Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.
-Засгийн газар шинээр бүрдэхийн өмнө олон таамаг хөвөрч, нэр дэвшигчид, горилогчид гээд нэрс хөвөрдөг. Тэр дунд Таны нэр огт байгаагүй санагдана. Нууцалсан юмуу, үнэхээр гэнэтийн шийдвэр байсан уу?
-МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга сайдаар томилох саналыг надад гэнэтхэн тавьсан. Би өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байлаа. Үнэнийг хэлэхэд өөрийгөө сайд болно гэж огтхон ч төсөөлөөгүй. Үйл явдал ч их хурдан өрнөсөн.
-Тэгвэл Таныг сайдаар яагаад томилсон гэж бодож байна?
-Дээр дурдсан төрийн байгууллагуудад ажилласан байдал шийдвэр гаргахад нь нөлөөлсөн байх аа.
-Ер нь салбарыг нэвт мэддэг хүн нь удирдсан нь дээр гэж боддог уу. Эсвэл салбарын сайд бодлого тодорхойлж чадах нь чухал уу?
-Тухайн салбарын бодлогыг тодорхойлохын тулд эд, эс бүрийг мэдэрч салбарт ямар өөрчлөлт гаргах вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Энэ залуу бодлого боловсруулж салбарыг аваад явчих болов уу, хөдөө аж ахуйн салбарыг манай улсын хөгжлийн тулгуур салбарын нэг болгоход өөрийн гэсэн өнгө төрхийг гаргаад аваад явчих болов уу гэсэн итгэл байсан байх. Надад өөрт чадна аа гэдэг итгэл бас байсан учраас Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга санал тавихад нь хичээе ээ гэж хэлсэн. Тэгээд намын Удирдах зөвлөлөөр орж дэмжигдсэн.
-Та их сургуулиа төгсөөд удалгүй компанийн захирлаар ажилласан байсан. Ажлын анхны гараагаа хэрхэн эхлэв?
-Би сургуулиа төгсөөд одоогийн “Миний дэлгүүр”-т маркетингийн менежэрээр ажилласан. “Монхангай” ХХК-д хоёр жил орчим ажилласан. Дараа нь Амгалангийн үйлдвэр буюу АНУ руу гадаад зах зээлд бүтээгдэхүүн гаргадаг оёдлын экспортын салбарт гүйцэтгэх захирлаар нэлээн хэдэн жил ажилласан. Яагаад тэнд ажиллах болов гэхээр би оюутан байхдаа тэр үйлдвэрт ажилладаг, товч хаддаг байсан.
-Таны намтрыг харахад их л хурдтайгаар өгссөн юм билээ. Залуу хүн гэхэд яам, төрийн бодлого тодорхойлох газруудад ажилласан байх юм?
-Арван жилийн сургуулиа төгсөөд Ховдоос оюутан болж ирлээ. Эргээд Мянгад сумандаа боловсон хүчин болоод очно оо гэсэн мөрөөдөлтэйгээр хотод анх хөл тавьж байлаа. Залуусын адилаар ажил алба, бизнес эрхэлж ажиллаж байгаад Улаанбаатарт суурьшаад өнөөдрийг хүрчихлээ. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад 2010 оноос орж, үеийн залуучуудтайгаа зэрэгцэн явсан. Намын Бага хурлын гишүүнээр 2010 оноос хойш сонгогдсон байна. Нам, төрийн ажилд оролцож ирсэн зам мөр маань эрх барьж буй намын хувьд хөдөө аж ахуйн салбарт сайдын ажлыг бодлого тодорхойлон хийгээрэй гэсэн төрийн том хариуцлага үүрүүлснийг хариуцлагатайгаар хийхийг зорьж ажиллаж байна.
-Улс төр рүү яагаад орсон юм бэ?
-Тухайн үед үзэл бодлоо л дагасан. МАН-ын хийхийг зорьж буй реформ, өөрчлөлт шинэчлэл, намын дэргэдэх залуучуудын байгууллагын үзэл баримтлалтай санаа нийлсэн хэрэг л дээ.
