Энэ сарын 9, 10-нд бүх нийтээр мод тарина

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тавдугаар сарын 9, 10-нд тохиож байна. Мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан байдлаар мод тарих арга хэмжээг зохион байгуулахгүй тул иргэд та бүхэн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, дэглэмийг чанд сахина уу.

Нийслэл хот “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд агаар, орчны бохирдлыг хамгийн сайн шингээгч мод, модлог ургамлын үрсэлгээ, сургалтын төвийг “Минж нутагшуулах төв”-ийг түшиглэн байгуулаад байна. Энэхүү төвд ургуулсан суулгацаар хотын ногоон байгуулж, ногоон бүсийн ойжуулалтыг хийх бөгөөд ойн аж ахуй эрхлэх, хашаа, эзэмшил газартаа мод тарих хүсэлтэй иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалтууд тогтмол явагдах юм.

Мөн нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд зориулсан “Төгсөгчдийн төгөл” байгуулах санаачилгыг эхлүүлж байгаа бөгөөд дүүрэг бүрийн Боловсролын хэлтэст дээрх зориулалтаар 3 га газрыг олгож байна.

Нийслэлийн 9 дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой газрын байршлыг урьдчилан төлөвлөж /1884 га/, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг нэвтрүүлсэн бөгөөд өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх, хөв цөөрөм байгуулах, орон нутгийн хамгаалалттай газар байгаль хамгааллын ажил хэрэгжүүлэх сонирхолтой байгууллагууд нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандах боломжтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