БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулав. Тэрбээр ярихдаа “192 орон үндэсний хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Дэлхий нийтэд 1.717 тэрбум хүүхэд хөл хорионд байна. Манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Теле хичээлийг зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ. Цэцэрлэг болон нэгдүгээр ангид орох сурагчдын бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа. Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийнэ.
Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй. Анги дэвших жилийн эцсийн шалгалтын дүнг хоёрдугаар улирлын дүнгээр нь тооцож, анги дэвшүүлнэ. Улираахгүй, дахин сургах асуудал байхгүй” хэмээн мэдэгдлээ.