Эдийн засагч Дунайн Басбиштэй хөгжлийн бодлого, төсөв, санхүүгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Дэлхий нийтээр Ковид-19 цар тахалтай тэмцэж байна. Хүн амын эрүүл мэнд, худалдаа эдийн засаг, боловсрол гээд маш олон салбарыг хамарсан асуудалтай бид нүүр туллаа. Энэ онцгой нөхцөл манай улсад ч хүндхэн тусаж байх шиг байна. Асуудал ярьж ярилцлагаа эхэлье.
-Ковид бол ганц Монголд биш дэлхий нийтийн эдийн засагт тулгарч байгаа, өмнө тулгарч байгаагүй маш том сорилт болж байна. Зүгээр нэг санхүүгийн хямрал байсан бол шийдэх арга нь өөр. Гэтэл шинэ Ковид цар тахлын үед үүсч буй нөхцөл байдлыг нийгмийн халамж зэрэгтэй хамт цогцоор нь шийдэж явахгүй бол ганц эдийн засгийн арга хэрэгслээр шийдэгдэхгүй гэдэг нь батлагдаж байгаа. Тиймдээ ч улс орнууд маш их хэмжээний халамжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд явж байна. Манай улсад ч эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээг үе шаттайгаар авч буй нь иргэд, аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болж буй нь ажиглагдаж байна. Мөн үүсээд буй шинэ нөхцөл байдлыг үнэлж төсвийн сахилга бат, хуваарилалтыг сайжруулах, зайлшгүй хөрөнгө оруулалт шаардагдах ажлыг санхүүжүүлэх гэх юм уу хямралын үеийн эдийн засгийн арга хэмжээг засгийн газар, нийслэлийн удирдлагууд авч хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Ер нь цаашид үүсч болох олон эрсдлийг тооцсон эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага гарч ирж байна даа.
-Төсөв, мөнгөний бодлого зэрэгт дүн шинжилгээ хийгээч гэвэл бид бодлогын аль талд нь илүү анхаарах ёстой вэ?
-Үнэндээ манай төрийн байгууллагуудын зарим бүтэц ойлгомжгүй байна. Төсөв төлөвлөх, түүнийг захиран зарцуулах бүх үйл явцад иргэдийн, мэргэжлийн байгууллагын оролцоо маш сул байна. Тухайлбал аудитын газар, нэгжүүд төсвийн ерөнхийлөн захирагчаасаа хараат байгаа байдал нь төсөвт бодит дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл хяналт тавих ёстой байгууллага нь төсөв захиран зарцуулагчийнхаа дор нь орчихсон, цалинжаад явж байгаа бүтэцтэй шүү дээ. Тиймээс мэргэжлийн байгууллагын дутуу орхисон эсвэл, эргэлзээтэй төсвийн төлөвлөлт, түүний гүйцэтгэлд эдийн засагчид дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч байна. Болохгүй бүтэхгүй байгаа иргэдэд ойлгогдохоор сайн ярих хэрэгтэй. Учир нь төсөв бүрдүүлж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүд шүү дээ. Улсын төсвийг иргэд татвар торгууль гээд бүх зүйлээрээ бүрдүүлж байгаа. Төсөв бүрдүүлж байгаа иргэдийнхээ оролцоог нь тодорхой хэмжээгээр хангаж өгөх нь маш чухал.
-Иргэдийн оролцоог яаж хангах вэ. Оновчтой төлөвлөхөөс л асуудал эхлээд байх шиг байна?
