УСУГ-ын Сургалт судалгааны төвийн сургалтын инженер-багш Ж.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Таныг цахилгааны мэргэжилтэй гэж сонссон. Ус сувгийн удирдах газартай амьдралаа холбох болсон цаг үеэс яриагаа эхэлье?
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 10 жилээ дүүргээд Украин улсын Запорожъе хотын Техникийн их сургуулийг цахилгааны инженер-механик мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд буюу 1984 оны долоодугаар сард тухайн үеийн Нийтийн Аж Ахуй, Үйлчилгээний Яамны томилолтоор Ус сувгийн удирдах газарт ирж байлаа. Хэдийгээр би өөрөө хөдөө, нутагтаа очиж ажиллах хүсэлтэй байсан ч тэр үед миний мэргэжлийн чиглэлийн мэргэжилтэн НААҮЯ-ны системийн хувьд цөөн байсан болохоор тэрүү намайг Улаанбаатарт авч үлдсэн юм. Тэр үеийн л жишгийн дагуу цахилгааны дагалдан монтероор ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед 6 сар дагалдан хийж байж жинхэлдэг байлаа. Ингээд 6 сар дадлага туршлага олж авч, хичээж ажилласны үр дүнд цахилгааны инженер болж, цахилгааны инженерээр дөрвөн сар ажиллаад УСУГ-ын Цахилгааны албыг шинэчлэн байгуулж даргаар нь томилогдож байлаа. Манай алба 50 гаруй хүнтэй байв. Ингээд 1990 он хүртэл салбартаа дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, цахилгаан тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, ажлын бүтээмжээ дээшлүүлэх, сайжруулах талаар хамт олонтойгоо санаа бодлоо уралдуулж ажилласаар ажлуудаа нэлээн цэгцэлж авсан.
-Хоёр нийгэм солигдох үед олон салбар хүнд байдалд орсон байдаг. Таны ажиллаж байсан газарт хэр бужигнаан үүсэв?
-1990 онд ардчилал гарахад шинэ зохион байгуулалтад шилжиж манай цахилгааны алба татан буугдаж, би Ус хангамжийн албаны ахлах инженэрээр томилогдон ажилласан. Тухайн үед манай алба Улаанбаатар хотын хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ундны цэвэр усаар тасралтгүй хангаж ажилладаг 5 эх үүсвэр, 190 гаруй гүний худаг, шугам хоолой, 700 орчим гэр хороолын ус түгээх байр хариуцан ажилладаг манай Удирдах газрын хамгийн том алба байсан л даа. Энэ хугацаанд өөрийн үндсэн мэргэжлээс гадна ус хангамжийн мэргэжлийн талаар чамгүй мэдлэгтэй болж авсан ба нийслэлийн хэмжээний усан хангамжийг сайжруулах, насосны станцуудыг өргөтгөх шинэчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх гэх мэтчилэн ус хангамжийн ажилд нэлээн оролцож, Налайхын цаана дээд эх үүсвэрийн 32 гүний худагтай иж бүрэн насосны станц, Баруун дүүргийн болон Тасганы овооны дамжуулан шахах станцууд, Гачууртын Хар усан тохойн 22 гүний худаг гэх мэт шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулж ус хангамжийг сайжруулах том төслүүдэд оролцож явсан.
Гэвч тухайн үеийн нам, улс төрийн байдал, үзэл суртлын зөрөлдөөнөөс шалтгаалан 1992 оны долоодугаар сард би ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед удирдах албан тушаалтан хүн намын гишүүн байж нам, төрийн бодлогыг шат шатандаа хэрэгжүүлж байх үүрэгтэй байсан учир би 1987 онд МАХН-ын гишүүнээр элсэж байсан юм. Ингээд бусдын жишгээр хувиараа компани байгуулан ажиллаж байгаад тухайн үед хувиараа аж ахуй эрхлэхэд дарамт их байсан учир 2001 онд БНСУ-д сургуульд сурч, ажиллахаар явсан юм. Тэгээд 2009 онд эх орондоо ирээд тухайн үед УСУГ-ын дарга байсан Б.Пүрэвжав даргатай уулзаж энэ салбартаа ажиллах хүсэлтээ гаргаснаар эргээд УСУГ-таа орсон доо. Дашрамд хэлэхэд намайг үнэлж ажилд эргүүлэн авсан Пүрэвжав даргадаа баярлаж явдаг юм.
Ингээд ус хангамжийн албандаа инженерээр ажиллаж байгаад 2014 оноос тус газрын харьяа Сургалт судалгааны төвд инженер-багшаар ажиллаж залуу үеэ сургах, ажилчдаа мэргэшүүлэх ажлыг хийж байна даа.
