Хүннүгийн үеийн Луут хот давхар хэрэмтэй байжээ

Археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг энэ оны долдугаар сарын 9-нд эхлүүлсэн малтлагынхаа үр дүнд Архангай аймгийн Өлзийт сумын нутагт Луут буюу Лунчен хотын туурийг олж илрүүлснээ зарласан. Арав гаруй жилийн судалгааны энэхүү үр дүнд Монгол Улс төдийгүй дэлхийд анх удаа “Тэнгэрийн хүү Шанью” гэсэн бичигтэй ваарыг Монголын газар нутгаас олсноороо уг судалгаа түүхийн чухал олдворт тооцогдож байна.

Үүнтэй төстэй ваарууд Өвөрмонголын Бугат хотын нэлээн хэдэн булшнаас гарч байсан ч “Шаньюг тэнгэр номхотгов” буюу Хан улс талаасаа бичигдсэн байсан бол энэ удаагийнх “Тэнгэрийн хүү Шанью” гэсэн нь Шаньюг тухайн газар нутагт оршин байсныг илэрхийлэх утга агуулга гэдгийг Т.Идэрхангай онцолсон юм.

Түүнтэй холбогдож, судалгааны үр дүнгээ УИХ-ын гишүүдэд танилцуулсан талаар нь тодруулахад “УИХ-ын гишүүд үзэж танилцаад улсын хамгаалалтад яаралтай авах талаар ярьсан. Луут хот төдийгүй хотын эргэн тойрныг нь цогцоор нь судлах шаардлагатай. Эдгээр дагалдах судалгааг дэмжихээ мөн илэрхийлж, ирэх жилийн судалгааны санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн” гэлээ.

Тэрбээр 2010 оноос Хүннүгийн улс төрийн төвийн судалгааг эхлүүлжээ. Ингэхдээ эхлээд Хүннүгийн үеийн булшны тоо, тархалтаар нь хүн амын төвлөрлийг тогтоосон байна. “Тухайн үед Төв Азийн хэмжээнд 7,000 орчим булш байсны 5,000 орчим нь Монгол Улсад байсан. Түүнээс 1,500 орчим нь хаад язгууртны оршуулгын газарт байдаг бол 3,500 орчим нь Монгол дахь жирийн иргэдийн булш байдаг. Эдгээр булшны байрлалыг газрын зураг дээр тэмдэглээд үзэхээр Архангай аймаг хамгийн олон булштай нь тогтоогдсон. Тэр дундаа Тамирын голын хөндий нийт булшны 90 гаруй хувийг эзэлж байсан тул Хүннүгийн улс төрийн төв байсан хэмээн үзэж, малтлага хийснээр Луут хотыг илрүүллээ.

Тамир, Орхон, Хэрлэн голын сав газраас Хүннүгийн үеийн 20 орчим хотын үлдэгдлийг илрүүлж байсан ч барилгын материал илэрч байгаагүй. Харин Луут хотын тууринаас барилгын материал ихээр илэрсэн нь онцлог. Мөн 500х500 метрийн хэмжээтэй хэрэмээс гадна ордныг тойрсон 250х210 метрийн давхар хэрэмтэй байгаа юм. Тэр дундаа шувуун оройтой, вааран дээвэртэй тансаг хийцтэй байгаагаас хааны сүүдрэвч байсан болов уу гэх төсөөллийг төрүүлж байна. Дотор талбайн дөрөвний нэгд маш том усан сан байгуулсан бөгөөд хойд талаасаа гараар хийсэн усны чулуун болон вааран хоолойг илрүүлсэн. Энэ бүхэн маш тансаг ордон байсныг илтгэж байгаа юм.

Он цагийн хувьд урьдчилсан байдлаар МЭӨ 90-ээд оны үеийн хот гэж үзэж байгаа. МЭӨ 91 онд Хүннү болон Хан улсын хооронд болсон дайны үед Луут хот руу дайрсан мэдээлэл байдаг. Тухайн үеийн Хүлэгү Шанью Хятадын Ли Гуан Ли жанжны цэргийг тосож байлдаж байсан нь ингэж үзэх үндэслэл болж байна. Тулгар төрийнхөө нийслэлийг олсноороо энэ судалгаа өндөр ач холбогдолтой” хэмээн Архангай аймгийн “AB” телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Цаашид олон жилийн судалгаа хийх шаардлагатай бөгөөд эхний ээлжид улсын хамгаалалтад авах шаардлагатайг Т.Идэрхангай хэлээд “Судалгааг дэмжиж, санхүүжилтийг нь гаргаад хамтарч ажиллах саналыг гаднын байгууллагуудаас тавьж байсан. Гэхдээ энэ чухал олдворыг Монгол Улс өөрөө бие даан судлах хэрэгтэй гэж үзэж байгаа” гэлээ.

Луут хотын туурь олдсон газрыг төрийн хамгаалалтад авах талаар Засгийн газар удахгүй тодорхой шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