МҮХАҮТ-аас “Бизнес итгэлийн индекс 2019” судалгааны дүнг танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. МҮХАҮТ шинэ оноос эхлээд коронавирусийн тархалт гарах үеэс эхлэн бизнесийн орчны судалгаа нөлөөлөл болон цаашдаа эдийн засгийн эрсдлийг удирдах багц саналуудыг төрд хүргүүлэн ажилласан байна. Жил бүрийн 3 сард “Бизнес итгэлийн индекс” судалгааг тус танхимаас хийдэг бөгөөд энэ оны судалгаанд 1800 орчим бизнес эрхлэгч, компаниуд оролцжээ.
Судалгаагаар вирусийн дэгдэлттэй холбоотойгоор салбарууд дахь ажилгүйдлийн нөлөөллийг судалжээ. Ингэхэд нийт 1800 компаниас 33 хувь ажилтнуудаа цомхотгосон байна. Топдруулбал, гуравдугаар сарын 23-ны байдлаар 63200 хүн цомхотголд өртсөн байна.
Эрчим хүч, мэдээллийн технологи, харилцаа холбоо, боловсрол, барилга гэсэн салбаруудад ажлын байр харьцангуй тогтвортой хадгалагдаж байгаа бол эсрэгээр зочид буудал, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэр, банк санхүүгийн салбарт хамгийн их нөлөөлөл үзүүлж ажилчдаа цомхотгожээ. Судалгаанд оролцсон компаниудын 65 хувь орлого буурсанаас, 45 хувь нь үйл ажиллагаа зогссон эсвэл доголдсоноос, 30 хувь тогтмол зардлаа буурулахын тулд цомхотгосон гэж хариулсан байна.
Цаашдаа дахин цомхотгох уу гэсэн асуултад ажил олгогчдын 30 хувь нь байдал энэ хэвээр үргэлжилвэл цомхотгол хийнэ гэж хариулжээ. Тэр дундаа хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхан хамгийн их буюу 50 хувь нь цомхотгол хийхээр төлөвлөөд байгаа аж. Ноос ноолуурын үйлдвэрүүд, зочид буудал, аялал жуулчлал хүнсний худалдаа эрхлэгчид гэх мэт салбарынхан хамгийн их ажлын байр шингээдэг салбар. Мөн өрх толгойлсон эхчүүд гэх мэт эмзэг хэсгийнхэн эдгээр салбарт их ажилладаг учир Засгийн газраас энэ салбарт анхаарал тавих ёстой гэж санаа зовох ёстой МҮХАҮ-аас мэдээллээ.
Судалгаанд оролцсон компаниудын 46 хувь нь ажилчдаа богиносгосон цагаар ажиллуулж, 28 хувь нь ээлжийн амралтаа өгөх зэргээр зохицуулалт хийжээ.
Компаниуд ажлын байр хадгалахын тулд хөнгөлөлттэй зээл олгох, НДШ төлөх хугацааг хойшлуулах зэрэг хүсэлт гаргасан байна.
Аялал жуулчлал нь энэ онд хамгийн их эрсдэл үүрч байгаа, хамгийн түрүүнд эрсдэлд өртсөн салбар юм.
Уг салбарт 620 зочид буудал, 410 жуулчны бааз, 310 тур оператор багтдаг бөгөөд 118 мянган ажлын байр бүхий салбар. Жилд МУ-ын эдийн засагт 1.6 их наяд төгрөг, нийслэлийн төсөвт 470 орчим тэрбум төгрөг оруулдаг “айл”. Гэвч энэ том “айл” 2000 онд 0 зогсолт хийх нь тодорхой байгаа тул анхаарч арга хэмжээ авах шаардлага зайлшгүй байгаа юм. Үйлчилгээний газруудын татвар буюу 1 хувийн татвараас олсон орлогыг анх аялал жуучлалд зориулна гэж гаргаж байсан. Уг татвараас 2019 онд 7 орчим тэрбум төгрөг төвлөрсөн юм байна. Иймээс хүнд байдалд ороод буй уг салбарыг аврахын тулд 7 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээгээр ногоон зээлийн сангаас дэмжлэг үзүүлэх, вирусийн дэгдэлттэй тэмцэхийн зэрэгцээ дотоодын аялал жуулчлалыг тодорхой хэмжээнд нээхгүй бол үндсэндээ ажил эрхэлдэг 1 сая орчим хүний бол 12-13 хувьтай тэнцэх хүн ажилгүй болох харамсалтай дүр зураг гараад байгааг МҮХАҮТ-аас анхаарууллаа.
Тус танхимаас 2012 оноос компаниудын итгэлийн индексийн судалгааг тогтмол хийж ирсэн. 2012 оноос хойш итгэлийн индекс байнга бага байж ирсэн ч 2018 оны төгсгөлд онд анх удаа итгэлийн индекс эерэг гарсан аж. Цаашид макро эдийн засгийн түвшин тогтворжиж, өрөнгө оруулалт ашиг орлогоо нэмэгдүүлэн ажиллаж болохоор байна гэсэн итгэл компаниудад төрж байсан ч харамсалтай нь энэ үзүүлэлт буцаад буурахаар нөхцөл байдал үүсчээ. Үүнийг дагаад 2020 оны бизнесийн хүлээлт ч огцом унаж байгаа дүр зураг ажиглагджээ. 2019 онд 66 хувь байсан хүлээлт энэ онд 31 хувь болон багассан байна. Бодит байдал дээр энэ хувь 20 орчим хувьд хүрэх байх гэж мэргэжлийн хүмүүс таамаглаж байгаа аж. Ялангуяа уул уурхай, аялал жуулчлал, барилгын салбарт байдал илүү нөлөөлж хүлээлтээс огцом унасан үзүүлэлт ажиглагдахаар байгаа юм байна.
Ашиг орлогын хүлээлт 2020 онд мөн огцом унаж 36 хувь болохоор тооцоо гарчээ. Өнгөрсөн онд хүлээлтийн хувь 72 байсан юм байна. Хүлээлт ингэж унахаар дагаад цалин нэмэх, хөрөнгө оруулалт нэмэх зэрэг үзүүлэлт унах нь тодорхой юм.
Дэлхийн улс орнуудын вирустэй тэмцэх олон эдийн засгаа аварч үлдэх хамаарлыг Маккензи судалгааны институт судалсан байна. Эндээс манай улсын хувьд B1 ангилал буюу вирусийн эсрэг маш сайн ажиллаж байгаа ч эдийн засгийн салбаруудаа дэмжсэн, яг бодит байдал дээр өнөөдөр хэрэгжсэн бодит шийдвэр аваагүй гэж харагдаж байгаа аж. АНУ-ын хувьд гэхэд А3 буюу вирусийн эсрэг дунд зэрэг тэмцээд эдийн засгаа дунд зэрэг хэмжээнд дэмжиж байгаа гэж өөрсдийгөө үзэж байгаа юм байна.
Уг судалгааны энэ мэт таагүй үзүүлэлтүүд төр засгаас бизнес эрхлэгчиддээ дэмжих тодорхой бодлого боловсруулах, төр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Иймээс эдийн засгаа аварсан, хөрөнгө оруулалт нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн багц арга хэмжээг Засгийн газар яаралтай дахин боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхийг гэж МҮХАҮТ-аас санал болголоо.