Засгийн газрын хуралдаанаар зарим аймгуудад өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор малчдад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөхдөө өвөлжилт нэн хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн бүх сумдад хүндэвтэр байгаа Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсныг хэллээ.
Дээрх аймгуудын 40 мянган малчин өрх энэ тусламжийг хүртэнэ. Тодорхой хэлбэл, нэг өрхөд 300 мянган төгрөгийн үнийн дүн бүхий тэжээлээр хангахаар боллоо. Түүнчлэн Улсын Онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.