Халдвар авсан иргэдэд шаардлагатай бүх эмчилгээг хийж байна
Улсын онцгой комисс хуралдан Шинэ коронавируст халдвартай холбоотой нөхцөл байдал, хийж байгаа ажил зэргийн талаар хэлэлцлээ. БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ мэдээлсэн байна. Дээрх гурван хүнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д ажиллах эмч, сувилагч, асрагч нарын тоог нэмэх, халдвар авсан иргэдийн эмчилгээнд онцгой анхаарах зэргийг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг авч ирэхээр “МИАТ” компанийн онгоц 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсыг зорих гэж байна. Цаашид иргэдийн тоо, судалгааг гаргаж, тусгай нислэгээр авчрахаар төлөвлөж байгааг Шадар сайд хэлэв. Дипломат төлөөлөгчийн болон Консулын газруудын ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулах, гадаадад байгаа иргэдээ халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэхийг Улсын онцгой комисс чиглэл болгов. Одоогоор аймаг, хот хоорондын зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгах эсэхийг ойрын өдрүүдэд шийдвэрлэхээр болов. Мөн холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ бүрэн хангасны дараа нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх эсэхийг хэлэлцэх юм.