Монгол Улс Хүүхэд хамгааллын салбарт эрх зүйн шинэчлэлт хийж, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Өнөөдрийн байдлаар эдгээр хууль тогтоомжийг даган гарсан 50 гаруй журам хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд хамтран хүүхэд хамгаалах чиглэлээр олон ажил хийж буй ч сүүлийн үед нийгмийг цочроосон, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд нь сөрөг нөлөө үзүүлэх, хүүхэд амь нас, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирсон тохиолдол гарсаар байна.
Иймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон олон нийт, төрийн бус байгууллагууд, иргэдэд хандан “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал”-ын асуудалд онцгой анхаарал болгоомжтой хандаж, хохирогчдын ялангуяа ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН тухай мэдээ, мэдээлэл, нийтлэлдээ холбогдох хуулийн хүрээнд хариуцлагатай хандахыг хүсэж байна. Хохирогчийн нэр, царай, амьдарч байгаа газар орчин, суралцдаг сургууль, гэр бүл, гэрийн хаягийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг анхааруулж байна.
Учир нь, хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, нийгэмшил нь насанд хүрэгчид болон эцэг эх, үе тэнгийнхнээсээ ихээхэн хамааралтай байдаг бөгөөд болгоомжгүй, хариуцлагагүй мэдээллээс болж амьдралд нь олон сөрөг нөхцөл байдал үүсдэг хэмээн судлаачид үздэг. Ялангуяа өсвөр насны хүүхдийн хувьд үе тэнгийнхэн дотроо эерэг байр суурьтай болж байж тэдний хөгжил төлөвшил хэвийн явагддаг. Гэтэл өөрийг нь ямар нэг шалтгаанаар ялгаварлан гадуурхаж эхэлбэл өөртөө итгэлгүй болох, үнэлэмж нь доошлох, үүнээс болж амиа хорлох бодол төрөх, ийм оролдлого хийх, гэрээсээ дайжих, сургуулиас завсардах, өөрөө нийгмийн эсрэг гэмт хэрэг хийх, буруу явдалд уруу татагдах зэрэг сөрөг үр дагавар гарч эхэлдэг.
Энэ бүхнийг энгийнээр тайлбарлавал, хүүхэд ямар нэг хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болоход өөрөө буруугүй ч хохирогчийг буруутгадаг хандлага, нийгэмд “хүчирхийлүүлсэн хүүхэд” хэмээн цоллогдож байгаа нэр төр, хүн бүхний гайхсан харц, яриаг сонсоод сэтгэл санааны гэнэтийн цочролд орж хямралд өртдөг. Хямралд орсон хүн нөхцөл байдалтайгаа дасан зохицох уу, үл дасан зохицох уу гэдэг нь хувь хүний онцлогоос шалтгаалдаг төдийгүй ялангуяа хүчингийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэл зүйн хямрал хамгийн багадаа 6 сараас дээш хэдэн ч жил үргэлжлэх магадлалтай байдаг. Гэтэл энэ үед нь өөрийнх нь, гэр бүлийнх нь тухай мэдээлэл хэвлэл мэдээлэл болон цахим орчинд гарвал хохирогч хүүхэд өөрийгөө буруутган улам их шаналах, зарим үед хямралыг давж чадахгүй амиа хорлох эрсдэлд ордог. Иймээс БИД хэн ч байсан Хүүхдийн нэр хүнд ирээдүйг бүрхэг болгож болохгүй. Бүх зүйл дээр хүүхдийн эрх, нэр хүнд, эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй юм. Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар эцэг эхчүүд ч мөн тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй.
Тухайлбал:
• Хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцах, авьяас сонирхлыг танин мэдэх, хөгжлийг дэмжих. Хүмүүжил, төлөвшилд нь анхаарах, өөрсдөө эерэгээр үлгэрлэх
• Эрсдэлээс сэргийлэх, хүүхэд насны онцлог, сонирхол, гэнэн томоогүй, учрыг бүрэн ухаарч амжаагүйн улмаас сөрөг явдалд уруу татагдахаас сэргийлэх, хамгаалах
• Гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаагаа уртасгах гэх мэт олон зүйлийг ААВ, ЭЭЖ та ХҮҮХЭДТЭЙГЭЭ хийгээрэй.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон олон нийтийг энэ бүх эерэг мэдээллийг бусдад сурталчилан таниулах, түгээх, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг хийхэд нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Хүүхэд хамгаалалд ёс зүйтэй ИРГЭН ТА, ёс зүйтэй СЭТГҮҮЛЧ ТА эерэг өөрчлөлтийг авчирна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Хүүхэд хамгааллын тухай хуулиас…
8 дугаар зүйл. Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал
8.1.Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална.
8.2.Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
8.3.Хүүхдэд зориулсан мэдээ, мэдээлэл нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн иргэн, хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтан энэ тухай гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ.
8.4.Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.5.Арван зургаан насанд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн энэ зүйлийн 8.4-т заасан үйлдлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу хариуцна.
8.6.Интернетийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцоно.