Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн үед МАН, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс миний эсрэг улайрсан гүтгэлэг явуулж байна. Тодруулбал Улаан бал нэвтрүүлэг Товч сайтын лайв мэдээг эх сурвалж болгон “Улсын баатрын балаг” хэмээх ээлжит гүтгэсэн нэвтрүүлгийг тавдугаар сараас эхлэн томоохон телевизүүдийн оргил цагаар төлбөртэйгөөр цацлаа. Нэвтрүүлэгт аав, хүү хоёрын хэрэг хэмээх зохиомол хэргийн тухай үзүүлэхдээ надтай холбогдуулан шалгаж байгаа хэргийн хавтаст материалыг илтэд мушгин гуйвуулж гүжирдлээ.
МАН намайг хулгайч, дээрэмчин, алуурчин болгож гүтгэх ажиллагааг 30 жил явуулж байгааг та бүхэн мэднэ. Энэ удаад гэр бүлээр маань гүтгэн доромжиллоо. Д.Амарбаясгалан гэж нөхөр сүүлийн өдрүүдэд хүний ёсноос гадуур зүйл хийж байна. Эдгээр гүтгэлэг сонгууль бүрийн өмнө идэвхждэг. Сонгууль бүрийн өмнө намайг айл ухдаг хулгайч, хүн зоддог зодоонч, дээрэмчин, журмын анд С.Зоригийг хөнөөсөн, сүүлд С.Цогтсайханыг хөнөөсөн гэх элий балай зүйлсийг ярьж 30 жил гүжирдсэн.
Хилс хэргээр ял тулгах гэж байгааг нь илчлээд цагдан хоригдсон М.Энхсайханы аюул занал намайг хүлээж байна. Гагцхүү би шударга шүүхээр орон, нээлттэй эрхээ эдэлнэ гэдэгтээ итгэж, иргэнийхээ журамт үүргээ биелүүлэхээр хичээж байна. Шүүхээс өмнө намайг ялтан болгож нийгмийн тархийг угааж байгаад миний сэтгэл зовж байна. Аливаа нөлөөнөөс ангид шударга шүүх хурал болоосой, түүний дараа энэ бүхэн ямар муухай гүтгэлэг байсныг олон түмэн мэдэх болно.
Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт ажлыг гутаах гэсэн улс төрийн том зорилготой үйл ажиллагаа явагдаж байна. Энэ зорилгын төлөө МАН сүүлийн дөрвөн жил ажиллаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. Хүнийг ар хударгаар нь гүтгэхээ боль, сонгогчдынхоо өмнө очоод үнэн мөнийг ярьж, шударга шүүхээр оръё. Би 30 жил улс төрд явахдаа өрсөлдөгчөө хэзээ ч хувь хүний асуудлаар ёс бусаар гүжирдэж, хувийн сонирхлоор хандаж байгаагүй. Зөвхөн улс төрийн бодлого, үнэт зүйлтэй холбогдуулан шүүмжилж ирсэн зарчимтай.
Аливаа зүйлд хуулийг ягштал баримтлах ёстой гэж бүх цаг үед би хэлдэг байсныг тэр тусмаа МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр мэдэхийн сайнаар мэднэ. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар надтай өрсөлдөж, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар хэнийх нь зөв байсныг сонгогчдоор шүүлгэе. Манай хот эрх биш Д.Амарбаясгалан гэдэг ЖДҮ-чингээр удирдуулах дээрээ тулаагүй гэж бодож байна” гэлээ.