. Тэрээр хуурамч гарын үсгээр бусдын өмч хөрөнгө завшсан болон  сейфэнд байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хаясан гэж сонинд зар өгч хүчингүй болгуулаад үл хөдлөх хөрөнгийн эрхин бүртгэлийн газраас хууль бусаар дахин шинээр гэрчилгээ гаргуулан өөрийн нэр дээр шилжүүлж авсан залилангийн шинжтэй байж болзошгүй Д.Янжинхорлоогийн хэрэг дээр анх цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байна үзэж байсныг нь хүлээн зөвшөөрөөгүй буюу улмаар хэрэг бүртгэлийн ажиллагааг хаасан шийдвэр гаргасан прокурор. Т.Жавхлантөгсөд   хуурамч гарын үсэг зурж бусдын өмчийг авсан хэргийг хаах үндэслэл гаргахгүй байх хуулийн гаргалгаа бас байсан уу

Дүүргийн прокурор Т.Жавхлантөгсийн шууд хамаарал бүхий дарга нь  болох Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Д.Энхтөр Д.Янжинхорлоогийн нэг анги төгссөн анд найз нь.

Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор З.Энхжаргал:

Прокурор Т.Жавхлантөгс хэргийг нэгэнт хаасан тул хохирогч тал ч  гомдол гаргасан учир дахин шалгагдахаар болж З.Энхжаргал прокурор дээр энэ хэрэг шилжин хуваарилагдав. З.Энхжаргал мөн л хэргийг хаах шийдвэрийг гаргав. Уг нь энэ хэргийг анх цагдаагийн  газраас шалгахдаа эрүүгийн хэрэг үүсгэн Д.Янжинхорлоог шалгах үндэслэл байна гэж үзэж байсан удаатай. Дахин сануулахад Д.Янжинхорлоо нь хуульч болох гэсэн мянга мянган шавь бэлтгэдэг, хуулийн салбартаа танил тал сүлжээтэй нэгэн.

М.Чинбат
М.Чинбат

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат:

Д.Янжинхорлоогийн бас нэг ангижав нь Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат. Тэр ангийнхаа найзын хэрэгт хууль зөрчин байж шийдвэр тогтоол гаргасан уу. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат 2021 оны 02.09-ний өдрийн № 1/368 тоотоор “Д.Янжинхорлоогийн үйлдэл нь өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх, хасах хэлцлээс үүссэн Иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдэх асуудал, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн  прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна” гэсэн шийдвэр гаргажээ.

Хуулиараа ангийн найз нөхөд гэх мэт ойр дотны хамаарал бүхий хүний хэрэгт шийдвэр гаргах нь хориотой. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар “Тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажилллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ. Харин тухайн албан тушаалтан уг нөхцөлд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага албан тушаалтанд хүргүүлнэ гэж заасан. Ингэж хуулиараа хориотой байсаар байтал УЕП-ын орлогч М.Чинбат хууль зөрчин ангийн найзын холбогдсон хэргийн шийдвэрийг гаргаж. Тиймээс одоо М.Чинбат прокурорын гаргасан № 1/368  дугаар хариу мэдэгдэх хуудас хүчингүйд тооцогдох уу, үгүй гэх асуудал яригдаж мэдэх нь.

Шударга бус шийдвэр гаргаж бусдыг хохироодог хуулийнхны хонгил илчлэгдсээр байгаа. Саяхан Ц.Буяндорж, дуучин Т.Ариунаа нар авлига нэхэж дарамталсан прокуроруудыг зарлаж өлсгөлөн, суулт зарлаад байсан бол хонгилддог прокуроруудын дараачийн сүлжээг УЕП-ын орлогч М.Чинбат тэргүүлж мэдэх нь.

М.Чинбат тэргүүтэй ангийнхан нэгнийхээ хэрэгт хонгилдов уу? Эсвэл “шударга” ажилласан уу?

Хохирогчдын зүгээс  эдгээр прокуроруудыг шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаад байгаа аж. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хууль зөрчсөн байх магадлал бүхий прокуроруудад хариуцлага хэрхэн тооцохыг нь харж байя. Уг нь Б.Жаргалсайхан прокурор олноо шударга хүн гэгддэг юм билээ.

                                                                                  Б.АНХБАЯР

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу

“Хүчлийн бороо” буюу хүн төрөлхтний хар түүх Тэртээ алсад...

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...