-Орон нутаг, дүүргийн төсөв дээр иргэдийн оролцоог хангах нь маш чухал бөгөөд шийдвэр гаргагчдад хүсэл сонирхол байвал олон төрлийн арга хэлбэр бий. Хамгийн чухал нь иргэд өөрсдөө “би яг ийм төрлийн тэдэн төгрөгийн татвар төлдөг, тэр мөнгө надад, манай гэр бүлд хэрэгтэй, үр ашигтай зүйлд зарцуулагдах ёстой” гэдэг зүйлээ ярьж хэлээд явбал төсөвт хяналт тавих хүмүүс маш олон болно. Тухайлбал, нийслэлийн төсөв өөрөө улсын төсөв, нийслэлийн өөрийнх нь төсөв, орон нутгийг хөгжүүлэх сан гэсэн 3 хэсгээг бүрдэж байгаа юм. Орон нутгийг хөгжүүлэх сангаас нийслэлд 24-27 тэрбум төгрөг төсөвлөгддөг юм билээ. 2018 онд Сангийн сайдын баталсан орон нутгийн хөгжлийн санг бүрдүүлэх, зарцуулах журам гээд байдаг. Энэ төсөв бол тухайн хороо дүүрэгт амьдарч байгаа иргэдийн саналаар зарцуулагддаг төсөв байхгүй юу. Иргэдийн саналаар хийх ажлууд нь тодорхой болоод түүний дагуу төсөв зарцуулах журам гэсэн үг. Жишээлбэл 2020 онд хотод нийт 27 тэрбум төсөвлөгдсөнөөс Сонгинохайрхан дүүрэгт 1,7 тэрбум төгрөг тавигдсан байгаа ба гэрэлтүүлэг тохижилт 30 сая гээд хороо бүр дээр 1-3 ажил бичигдсэн байгаа. Журмандаа заасны дагуу аятай тухай амьдрахад зориулагдсан, иргэдийн гаргасан санал асуулга, бүлгийн уулзалтын дагуу төсөвлөлөө гэсэн байгаа юм. Одоо тэгэхээр манай хороон дээр тавьсан гэрэлтүүлэг нь яг 30 сая байна уу үгүй юу гээд оршин суугчид очиж хараад, санхүүгийн тооцоолол хийхээр төсвийн зарцуулалт үнэн байна уу үгүй юу гэдэг нь гараад ирнэ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр иргэд төсөвт хяналт тавьж эхэлвэл төлөвлөж байгаа, түүнийг захирхан зарцуулж байгаа төрийн албан хаагчид илүү хариуцлагатай болж бидний байнга ярьдаг “хөгжил” жинхэнэ утгаараа ирнэ.
-Манай нийслэлийн хамгийн том дүүргийн нэг нь Сонгинохайрхан. Энэ дүүргийн төсөв санхүүтэй холбоотой тоо баримтыг та сонирхож үзэв үү?
-Хотын 9 дүүргийн төвийн 6 дүүргээс улсын төсвөөс татаас авдаг ганцхан дүүрэг байгаа нь Сонгинохайрхан. Хүмүүс магадгүй хамгийн их хүн амтай тул аргагүй гэж бодож болох юм. Гэтэл адилхан олон хүн амтай, гэр хороолол ихтэй Баянзүрх дүүрэг 1,5 тэрбумын орлого нийслэлд өгч байна. Сонгинохайрхан дүүргийнхээ төсөв, түүний зарцуулалтыг сонирхоод үзвэл төсвийн оновчгүй төлөвлөлт, тэгш бус хуваарилалтууд ч зөндөө байна билээ. Тэр бүгдийг тоочоод яахав. Ер нь аз жаргалтай Улаанбаатар гэдэг Сонгинохайрхан дүүргийн иргэд аз жаргалтай байна уу үгүй юу гэдгээр хэмжигдэх ёстой болохоос Зайсан, Хан-Уулын иргэдийн амьдрах орчноор хэмжигдэхгүй. Улаанбаатар хотын 1 сая 400 гаруй мянган иргэний 20 гаруй хувь буюу 327 мянга гаруй иргэн нь Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна шүү дээ. Гэтэл энэ дүүрэг одоо болтол зөвхөн татаас авч байна аа гэдэг иргэдийн амьдрах таатай орчин бүрдээгүй, төсөв нь хүрэлцдэггүй, мөн иргэдийн амжиргааны төвшин ямар байгааг тодорхойлж байгаа юм.
-Ганцаараа төсвөөс татаас авдаг шалтгаан нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн амьжиргааны түвшин бага байна гэсэн үг үү? Эсвэл дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо цөөн байна уу?
-Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа байх л даа. Энд нэг зүйлийг онцольё. Нийслэлийн төсвийн 63 хувийг хүн амын орлогын албан татвар буюу ажил хийж байгаа хүмүүсийн цалингийн 10 хувийг авч бүрдүүлж байгаа юм. Манай Сонгинохайрханд хүн амын орлогын албан татвар бүрдэхгүй байна гэхээр амьжиргааны төвшин тэр хэмжээгээр муу байна гэсэн үг. Мөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээс татвараа бүрэн авч чадахгүй байна гэдэг нь харагдаж байна. Үндсэндээ дүүрэг ажлаа хийж чадахгүй байна л гэсэн үг. Хэрвээ тухайн дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж л байгаа бол дүүрэгтээ татвараа төлөх ёстой гэж шаардлага тавих ёстой шүү дээ. Гэтэл Эмээлтэд махны үйлдвэртэй компани хотын төвд Шангрилла-ийн оффист суучхаад Сүхбаатар дүүрэгт татвар төлөөд байгаа юм. Энэ байдалд хяналт тавьж дүүрэгтээ орлого олох, мөн орлогын тодорхой хувиар иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах шаардлагатай байна.
-Манайхан нийтлэгдээ төлж буй татвараа хянадаггүй, өөрийнх нь бүрдүүлсэн төсөв гэж ойлгодоггүй яваад байх шиг ажиглагддаг.
-Яг үнэн. Бид дэлгүүрээс сүү, талх авахдаа хүртэл татвар төлж байгаа. Тэгээд цалин хөлс гээд… Хэрвээ бид өөрсдийн төлж буй татвартаа анхаарал тавьж хянахгүй бол давуу эрх мэдэлтэй хүмүүс иргэдийг мэдээлэлгүйг нь далимдуулан гэдэг юм уу дур зоргоороо ашиглах болно. Иргэдийн оролцоог сайжруулах эхний алхамыг Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хотын татвар гээд 1 хувь гаргаж ирж эхлүүлж байсан. Бид гадны туршлагыг шууд хуулж болохгүй л дээ. Гэхдээ агуулга нь миний мөнгөөр эд надад зориулсан зүйлийг хэд дахин сайжруул хийх ёстой шүү гэсэн тэр санхүүгийн хөшүүргийг л бий болгож өгөх хэрэгтэй. Тав тухтай, эрүүл аюулгүй орчин, хүүхдийн тоглоомын талбай зэргийн төсвийг дүүргийн татвараас бүрдүүлээд иргэд хяналт тавих бололцоог бий болгож өгөх юм бол энэ чинь хяналттай төсөв болно гэсэн үг Улаанбаатар хотын шийдвэр гаргалтад иргэд оролцдог болно оо гэдэг маш том бүлэг багтсан. Мөн УБ хотын үйлчилгээг иргэдэд ойр, хүнд сурталгүй орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хялбар байдлаар хүргэдэг болно оо гэсэн том зорилт тавьсан байгаа. Яг үүнтэй уялдаад дээрх ажлыг хэрэгжүүлж болно.
-Та Монгол улсын ирээдүйн хөгжлийг та хэрхэн төсөөлж байна?
-Би Монгол орноо иргэд нь баян чинээлэг, шинжлэх ухаан технологийн шинэ ололт амжилтуудыг нэвтрүүлсэн орон байгаасай гэж хүсдэг. Хамгийн гол нь өрх гэр бүл, түүн дотор амьдарч байгаа өрхийн гишүүд маань бүгд хэрэгцээ хэрэглээ нь хангагдсан байгаасай гэж хүсч байна. Мөн хөгжлийн тухай асуудлыг ярихын тулд хамгийн түрүүнд хүний асуудлыг ярих ёстой. Нэгдүгээрт хүний асуудал, хоёрдугаарт орлого, гуравдугаарт амьдарч байгаа орчины асуудал. Ийм гурван зүйл дээр л би хотын хөгжлийг, монгол улсын ирээдүйн хөгжлийг төсөөлж боддог. Түүнчлэн Монгол улсын эдийн засагт саяхныг хүртэл голлох байр суурь эзлэж ирсэн мал аж ахуй, шинэ тутам үр өгөөжөө өгч байгаа уул уурхайн салбараас гадна жижиг дунд үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлж эдийн засгаа солонгоруулан хөгжих боломж бидэнд байна. Товчхондоо ирээдүйн Монгол улсын хөгжлийг хослосон байдлаар хөгжүүлэх шаардлагатай гэж харж байгаа.
Танд баярлалаа. Амжилт хүсье.
Ярилцсан А.Баясгалан