Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцуулав.
“2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй 25 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгаа болон томуугаар өвдсөн хүмүүсээс сорьц цуглуулан коронавирус илрүүлэх шинжилгээ хийж тандаж байгаа юм.
Өчигдөр зоронавирус илэрсэн хүний ойрын хавьтлын 24 хүнийг тогтоож, тэдгээрт шинжилгээ хийхэд нэг хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу кабинд нь цуг сууж явсан гэр бүлийнх нь хүн. Тиймээс олуулаа явж болохгүй гэж сануулаад байгаа. Зөвлөмжөө мөрдвөл коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой. Харин 23 хүнд нь халдвар илрээгүй. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна. Эдгээр тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн.
Иргэд анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж байхыг зөвлөе. Бээлий өмсөж гараа хамгаалах Уханийн том туршлага бий. Хамтдаа өөдрөг сэтгэлээр коронавирусийг даван туулъя” гэлээ.