-Таны хувьд нэлээн хэдэн засгийн үед тодорхой ажил алба хашиж иржээ. Та аль фракцид хамаардаг вэ?
-Фракц гэдэг зүйлийг би өдийг хүртэл мэдрээгүй л дээ. Манай нам мерит зарчим дээр суурилж явж ирсэн. Төрийн ажил албын хувьд өөрийн хариуцсан ажил албаа хариуцлагатай, нэр төртэй сайн хийхийг л зорьдог. Энэ зарчмаараа л явж ирсэн. Өнөөдрийг хүртэл аль нэг фракцийн гишүүн ч юм уу эсвэл тэрний, энэний гэх тодотголгүй явж ирсэн. Ийм хамааралтай байхыг ч хүсдэггүй.
-Таны удирдаж буй салбарын тухай ярилцъя. Энэ салбарт ямар бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна вэ. Мөн өмнөх явж ирсэн бодлогын шинжтэй зүйл дээр үргэлжүүлэх юу байна. Манай улсад төрийн ажлын залгамж муу байдаг болохоор асууж байна л даа….
-Таны ярьж буйтай санал нэг байна. Сүүлийн 30-аад жил Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд яваад ирсэн юм болов уу гэж харагддаг тал бий. Өнгөрсөн онд сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын хөгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг боловсруулж баталсан. Энэ нь Монгол Улс хөгжлийн ямар алсын хараатай байх вэ гэдгээ тодорхойлсон бодлогын сайн баримт бичиг болсон гэж боддог. Салбарт ирээд анзаарсан зүйл бол салбарын дунд ба урт хугацааны хөгжлийн бодлогын тодорхой баримт бичиг байгаагүй. Тийм учраас салбарын дунд хугацааны бодлого боловсруулахаас ажлаа эхэлсэн. Цаашдаа салбараа хааш нь хөгжүүлэх вэ гэдгийг гаргаж ирсэн. Уул уурхай дээр тулгуурласан эдийн засагтай манай улсын солонгоруулах буюу олон тулгуурт эдийн засгийн гол баганын нэг нь
хөдөө аж ахуйн салбар. Бодит байдал дээр хөдөө аж ахуйн салбар халамжийн салбар болчих вий гэсэн болгоомжлол төрөхөөр байна. Татаас нэрийн дор мал аж ахуй, газар тариаланг дэмжиж ирсэн. Энэ нь тухайн цаг үедээ зөв бодлого байсан байж болно. Хэрвээ энэ байдал цааш үргэлжлээд яваад байвал хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн тулгуур байх тэр боломж улам холдоод дараагийн халамжийн салбар болоод хувирчих вий. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд тодорхой хэмжээнд татаасын бодлого байх ёстой ч тухайн бодлогыг хэрэгжүүлэх түвшинд оновчтой байх ёстой. Энэ нь хавтгайрах тийшээ явж байгааг өөрчилж, суурь бодлогоо зөв тавихаас ажлаа эхлүүлье гэж зорьсон.
–Хамгийн эхэнд хийх алхам юу вэ?
-Эхний ээлжинд зорилттой байх ёстой. Хөдөө аж ахуйн салбарыг тулгуур салбар болгохын тулд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ бүрэн хангадаг болох. Нөгөө талдаа экспортоо нэмэгдүүлэх. Монголын хөдөө аж ахуй, газар тарилаланг өрсөлдөх чадвартай олон улсын зах зээлд гаргах боломжийг бий болгох ёстой. Үүнд төвлөрөн ажиллаж байна. Хүнсний гол 8 төрлийн бүтээгдэхүүнээс гэхэд мах, төмс, гурил, ургамлын тосны гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төдийгүй экспортын чиг баримжаатайгаар гадаад зах зээлд гаргах боломжтой. Сүү, өндөг, ногоо, жимсний хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтыг тавина. Боловсруулах үйлдвэр буюу ноос ноолуур, арьс ширийг олон улсын зах зээлд гаргая гэхээр хөрш орны зах зээлийг давах шаардлага тулгарч байна. Ингэж байж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, чанарыг ярих юм. Энэ зорилтыг эхний ээлжинд гол бодлого болгож ажиллаж байна.
-УИХ-аас ургамлын тос, малын тэжээл, хүнсний улаан буудай, бүх төрлийн будааны импортын гаалийн татвараас чөлөөлснийг зарим аж ахуйн нэгжүүдийн лобби явчихлаа гэж гишүүд шүүмжилж байсан. Яагаад заавал энэ бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлсөн юм бэ?
-Ургамлын тосны хувьд ярихад Монголд боловсруулах үйлдвэр баригдчихсан байна. Жилдээ 20 орчим мянган тонн ургамлын тосны хэрэглээ дотоодын зах зээлд байдаг. Үүнийг импортоор авч байна. Манай улсад дотоодын зах зээлээ хангаад улмаар экспортод гаргах үйлдвэр баригдчихсан байгаа учраас бодлогоор дэмжих ёстой. Энэ хүрээндээ тухайн төрлийн бүтээгдэхүүний түүхий эдийг татвараас чөлөөлөхөөс гадна ковидын үед ургамлын тосны НӨАТ-ыг чөлөөлсөн юм. Дотоодын зах зээлд хямд үнээр борлуулалт хийх боломжийг бүрдүүлэх үүднээс хуулийн төсөл өргөн барьсан нь дэмжигдэж батлагдсан. Бид цаашдаа хар рапс буюу ургамлын түүхий эдийг бодлогоор дэмжиж байж дотоодын зах зээлээ ургамлын тосоор хангана.
-Хөл хориотой холбоотойгоор хүнсний нөөцийн асуудал ид яригдаж байна. Яамнаас нөөц хангалттай бий гэж мэдэгдэж буй ч гурилын хувьд их хэмжээний нөөц байхгүй. Хурааж авсан тариа бол бий гэж “Алтан Тариа”-н захирал П.Цэнгүүн хэлсэн байсан?
-Бүх нийтийн бэлэн байдал зарлагдсан ковидын үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний хангамж, нөөцийг хариуцах үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын тухай хуулиараа ч тэр Хүнсний аюулгүй байдлын зөвлөл болон 21 аймгийн төлөөлөлтэй хамтран ажиллаж байна. Бэлэн байдлын үед хүнсний тал дээр авах арга хэмжээний төлөвлөгөөг гурван шатлалтайгаар гаргасан. Хүнсний хэрэгцээний хоёр сарын нөөц байгаа гэж буй нь хоёр сар болоод дуусчих биш, хоёр сар тутам энэ нөөцөө бэлдээд явна. Цар тахлын үед Монгол Улс хүнсний хомсдолд орсонгүй. Үүний ард олон хүний хөдөлмөр зүтгэл байдгийг хэлэх, талархах ёстой. Харин энэ жил тариалан дээр дотоодын ургацаа тодорхой хэмжээгээр алдсан жил болсон.
-Энэ юунаас болов. Хөл хорионы үед гаднаас импортын гурил будаа орж ирэхгүй байх нөхцөл байдал үүсчих эрсдэл бий юү?
-Монгол Улс буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангадаг гэдэг ч жил болгон ургацаа тодорхой хэмжээгээр алдаж ирсэн байдаг. Атрын III аяны хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангаж байсан зурвас үе бий. Жилдээ дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний талбайд тарьдаг боловч ургац хураалт дээрээ алддаг. Энэ нь хөрс, бордоо, цаг уур, усжуулалт, үрийн чанар гэх мэт олон шалтгаанаас болдог. Тариалан эрхлэлтийг дэмжих сан тодорхой хэмжээнд тариаланчдаа дэмжих нь зөв ч татаасыг аль болох багасгах, тариаланчдыг сангаар дамжуулан дэмжих бодлогыг өөрчлөх шаардлагатай гэж харсан.
-Тариаланчид дургүйцэхгүй юу?
