Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төр хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг оролцоог нийслэлийн үйл ажиллагаанд илүү тодорхой болгож оруулж ирэх ёстой. Хувийн хэвшлийнхэн нийслэлийн тулгамдсан асуудлуудад шийдэл гаргах бизнес төсөл боловсруулж ажилламаар байна. Хот бодлогын хүрээнд хувийн хэвшлээ дэмжээд явах хэрэгтэй байна. Энэ л бидний хамтын ажиллагааны гол зорилго байх ёстой” хэмээн дэд хөтөлбөрийг батлах үеэр онцолж байв.
Тэгвэл төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК Петровис Групптэй хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлэхээр хамтарсан компани байгуулах гэрээг үзэглэв. Петровис Групп нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг гаргаж байгаа бөгөөд уг хамтарсан компани нь төслийн үйл ажиллагааг бизнесийн зарчмаар хэрэгжүүлэн ажиллах юм.
“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрхөд олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмж бүхий хувцас угаах автомат угаалга, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан халуун усны үйлчилгээ үзүүлэхээс гадна мөн үсчин ажиллах юм. Ингэснээр хөрсний бохирдлын 80 хувийг эзэлж байгаа хувцас угаасан бохир усыг гудамжинд ил задгай асгах асуудлыг шийдвэрлэж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цахилгаан зарцуулалтыг багасгах, цэвэр усны зохистой хэрэглээг дэмжих боломж бүрдэнэ.
Гэр хорооллын иргэдийн амьдарч буй орчны агаар, хөрс, усны бохирдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал болоод байсан. Хөрсний бохирдлыг бууруулахад түүнийг цэвэрлэхээс илүүтэй гол эх үүсвэр болох ахуйн хог хаягдлыг бодитоор багасгах ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай юм. Иймд дээрх төслийг хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр ийнхүү гэрээг үзэглэв.