Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, шинэ дэд төвүүд байгуулах ажлыг үе шаттай зохион байгуулж буй. Тодруулбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал төслүүдийн ажлын явцын талаар Нийслэлийн ИТХ-ын XXXIII хуралдаанд танилцуулсан юм.
Танилцуулгыг  хүргэе.
“Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалт 70 хувьтай үргэлжилж байна

Төслийн нэгдүгээр үе шат буюу “Баянхошуу, Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд “Баянхошуу” дэд төвд барьж буй нийгмийн барилга, байгууламжийн ажлуудыг ирэх намар дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр тухайн орчмын иргэд жил 10 гаруй мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсныг зогсоох юм.
Харин “Сэлбэ” дэд төвийн дулаан хангамжийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, 26.6 МВт хүчин чадалтай дулааны станцын бүтээн байгуулалт 65, 9.97 метр урт дулааны шугамын ажил 69, ус дулаан дамжуулах 14 төвийн бүтээн байгуулалт 62, 12.8 км урт бохир усны шугамын ажил 77, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил 74, 320 суудалтай МСҮТ-ийн бүтээн байгуулалт 70, үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
“Дамбадаржаа” дэд төвийн бүтээн байгуулалт 74 хувьд хүрчээ
Төслийн хоёрдугаар үе шат буюу “Дэнжийн мянга, Дамбадаржаа” дэд төвийн бүтээн байгуулалтыг 2022 онд дуусгах төлөвлөгөөтэй. “Дамбадаржаа” дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар  хорооны 70 га талбайг хамарсан бүтээн байгуулалт өрнүүлнэ. Харин “Дэнжийн мянга” дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10,11,12, 13 дугаар хорооны 131 га талбайг хамарсан төлөвлөлт хийх юм.
“Дэнжийн мянга” дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд 1135 метр урт хоёр эгнээ бүхий авто зам, 20 гаруй км урт шугам сүлжээ барих төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор ажлын явц 20 гаруй хувьтай байна. “Дамбадаржаа” дэд төвийн бүтээн байгуулалтын явц 74 хувьтай байна. Төслийн гуравдугаар үе шат буюу “Шархад, Толгойт” дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй юм.
Дэд төвүүдийн бүтээн байгуулалтаас гадна Гандантэгчилэн хийд орчмын гэр хорооллын Орхон хэсгийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох төлөвлөгөөт ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр тухайн орчимд  инженерийн бүрэн хангамжтай амины 100 гаруй орон сууцны хороолол бий болох юм. Эдгээр ажлын үр дүнд 2025 он гэхэд агаарын бохирдол 80 хувиар буурна гэж тооцоолж буй.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