-Өнгөрсөн хугацаанд цахилгааны болон Ус хангамжийн албанд ажиллаж байх үедээ хийсэн гол гол ажлуудаасаа дурдаач?
-Улаанбаатар хотын ус хангамжийн системийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажлуудыг бид хийсэн. Ус сувгийн байгууламжууд цахилгаан хангамжийн хувьд нэгдүгээр зэргийн ангилалд хамрагдан бие биеэс үл хамаарах хоёр талын цахилгааны эх үүсвэртэй байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, нэг эх үүсвэрийн цахилгаан тасрахад нөгөөх нь автоматаар сэлгэн залгагдаж тасалдалгүй ажиллах боломжтой байх ёстой гэсэн үг. Тухайн үед Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын байгууламжуудын 70 орчим хувь нь 2 талын цахилгаан хангамжтай, 30 орчим хувь нь нэг талын тэжээлийн эх үүсвэртэй, цахилгаан тасарвал хүндрэл учирдаг байлаа. Цахилгааны албанд байхдаа үүнийг мэргэжлийн байгууллагатай хамтран төлөвлөж 100 хувь бие биеэсээ үл хамаарах 2 талын цахилгааны эх үүсвэртэй болгохыг зорьж, үүнийгээ ч амжилттай биелүүлсэн.
Байгууллагын харьяаллын ус хангамж, ариутгах татуургын системийн тоноглолуудын өндөр хүчдэлийн 6, 10 кВ-ийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдэд сэлгэн залгалт, таслалт, залгалт, үзлэг үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөл авч мэргэшлийн групп /мэргэжил биш/ олгох сургалтад инженер техникийн ажилтан, өндөр зэрэгтэй ажилчдыг хамруулан мэргэшлийн зэрэг олгуулсан нь аюулгүйн болон шуурхай ажиллагааны хувьд дуудлага хүлээхгүй цаг хугацаа хожих үр дүн өгсөн ба тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулсан. Өөрөөр хэлбэл, өөрсдөө хийж чаддаг болсон гэсэн үг.
Гүний худгууд тухайн үед гар удирдлагатай, заавал хүн очиж залгаж, салгадаг байсан. Оросын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар цэвэр усны төв станцын 50, Хар усан тохойн 22, нийт 72 гүний худгийг алсын удирдлагад /телемеханик/ шилжүүлж, бүх худгийн үйл ажиллагааг машинистууд ажлын байран дээрээсээ шууд хянаж удирддаг, мэдээллээ авдаг системийг анх нэвтрүүлж байлаа. Тухайн үеийн ЗХУ-ын систем л дээ. Энэхүү систем нь техник технологийн хөгжлийн явцад хоцрогдож одоо илүү боловсронгуй, ухаалаг “SCADA” системийг манай байгууллага, хамт олон цэг салбарууддаа нэвтрүүлж өнгөрсөн жил Хяналт удирдлагын нэгдсэн төвөө ашиглалтад оруулсан.
Ундны цэвэр усны насосны станцын гүний худгуудын цахилгаан хөдөлгүүр, насосуудыг бүтээмж өндөртэй, цахилгаан зарцуулалт багатай хөдөлгүүр насосоор солих, тэдгээрийн удирдах цахилгаан щитийг тоноглох тохиргоо хийх автоматжуулах ажлуудыг зохион байгуулснаар тухайн үедээ байгууллагын хэмжээнд 10-15 хувийн эрчим хүчний хэмнэлт гаргаж байлаа.
Цэвэр усны А станцын насосны хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа, тооцоог механик инженерүүдтэйгээ хамтран хийж D630 маркийн насосыг D2000 насосаар солих төслийг удирдаж хийсэн. Цагт 630 м.куб ус шахдаг насос маань тухайн үеийн хотын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байв. Иймээс цагт 2000 м.куб буюу өмнөхөөс 3 дахин их ус шахдаг насосоор сольсон гэсэн үг. Тэр үед нэг насосыг туршилтаар суурилуулж байсан бол одоо 3 ийм насос бүрэн хүчин чадлаар ажиллаж байна.
Мөн Төв цэвэрлэх байгууламжийн агааржуулах станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх өргөтгөл, хотын шинэ захын насос станц, цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх 35/10 киловольтын дэд станц зэргийг шинээр ашиглалтад оруулж, цахилгааны болон бохир ус хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдэд гар бие оролцож байсан.