-Бодит нөхцөл байдлаа зөв үнэлэх ёстой. Цаашид тариаланчдад сангаар дамжуулж урамшуулал олгох шаардлагагүй гэж үзэж байна. Дайралт, шүүмжлэлээс айгаад хөдөө аж ахуйн салбарыг унагамааргүй байна. Өнөөдөр яг үнэндээ бизнесийн байдалтай болчихож. Гурилын үйлдвэрт тушаасан буудайнд олгодог урамшууллын тогтолцоо өнөөдөр хэвээр байх уу гэдэг дээр бодох хэрэгтэй. Нөгөө талдаа сан маань тоног төхөрөөмжөө зардаг, бордоо нийлүүлдэг бизнесийн байгууллага болоод хувирчихсан байхад Засгийн газрын тусгай сангаас дэмжлэг хүртээд явдаг. Энэ нь өөрөө тариаланчидтайгаа зэрэгцээд явдаг болчихсон. Өөрчлөх ёстой. Хэрвээ тийм бол аж ахуйн тооцоотой үйлдвэр болгоё гэж байгаа. Аж ахуйн ажлаа хийж татвараа төлөөд яв гэсэн зарчмаар явахгүй бол байдал улам дордоно. Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдрийн байдлаар 350 орчим тэрбум төгрөгийн активтай. Эргэлтийн хөрөнгө нь 30 орчим тэрбум төгрөг. Бусад нь хугацаа хэтэрсэн буюу найдваргүй зээл байна. Энэ тооноос харахад сангийн үйл ажиллагаа буруу явж байна гэдэг нь харагдана. Төр 350 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж өгч байгаагийн 300 орчим нь найдваргүй болчихож байгаа нь сангийн үйл ажиллагаа буруу байна гэдгийг харуулна. Үүнийг өөрчлөх ёстой гэж харж байна.
-Атрын IV аяныг хэрхэн хэрэгжүүлэх юм бэ?
-Атрын IV аяныг газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, малын гаралтай түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. Үүнийг дагасан хөдөө аж ахуйн тээвэр борлуулалтын ложистик сүлжээ, биржийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тусгасан. Ийм 4 хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Тариаланчид, ногоочдод тарих боломж нь байна, худалдан авагч нь байна. Хадгалах тээвэр ложистик агуулахын сүлжээ байхгүй. Саалиа бэлдэхээр саваа бэлдэх ёстой. Бид бодлогын хүрээнд ногоо тарих боломжийг бүрдүүлж өгнө. Төрийн бодлогоор хүнсний ногооны агуулахын сүлжээг бий болгоё. Газар тариалангийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв, Булган аймаг, орон нутагт сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэвэл жилийн 4 улиралд дотоодын бүтээгдэхүүнээр хангах, импортын бүтээгдэхүүнээс хараат бус болно. Атрын IV аяны хүрээнд усалгаатай газар тариалан хөгжүүлье гэж төлөвлөж байна. Дархан, Сэлэнгэ, Орхоны сав газар, хөрсний бүтэц сайтай. Усжуулалттай газар тариалан хөгжүүлж, 3 сая хүний хэрэглээг бий болгоно. Гэтэл хөрсний доротйолд орж байна. Хөрсөндөө технологийн тордолгоо хийхгүй болохоор ургацын хэмжээ багасдаг. Хөрсний үржил шим рүү анхаарсан бодлого зайлшгүй явуулах ёстой. Хавар болж тариалалт эхлэхээр үрийн буудайгүй боллоо гээд ОХУ-аас импортоор оруулж ирдэг. Хүнсний ногоо, буудай, тариалалт үрнээсээ эхэлдэг. Үрний аж ахуйг дэмжиж, үр сортын шинэчлэл хийж байж бид хүссэн зорилтдоо хүрнэ. ОХУ-ын сайн чанарын буудайн нотлогдсон үрийг энд авчраад хөрсөндөө нутагшуулдагтай холбоотойгоор тодорхой хэмжээгээр ургац хураалтаа алддаг. Дарханы ургамал хамгааллын хүрээлэн дээрээ түшиглэн үрийн шинэчлэл хийснээр хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг хангана. Эхний ээлжинд хүнсний аюулгүй байдлаа хангах ёстой. Хэн гэдэг хүний ямар бордоогоор хаана тарьсан нь мэдэгдэхгүй хадгалалтын хугацаа нь тодорхойгүй буудайн үрийг дотооддоо оруулж ирээд хэрэглэж байгаа. Энэ нь бидний сонголт байсан хэвээр байх уу цаашид гэдэг дээр бодох л ёстой.
