Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийв. Тэрбээр “Боловсрол шинжлэх, ухааны яамнаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан бүх шатны танхимын сургалтыг нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-оос хэтрэхгүй байхаар тооцож эхлүүлэхээр боллоо. Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн гуравны нэг буюу 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Цахим бүртгэлийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд [email protected], parent.edu.mn хаягаар хийж байгаа юм.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Танхимын сургалт зохион байгуулахад халдвар, хамгааллын дэглэм баримтлах, хичээлийн тоо, хичээллэх өдөр, нэг бүлэгт ногдох хүүхдийн тоог тус тус бууруулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох зохицуулалтыг хийж байна. Улсын хэмжээнд хоёр настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авахаар зохицуулалт хийсэн. Цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг элсүүлэх, 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтад 100 хувь хамруулах, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр гурван жил амжилттай зохион байгуулсан. Энэ жил үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор уламжлалт аргаар зохион байгуулахаар болсон” гэв.
Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх ангид судалсан байвал зохих агуулгыг бататгах арга зүйн зөвлөмж болон өнгөрсөн хичээлийн жилийн 50 шахам хувьд сургалтыг цахимаар явуулсантай холбогдуулан агуулгын алдагдлыг нөхөх хөтөлбөрийг Боловсролын хүрээлэн боловсруулж, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж. Өмнөх жилүүдийн адил бага ангийн сурагчид 100 хувь үнэ төлбөргүй сурах бичиг ашиглана.
Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэл хотод 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга баригдахаар төлөвлөгдсөн. Хөрөнгө оруулалтын ажлууд 53 хувийн гүйцэтгэлтэй байна.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангахтай холбоотой асуудлуудад тодорхой саналуудаа хэлэв.
2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд энэ жил ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлд анхаарч ажиллах, их засвар, дулаан техникийн шинэчлэлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах, нэгдүгээр ангид элсэгчдийн элсэлтийг батлагдсан хамран сургах тойргийн дагуу зохион байгуулах үүргийг холбогдох албаны хүмүүст Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэмдэглэлээр үүрэг болголоо.
Нийслэлд 2020 онд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг танилцуулав
Нийслэлд 2020 онд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн явцын мэдээллийг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Нийслэлд 2020 онд 1748 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс улсын төсвөөр 267, нийслэлийн төсвөөр 1112, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 369 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх аж. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт төсөл, арга хэмжээний 98 хувьд захирамж гарсан байна. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор татварын орлого үлэмж хэмжээгээр тасалдсаны улмаас улс, нийслэлийн эдийн засагт хүндрэл үүсгэж байгаа тул зарим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн асуудал тулгамдаж байгааг Н.Отгонбаяр дарга онцолж хэлэв.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбоотой саналуудаа хэлж, хөрөнгө оруулалттай холбоотой хүндрэлтэй асуудлууд байгаа ч гэсэн төлөвлөсөн төсөл, арга хэмжээнүүдээ урагшлуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс