Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын дөрвөн сайдын хамт Дорноговь аймагт хийгдэж буй бүтээн байгууулалтын ажлуудыг биечлэн шалгаж, албан томилолттой ажиллалаа. Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл, түүний хүрээнд хийгдэж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажлыг шалгав.
Ажилчдын орон сууцны хотхоны нэгдүгээр ээлжийн барилга угсралтын ажил 2021 оны зургаадугаар сард бүрэн дуусна. Хоёрдугаар ээлжийнх мөн оны есдүгээр сард дуусч, ашиглалтад хүлээлгэж өгхөөр төлөвлөжээ. Тус хотхон нь 4500мкв талбайтай оффис болон үйлчилгээний барилга нийт 549 айлын орон сууц бүхий цогцолбор байгууламжаас бүрдэх юм.
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн хувьд үйлдвэрийн барилгын талбайн тэгшилгээ, 1,5 км урт хүрээ хашаа, хашаан дотор технологийн бүсэд баригдах 11 объектийн суурь хөрсний бэлтгэл ажил тус тус хийгдэж байна. Дэлхий дахинаа тархаад буй КОВИД19-ийн дагалдах хүндрэлээс шалтгаалан төлөвлөгөөт ажил гүйцэтгэлүүд хийхэд абраа материалын импорт удаашрах зэрэг хүндрэлүүд гарч 4-5 сарын хугацаа алдсан ч энэ онд багтаан Газрын тосны үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг эхлүүлэхээр зорьж байгаа гэдгийг холбогдох ажилтнууд хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн тус аймгийн төв Сайншанд сумаас Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Баруун урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлд баригдах зүүн төмөр замын төслүүдийн бэлтгэлийг газар дээр шалгав. Нийт 846 км, 1,1 тэрбум ам долларын төсөвт өртөгтэй ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам барих ажлын бэлтгэл төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа аж. Уг төмөр зам баригдвал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, өгөөж өндөр байх болно гэдгийг шалгалтын үеэр Зам тээврийн хөгжлийн сайд онцолж байв.
Мөн төслийн хэрэгжүүлэгчээр ЗХЖШ ажиллаж байгаа нь дотооддоо үр ашигтай, ач холбогдолоо харуулж байгаа гэв. Тухайлбал нэг цэргийн албан хаагч сард 2 сая гаруй мянган төгрөгийн цалинтайгаар төсөлд үүрэг гүйцэтгэн ажиллана гэж ЗХЖШ ийн бүтээн байгуулалтын хөгжлийн газрын дарга Д.Жаргалсайхан танилцуулсан.
Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөговь аймгийн Цогтцэций дэхь Тавантолгой орд газар чиглэлд баригдаж төмөр замын барилгын явц хуваарийн дагуу тасралтгүй хийгдэж буйг Монгол улсын Ерөнхий сайд онцлон сайшаагаад мөн чиглэлд газрын тос дамжуулах хоолой баригдахыг тооцож мэргэжилтнүүд ажлын уялдаагаа сайжруулж, ажиллахыг сануулсан.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавигдах 414,6 км төмөр замын доод бүтээцийн ажил дуусч дээд бүтээцийн 221 км замын угсралтыг гүйцэтгэж байгаа аж. Уг төмөр замын трассын дагуу уул уурхайн орд газрын 37 ашиглалтын лиценз аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгогдсон байдаг аж.