-Цахим газар тариалан хөгжүүлнэ гэж Та хэлж байсан. Энэ ямар учиртай ойлголт юм бэ?
-Цаашид цахим хөдөө аж ахуйг салбартаа хэрэгжүүлье гэж байгаа. Нэгдүгээрт, бид Монгол Улсын хөдөө аж ахуйн зураглалыг цахимжууулна. Хөрс, үрийн шинэчлэлийг мэдээллийг нэг болгох ёстой. Таны тарьсан хүнсний ногоо ямар бордоо хэрэглэж ямар тээвэр ложистикээр дамжиж хэрэглэгчийн өмнө ирснийг тодорхой харуулдаг системийг эхэлж бий болгох ёстой.
-Бэлчээрийн малын махаа магтацгаагаад байдаг. Гэтэл бидний магтаад байдаг мах үнэхээр эрүүл ахуйн шаардлага хангаж чадах уу?
–Малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг хэрэгжүүлж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчин гарсангүй. Мал эмнэлгийн үйл ажиллагааг дахин сэргээснээр төрөөс мал сүргээ харьцангуй эрүүлжүүлж чадсан. Хоёр жилийн өмнө малын эрүүл мэндийн асуудал хүнд байсан. Хөдөө аж ахуйн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд эрүүл махны асуудал хөндөгддөг. Хаана бэлтгэсэн, ямар технологийн дагуу, аль үйлдвэрт бэлтгэсэн, хэзээ вакцинд хамрагдаж байсан гэдгийг хянах мөшгих системийг хийсэн. Гурван жилийн өмнө Монголд байдаггүй цэцэгт мялзан өвчин гарсан. Импортлогдож орж ирсэн өвчин гэж үздэг. Үүнээс болоод Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг гоц халдварт өвчинтэй бүс нутаг гэж зарласантай холбоотойгоор мал, махны экспортод хүндрэл үүссэн. Сүүлийн хоёр жилд Монгол Улс малаа эрүүлжүүлж чадлаа. Бид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас монгол малын махыг эрүүл гэдгээр бүртгэж өгөөч гэсэн хүсэлтийг хүргүүлсэн байгаа. Ялангуяа баруун бүс нутагт өвчин гардаггүй, эрүүл бүс. Дундын бүс буюу хангайн бүс нутаг хяналтын бүс гэж байгаа. Зүүн бүсийг вакцинтай эрүүл бүс гэж үзэж байгаа. Эхний ээлжинд баруун бүсээ хүлээн зөвшөөрүүлээд махны экспортыг нэмэгдүүлье гэж зорьж байна. Дэлхийн зах зээл рүү мах экспортод гаргах ёстой. Ковидын нөхцөл байдлаас болж хуралдах асуудал хүлээлтийн байдалтай байна. Эрүүл бүс гээд зарлачихаар импортлогч орон ковидын үе гээд гүн хөлдөөсөн махыг хүлээж авахгүй байгаатай холбоотойгоор махны салбарынхан импортлогч орны хараат байгаа. Экспортод гаргахын тулд дулааны технологи буюу 80 градусын халуун усанд ариутгал хийж хагас боловсруулж гаргах замаар явж байна. Хөрш орнуудтайгаа бид ярилцаж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээс урьтаад эрүүл бүс гэдгийг хүлээн зөвшөөрөөч гэсэн утгатай яриа хэлэлцээ. БНХАУ-ын хувьд хоёр орны протокол бий. Үүн дээр Хятадын Хорио цээр, хяналт шалгалтын байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжээс авсан эрхийг протоколоор баталгаажуулсан. Тиймээс Хятадын Гаалийн байгууллага аттестачлал хийж эрх өгдөгтэй холбоотойгоор энэ шалгалтад тэнцээгүй аж ахуйн нэгжүүд экспортод гарах эрхгүй болж үлдээд байна. Бидний бодлого бол протоколд тавьсан энэ бодлогыг өөрчлүүлэх хүсэлтээ өгчихсөн байгаа.
