Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Үндэсний телевизэд ярилцлага өглөө

Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх 12-р сарын 20-нд тохионо. Энэхүү тэгш ойг тохиолдуулан Монгол Улсаас Кубад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Үндэсний телевизэд зочноор уригдан ярилцлага өгчээ. Түүнийг ярилцлагыг хураангуйлан нийтлэв. Түүний ярилцлага 60 жилийн ойн өдрөөр Кубын үзэгчдэд хүрэх юм байна.

-2020 онд Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болж байна. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь итгэлцэл, нөхөрлөл байсаар ирэв.

Монгол, Кубын төр, засгийн тэргүүнүүдийн түүхэн айлчлал, Кубад суралцсан анагаах ухааны салбарын манлайлагч эмч мэргэжилтнүүд, дэлхийн тавцанд хурд хүчээ сорьж явсан хоёр орны боксын тамирчдын алдар гээд хоёр орны харилцааг тодорхойлох олон дурсамжтай үйл явдлууд түүхийн хуудсыг зузааруулж байна.

Орчин цагийн Монгол, Кубын хамтын ажиллагаа эрүүл мэнд, биотехнологи, боловсрол, соёл, спорт зэрэг олон салбарт бэхжин хөгжиж байна.

Куба бол манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон. Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрт 1960 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ГЯЯ-ны сайд П.Шагдарсүрэн, Кубын ГЯЯ-ны орлогч сайд Р.Льомпард нар Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

Дипломат харилцаа тогтоосон цагаас хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалууд хэрэгжиж ирсэн нь хоёр талын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой байв. Тухайлбал,

Кубын Коммунист намын Төв хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд Раул Кастро Рус 1970 оны 4 дүгээр сард Монголд айлчилсан. МАХН-ын Төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1972 оны 11 дүгээр сард Кубад албан ёсны айлчлал хийсэн.

1984 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх тэргүүтэй төлөөлөгчдийн Кубад айлчлал хийсэн.

Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастрогийн урилгаар Куба улсад албан ёсны айлчлал хийсэн гээд төр, засгийн өндөр түвшиний айлчлал бүр өөрийн онцлогтой, харилцааны талд гарсан дэвшил ололттой айлчлалууд байлаа.

1960 оноос хойш Монголоос БНКУ-д 20 орчим Элчин сайд томилогдон ажилласан ба миний хувьд 18 дахь бас анхны эмэгтэй, түүхийн нэг жарны босгон дээр томилогдсон Элчин Сайд гэдгээрээ онцлог юм.

Эдүгээ нэгэн жаран өнгөрч хоёр улсын дипломат харилцаанд арвин баялаг түүх хуримтлагдаж, уншиж судлах ховор архив бүрэлдэн бий болсныг эмхтгэх цаг ирж миний бие хоёр орны харилцааны анхны хроник номоо хэвлэлтэд бэлтгээд байна.

Монгол Кубын ард түмний найрамдалт харилцаа, дипломат харилцаанд гарсан түүхэн тэмдэглэлт баримт бичиг, гэрээ хэлцэл, холбогдох бусад нийгэм соёлын арга хэмжээнүүд монгол, кубын уншигчдын гар дээр удахгүй очих болно.

Ирээд удаагүй ч Куба улсын түүх, гадаад бодлого, нийгэм-эдийн засгийн холбогдолтой мэдээ баримтуудтай танилцаж, өнгөрсөн хугацааны уламжлалт харилцааны түүхээ судалсны эцэст XXI зууны  дэлхий улс орнуудын гадаад бодлого,  олон улсын харилцааны чиг хандлага, ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засагтай Монгол улсынхаа гадаад бодлогыг чиг баримжаагаа болгож  өөрийн томилолтын хугацаанд Куба улстай харилцах хэд хэдэн алхамуудыг тодорхойлж зураглалаа гаргаад ажиллаж байна.

Эхний хэсэгт, Кубын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад худалдааг эрчимжүүлэх, эскпортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах бүтээгдэхүүний үйлвэрлэлийг хөгжүүлэх, шинэ, шилдэг технологи нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засагтаа ихээхэн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлж байгаа энэ түүхэн шилжилтийн үед хоёр улсын уламжлалт харилцаанд эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх, улмаар улс хоорондын худалдааны эргэлтэд нөлөөлөхүйц үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхээр зориод байна.

Дараагийн хэсэгт, манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал учир хоёр орны иргэд хоорондын мэдээллийн урсгал, хүртээмж, солилцоо сул байгаа тэр хэсгийг анхааралдаа аваад байна. Сурталчилгааны хэсэгт бид уламжлалт урлаг, соёлын арга хэмжээнээс гадна Монголын “НҮҮДЛИЙН СОЁЛ-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨРГӨӨ” гэр ажиллуулахаар төлөвлөөд байгаа.

Энэ хоёр гол чиглэлээ бариад хоёр талын харилцааны бүхий л үйл ажиллагаагаа эдийн засгийн утгаар нь баяжуулах, мэдээллийн эх сурвалжаар нь хангах зорилттой ажиллаж байна.

2020 онд куба, монголын бүх уншигчдад зориулсан дипломат харилцааны түүхийг хүргэх зорилгоор номоо гаргалаа.

Хаваны Их сургуультай оюутан солилцооны хөтөлбөр МУИС, СЭЗИС хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, түүх архелогийн чиглэлээр хоёр улсын мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах санамж бичгүүд байгуулагдлаа.

2021 онд Монголын соёл-аялал жуулчлалын мэдээллийн төвөө Кубад нээнэ, Монголын Соёлын өдрүүдийг зохион байгуулна. Спортын салбарт Гольфын хамтарсан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаанд шинэ зам гаргах, нийслэл хотуудын харилцан ахмтын ажиллагааг эхлүүлэх,

Худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр бизнесийн байгууллагуудыг холбох, Аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах гээд төлөвлөж буй ажил их байна.

Эцэст нь хэлэхэд Куба орны байгалийн тухай Кристофер Колумб энэ нутагт анх хөл тавиад “…хүний нүдээр харж болох хамгийн үзэсгэлэнтэй газар…” хэмээн нэрлэснийг би их таалж үнэн гэж боддог.

Кубачуудын судасаар нь эх оронч, баатарлаг, тэвчээр хатуужлын эд эс эргэлдсэн, нээлттэй, цоглог, бас ичимхий, даруу ч хөөрүү энэ сайхан ард түмэн, архитектурын холимог хэв загвараараа гоёсон хотуудыг оюун санааны мухартаа би мартахааргүй үлдээн авч, үлдэж буй хүний хувьд хоёр орны харилцааг улам тэлсэн бодиттой ажлууд хийнэ гэсэн бодол тэмүүлэлтэй сууж байна.

Ингээд Кубын ард түмэнд хандаж Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 60 жилийн ойн мэндийг хүргэж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...