Ургацын комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар ургац хураалтын ажлыг саадгүй зохион байгуулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаах яриллцсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы хэлснээс үзвэл ургацын урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой байгаа ажээ.
Урьдчилсан дүнгээр улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр улаанбуудай шаардлагатай. Балансаас харахад 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдүүлэхээр байгааг З.Мэндсайхан сайд онцоллоо.
Ургац хураалтад нэмэлт хүч болгон туслуулахаар зарим их, дээд сургуулиудтай ойлголцож, оюутнуудын тоог ойрын үед эцэслэн гаргахаар болжээ. ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь Улсаас төмс хураах зориулалттай 50 трактор, төмс ухагч 30, төмсний гурван комбайныг ойрын хугацаанд авахаар ХХААХҮ-ин яам ажиллаж байгаа юм байна.
Өнгөрсөн долоодугаар болон наймдугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа тул ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байна гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга В.Үнэнбат ярилаа.