-Хойд хөрш рүү маш бага хэмжээтэйгээр мах экспортолдог. Нэмэгдүүлэх боломж байдаггүй юм уу?
-Хойд хөрш мах авах сонирхол багатай дээрээ импортын татварыг 60 хувиар тогтоочихдог. Хятад 45 хувь хүртэл гэж тогтоодог. Хоёр хөрш татварын бодлогоор барьж байна. Хятадын нутгаар малын гаралтай түүхий эдийг дамнуулан тээвэрлүүлэхийг хориглосон. Бид малаа эрүүл болгох, хөршийг давсан зах зээл рүү гарах гарцаа хийх ёстой. БНХАУ-тай Хорио цээрийн хяналтын байгууллагын асуудлаа тохиролцож шийдвэрлэх ёстой. Манайд Мэргэжлийн хяналтын газар нь аж ахуйн нэгжүүдэд аттестачлал хийх эрхтэй. Хоёр улс ижил төстэй байгууллагынхаа гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг болгооч гэж сая БНХАУ-ын Гадаад хэргийн сайдад хүсэлтээ тавьсан. Би салбарын сайдын хувьд аж ахуйн нэгжүүдийн боломжийг нээхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа.
-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ойрын жилүүдэд ямар бодлого баримтлах вэ?
-Газар тариалантайгаа уялдуулж хөгжүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолоор Дархан, Сэлэнгийн нутгийг газар тариалангийн бүс гэж зарласан учраас эрчимжсэн аж ахуйг энэ бүс нутагтаа хөгжүүлнэ. Эндээс уламжлалт буюу бэлчээрийн малыг гаргахаар болсон. Тариланчид хэлдэг, бэлчээрийн мал байснаар тариалалтад 20 хувийн хорогдол гардаг гэж. Уламжлалт мал аж ахуй, газар тариалан хоёр зэрэгцэж орших боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйтай зэрэгцүүлж газар тариаланг хөгжүүлнэ. Бэлчээрийн мал аж ахуй дээр сүргийн бүтцийг өөрчлөх, шинэчлэх асуудал бий. Нийт малын 1 хувь ч хүрэхгүй байгаа учраас бодлого болгож өндөр үр ашигтай үүлдэр, сүргийн бүтцэд анхаарах юм. Ингэж байж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг нэмэгдүүлнэ. Хийх хөшүүрэг нь мал аж ахуйгаас гарч буй бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах. Монголын хөдөө аж ахуйн биржийг шинэ шатанд гаргах ёстой. Малчин хүн гэртээ сууж байгаад энэ биржээрээ дамжуулан зуучлалгүйгээр бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэдээ зарж чаддаг системийг бүрдүүлэх ёстой. Ирэх дөрвөн жил хөдөө аж ахуйн худалдааны систем буюу биржийн шинэчлэлийг шинэ шатанд гаргана. Малаас гарч буй эцсийн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд ороод эхэлчихвэл малчид сүргийн бүтэцдээ анхаараад эхэлнэ. Дагаад малчид хоршооллын системийг бий болгож эхэлнэ. Үүнийг дагаад татаасын бус урамшууллын систем хэрэгжүүлнэ. Малчид, тариаланчид улирлын шинжтэй орлоготой. Хэрвээ биржийн систем оновчтой болох аваас ирээдүйд зарах түүхий эдээ өнөөдөр ч арилжина. Малчид маань мал маллах монгол ухааныг тээсэн өмчийн эзэн буюу хөрөнгийн эзэд. Малчид малынхаа араас явах биш урд нь явдаг байх ёстой. Энэ өөрчлөлтийг бодлогоор хийх хэрэгтэй. Хөрөнгийн эзэнд хөрөнгийн менежмэнтийг нь ойртуулчихвал эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Биржийг дагаад тээвэр ложистик явна. Мөн түүхий эдийг боловсруулах хэрэгтэй болно. Дархан, Ховдын арьс ширний боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Дарханы боловсруулах үйлдвэр 10 сая арьс боловсруулах хүчин чадалтай. Ховдод арьс шир, ноос ноолуур боловсруулъя гэсэн хоёр томоохон үйлдвэр баригдаж байна. Биокомбинатад шинэчлэл хийснээр шүлхий, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаа дотооддоо бүрэн хангаж цаашлаад экспортод гаргах боломж бүрдэнэ.