Аливаа үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагын ашиг, орлого нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэдий хэмжээний цахилгаан зарцуулж байна вэ гэдгээс маш их хамааралтай байдаг. Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд аль болох бага цахилгаан эрчим хүч хэрэглэж бага зардлаар үйлдвэрлэх нь ашигтай шүү дээ. Анх намайг ажилд ороход ийм тооцоо байхгүй, бүрэн тоолууржуулаагүй задгайгаар тооцох явдал нэлээн байсан. Иймээс горимын инженертэйгээ хамтран жил орчим судалгаа хийсний үндсэн дээр 1м.куб усыг олзворлон шахах, бохир ус татан цэвэрлэхэд зарцуулах цахилгаан эрчим хүчний нормыг анх хоёр аргаар тооцон гаргаж байлаа. Энэ тооцоон дээр үндэслэн эрчим хүчний нормыг одоо хүртэл манай салбарт нарийвчлан боловсруулж мөрдөж байгааг харахад сайхан санагддаг. Мөн зөвлөж ажиллаж байна.
Тухайн үед тоног төхөөрөмжийн гэмтэл саатал их гардаг байсан тул эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг засварлан буцааж ашиглах ажил их хийгддэг байлаа. Иймээс механик инженерүүдтэйгээ хамтран хөдөлгүүр, насос, тоног төхөөрөмж засах, мотор ороох засварын цех байгуулсан нь одоо ч үе уламжлагдан ажиллаж байна.
Мэдээж цахилгаан эрчим хүч болоод ус хангамжийн салбарт аль алинд нь л техник технологийн дэвшил, шинэ бүхнийг туршиж нэвтрүүлэх шаардлагатай учраас энэ бүхэнд анхаарч, шинэ техник технологи нэвтрэх бүрт ажилчдаа сургах, дадлагажуулах ажлыг давхар хийж ирсэн.
-Цахилгааны мэргэжилтэй ч Та хувь тавилангаар устай ажил амьдралаа давхар холбосон хүн байна. Ус, цахилгаан аль аль нь л Улаанбаатар хотынхны амьдралтай өдөр тутам салшгүй холбоотой амин салбар шүү дээ. Цахилгаан болон усны аль нэг нь доголдож, тасалдахад бид хэцүүднэ. Нэг дусал усны үнэ цэн, эсвэл цахилгаан эрчим хүчний үр ашгийг Та юутай зүйрлэж хэлэх вэ?
-Монголчууд усаа чандмань эрдэнэ гэдэг. Бид өөрсдийгөө чандмань эрдэнийг түгээгч нар гэж бодож бахархаж явдаг. Чандмань эрдэнийн одон гэж манай байгууллагын дээд шагнал байдаг. Энэ шагналыг өнгөрсөн жил байгууллагаасаа авсандаа баяртай байгаа.
Дэлхий нийтэд цэвэр усны хомсдол үүсч одоо ус алтнаас үнэтэй болно гэж тооцоолоод байна. Улаанбаатарчууд бид дан гүний цэвэр усаа ашигладаг. Газрын гадаргын усаа ашигладаггүй. Гадаргын усаа ашиглах төсөл яригдаж байгаа ч хэрэгжиж эхлээгүй л байна. Гадаргын усаа ашиглах хугацааг аль болох наашлуулахгүй бол 2030 он гэхэд Улаанбаатар хот усны хомсдолд орно гэсэн тооцоо байгаа. Иймээс гүний усаа аль болох ариг гамтай ашиглаад, гадаргын усаа цэвэршүүлж дахин ашиглах зайлшгүй шаардлагатай байна. Усны дусал бүрийг хайрлаж, хэмнэх ёстой гэж би боддог. Далайд дусал нэмэр гэдэг шиг дусал дуслаар хэмнээд байвал ирээдүйн хомсдол бага ч атугай цаг хугацаагаар цаашилна. Хүний биеийн 70-80 хувь ус байдаг. Усгүй л бол хүн, байгаль дэлхий ч гэсэн хатна. Усны үнэ цэнийг ойлгож, усаа хэмнэх арга хэвшлийг сурч, өдөр тутамдаа ашиглаж байхыг л хүн бүрт захимаар байдаг даа.
Ус шингэн боловч мөс болон хатуурна
Ус хэдий хар боловч цас болон цайрна
Ус хүнд боловч уур болон дэгдэнэ
Ус шимгүй боловч түмэн бодисыг тэжээнэ гэсэн 4 мөрт байдаг. Түмэн бодис гэдэг маань манай дэлхий, агаар мандал, ургамал амьтан, бид бүгд шүү дээ.