-Өмнө нь олон янзын аж үйлдвэрийн парк байгуулна гэж ярьж л байсан. Бүтсэн юмгүй байдаг болоод ч тэр үү, үнэмшил муутай л сонсогдох юм?
-Дарханы аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажил одоогийн байдлаар 23 хувьтай явж байна. Ховд дээр цэвэрлэх байгууламж баригдаад дуусч байна. Эдийн засаг хүнд байгаа ч энэ жилдээ багтааж дуусгана гэсэн төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж байж малчдын орлогыг нэмэгдүүлнэ. Эдийн засгаа чадавхжуулна. Малаас гарсан түүхий эдээ боловсруулан экспорт хийнэ. Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн кластер, ложистик, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бий болгож, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэрлэлтийн зардал, хүндрэл багатай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргаж экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах боломж нээгдэнэ.Энэ бүхэн хоосон уриа лоозон биш бодитой ажил гэдгийг нотлон хэлье.
-Өндөг ойрд ховрын бараа болж, үүний учир юунд байна?
-Манай улс дотоодынхоо хэрэгцээний 50 орчим хувийг өөрсдөө хангадаг. Импортоор үлдсэн хувийг. Цар тахал дэгдсэнээс болоод хилийн зарим боомт ажиллахгүй байгаагаас бага зэрэг хүндрэлд үүссэн. Гэхдээ яамнаас шуурхай зохицуулалт хийж тээвэрлэлтийг шийдсэн. Ирэх жилээс өндөгний аж ахуйг нэмэгдүүлэх, туслах аж ахуй буюу тэжээлийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжих бодлого хэрэгжинэ.
-Сүүний урамшуулал гэж миний мэдэхээр сүүлийн таван жил ярьсан. Харин өнөөдөр бодит ажил хэрэг болж, тэрбум орчим төгрөгийн урамшуулал фермерүүдэд олгосон байна лээ. Энэ импортын сүүг хумих бодлого уу?
-Энэ онд Засгийн газрын 130 дугаар тогтоолоор Сүүний урамшуулал олгох журмыг баталсан. Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969.972.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж өргөжүүлснээр дотооддоо үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний хэмжээг 200 саяд хүргэчих юм бол импортоор хуурай сүү авах шаардлагагүй болно. Ийм зорилгоор Засгийн газраас сүүний урамшууллыг олгох шийдвэр гаргасан. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 01 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өвлийн хэрэгцээд сүү нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгож байх юм.
-Махны квот гээд маапаан ихтэй асуудал бий. Та квотын эрхийг МҮХАҮТ руу өгнө гэж хэлсэн. Энэ хэзээ шийдэгдэх вэ?
-Тийм ээ, мэргэжлийн холбоод руу өгнө. Махны экспорттой холбоотойгоор зөвшөөрөл олгодог таван ч газрыг нэгтгэж, нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Таван газраас зөвшөөрөл авах гэж олон хоног зарцуулдгийг больё, нэг дороос авдаг байх ёстой. Махны квотыг байхгүй болгоё гэж зорьж байна. Бог мал дээр квотгүй олгодог болгох, экспортод гаргадаг аж ахуйн нэгжийнхээ тоог нэмэгдүүлье. Яам махны квот олгодог тогтолцооноос татгалзана. Энэ бодлогын хүрээнд МҮХАҮТ руу шилжүүлэх тухай ярьсан юм.
–Та сайд болсныхоо дараа ЖДҮ хариуцсан бие даасан агентлаг байгуулсан. Ингэсний ач холбогдол юу юм бэ?
-ЖДҮ санг Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх агентлаг болгосон. Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэл дээр зээлийн батлан даалтын сангаас барьцааг гаргаж өгч хамтран ажиллана. Цаашдаа төсвөөс мөнгө хуваарилахгүй, харин зээлийн эргэн төлөлтөөс зээлээ олгоод явах ёстой. Жил болгон төсвөөс мөнгө аваад явбал ялгаагүй халамжийн байгууллага болно. Агентлаг өөрөө зээлийн хямд эх үүсвэр бий болгох, түүнийг олох талаар үндсэн чиглэлээ болгож ажиллах ёстой.