Хаа явсан газартаа ус гоожиж байвал сэтгэл их эмзэглэдэг. Манай улс жорлондоо хүртэл цэвэр усаа хэрэглэдэг. Мэргэжлийн өвчин ч гэх үү, ус дусаж гоожиж байвал сэтгэл их өвддөг. Таньдаг айл таарвал задлаад засах гээд л дайрна. Танихгүй хүмүүст бол энийгээ засаарай гэж ухуулах жишээтэй. Би дөрвөн ачтай. Ач нартаа шүдээ ус гоожуулахгүй угаахыг заахаас эхлээд ус хэмнэхийг хичээдэг.
Ер нь манай байгууллагын бүх хүнд л ийм л сэтгэл суусан байдаг. Усны хомсдол үүсэж болзошгүй нөхцөлд хүн бүр л ингэж хичээхээс аргагүй байна.
Цахилгаан эрчим хүчний тухайд ч гэсэн хэмэх шаардлага, зорилт тавигдсаар байгаа. Учир нь манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 94 орчим хувийг дулааны цахилгаан станцууд эзэлдэг. Энэ нь хөрөнгө мөнгө их зарж байна гэхээсээ илүү агаарын бохирдол, хүлэмжийн хий, тоосонцорын гол эх үүсвэр шүү дээ. Эрчим хүчээ хэмнэж, сэргээгдэх эрчим хүч, нар салхины эрчим хүч түлхүү ашиглавал энэ байдал бага ч болов багасна гэсэн үг шүү дээ.
–УСУГ-ын Сургалт судалгааны төвийн инженер-багш бас ахмад ажилтны үүднээс залуу ажилчид, мэргэжилтнүүддээ яг юуг онцолж захих вэ?
-Диплом бол та нарын тухайн мэргэжлээрээ ерөнхий ойлголт авч сургуулиар бол зөвхөн бага сургуулиа л төгслөө гэсэн үг. Харин ажил амьдрал дээр гарч аливаа зүйлийг мэдэрч, тэмтэрч, хийж туршиж үзсэнээр жинхэнэ мэргэжилтэн болдог. Хичээл зүтгэл хамгаас чухал. Хичээхгүй, санаачилгагүй байвал диплом зүгээр л эрээн цаас төдийгөөр үлдэнэ. Сэтгэлээсээ хийсэн бүхэн чамд туршлага, амжилт болж үлддэг учраас мэдлэг, ур чадвар, идэвх зүтгэл, санаачилгатай, гол нь сэтгэлтэй байгаарай гэж залуустаа захимаар байна. Сэтгэл, идэвх хоёр л өөрийгөө хөгжүүлэх түлхүүр байдаг. Мэргэжил эзэмших нэг хэрэг, мэргэших нэг өөр шүү.
Бас амьдрал дээр сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцахгүй, нуугаад өөртөө л үлдээх гээд байдаг хүмүүс байдаг. Мэдсэн л бол бусадтайгаа хуваалцах нь маш чухал чанар юм. Ингэж байж л мэргэшсэн инженер болно. Эдгээр чанаруудыг бүгдийг нь өөртөө агуулахыг л залуу мэргэжилтнүүддээ захимаар байна.
Ер нь хүн ямар ч ажил хийдэг байсан талхны мөнгийг нь таслалгүй өгч байгаа ажил олгогчдоо талархаж, үүнийгээ эргээд үнэнч, хариуцлагатай, тууштай байдлаараа илэрхийлэх ёстой гэж би бодож явдаг. Байгууллага баян бол бид баян гэж ажлынхаа цахилгаан, усыг нь хэмнэж гамнаж, эвдэрч гэмтсэнийг эвлүүлж өөд нь дээш нь татаж байгаарай, хэнээс ч хялбар дэмжлэг, хялбар дэвшил, хялбар гавьяа шагнал бүү горьдож байгаарай, өөрөө л зөв үйлтэй зөв бодолтой явахад туулах зам чинь шулуун дардан, зөөлөн байх болно. Ажлыг чи халтуурдвал амьдрал чамайг баллуурдана гэж нэгэн ухаантан хэлснийг санаж яваарай л гэж захья даа.
-Таны ярианаас ажилдаа их хариуцлагатай, бас хэр баргийн зүйлд омойтдоггүй даруу төлөв хүн шиг санагдлаа?
-Би чадна гэдэг үгэнд би ер нь дургүй. Би чадна гэхийн оронд чимээгүй л тэрийгээ чанартай, найдвартай хийж, чадсаныхаа дараа хийчихлээ, би чадлаа гэж хэлсэн нь дээр. Нэг ажлын ард гарчихаад л биеэ тоогоод байвал дараа дараагийн ажлын ард гарах чадвар боломжоосоо хумсална л гэж боддог доо.
Цаг зав гарган ярилцлсанд баярлалаа.
Сэтгүүлч Б.НАМЖИЛМАА