-Өвөлжилтийн байдал хэр байна вэ?
-Өнгөрсөн зун 5-6 аймаг зуншлага тааруу, гантай байсан. Засгийн газраас долдугаар сард тогтоол шийдвэр гаргаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангах шат дараатай ажлууд хийж эхэлсэн. Бүсчилсэн уулзалтыг зохион байгуулж өвөлжилтийг хэрхэн хангах заавар зөвлөмж өгч ажиллахын зэрэгцээгээр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Архангай, Дундговь аймгуудын малыг тусгайлан экспортод гаргах нөөцийг бүрдүүлж 5.2 сая мал буюу 40 мянган тонн махыг зөвхөн энэ аймгуудаас бэлдүүлэх боломжийг нээж өгсөн. Есдүгээр сараас эхлээд ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл дотоодын өвс, хивэг, тэжээлийн бүтээгдэхүүн экспортод гаргахыг хориглосон. 6 аймагт өвөлжилтийн байдал хүндэрч өвс, тэжээлийн хомсдолд орж байна. Хадлангаа зүүн бүс, хангайн бүсээс бэлддэг ч хэрэгцээг бүрэн хангаж дийлэхгүй байна. Одоо цаашид тэжээлийн таримлыг бий болгохгүй бол малын өсөлт бэлчээрийн даацтай холбоотойгоор байгалийн хадлангаар цаашдаа явахгүй нь тодорхой боллоо. Ирэх жилээс бэлчээрийн ногоон таримлын чиглэлд тусгай бодлого боловсруулж хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Өвөлжилттэй холбоотойгоор хүндэрч буй таван аймагт Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буюу 13.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж шийдүүлж чадлаа. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрсэн аймгуудын нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн уурагт тэжээлийг Засгийн газраас хүргэж байгаа бөгөөд үүнд таван аймгийн 40 мянган малчин өрх хамрагдана. Мөн Онцгой комиссын бэлдсэн тэжээл, өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргэж байна.
-Малын хөлийн татварын хууль батлагдсан. Энэ хуулийг яаж хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Хууль батлагдсан. Малчид болон орон нутагт маш хэрэгтэй хууль. Тухайн газар нутгийн цөлжилт, бэлчээрийн даацтайгаар холбоотойгоор ИТХ-аас татвараа батална. Татвараас бүрдсэн сангаар орон нутагтаа анхаарах, менежмэнт сайжруулалтаа шийдээд явах боломжийг хуулиар тусгайлан олгосон.
-Өмнөд хөршид 30 мянган хонь хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг ахалсан билүү?
-Тэгсэн. Ерөнхийлөгч өмнөд хөршид айлчлахдаа Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгож 30 мянган хонь бэлэглэсэн. Энэ 10 дугаар сарын дундуур хандивын хонийг бүрэн хүлээлгэж өгсөн. 30 мянган хонинд Хятадын талаас шинжилгээ авахад бүгд эрүүл гэсэн дүгнэлийг авч, монгол малын мах өвчингүй гэсэн том мессэжийг өмнөд хөршдөө өгч чадлаа. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Монголын улаанбуудайн гурилыг экспортлох асуудал шийдэгдсэн нь гурил үйлдвэрлэгч нарт хүчин чадлаа өсгөх, тариаланчдад тариалалтаа нэмэгдүүлэх маш том боломж гарч, зах зээлийн тэлэлт үүсгэх боломж бүрдсэн.
-Ингэхэд танай яамны шилэн данс хөтлөлтийн талаар шүүмж яваад байсан. Шилэн дансаа хэр хөтөлж байна?
-Шилэн данс хөтлөлгүй яахав. Хөдөө аж ахуйн салбарыг хэнд ч нээлттэй салбар болгох бодлого Засгийн газар барьж байгаа. Салбарын үйл ажиллагааг ил тод, цахимжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин, сэтгүүлч Д.Мөнгөндалай