Бүгд найрамдах Куба улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Кубийн “Пренза Латина” мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ. Ярилцлагыг дор сийрүүлэв.
-Монгол Кубийн дипломат харилцааны талаар яриагаа эхлэе?
-Монгол, Кубийн хооронд 1960 оны 12 дугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Манай улс Гавана хотноо 1962 оны 7 дугаар сард ЭСЯ-аа нээж Куба Улс 1962 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо ЭСЯ-аа нээсэн түүхтэй.
Энэ хугацаанд Монгол Улсаас БНКУ-д манай 17 Элчин сайд томилогдон ажилласан. Миний хувьд тус улсад суух 18 дахь Элчин сайд болж байна.1990 оноос өмнө Монгол, Кубийн хооронд нам, төрийн бүх түвшинд харилцан айлчлалыг өргөнөөр зохион байгуулсан байдаг. Тухайлбал, 1970 онд Кубын нам, засгийн удирдагч Раул Кастро тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, 1972 онд Монголын тухайн үеийн нам, төр, засгийн удирдагч агсан Юмжаагийн Цэдэнбал, 1984 онд Улс төрийн товчооны гишүүн Жамбын Батмөнх тэргүүтэй төлөөлөгчид Куба улсад айлчилж байв. Мөн 1984 онд Монгол, Куба улсын хооронд Найрамдалт хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. 1986 онд Кубийн удирдагч Фидель Кастрогийн 60 насны ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын одонгоор шагнасан байдаг. 1999 онд Куба, Монголын Найрамдлын нийгэмлэгийн дарга, Кубийн Гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны яамны орлогч сайд Ноэми Бенитес тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилсан. Айлчлалын үеэр Монгол, Кубийн эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан болж байв. 2000 онд Кубийн Төрийн Зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Ф.Кастрогийн бие төлөөлөгч А.Веласко Монголд айлчилж, 2001 онд Монгол Улсын Их Хурлын дарга Б. Энэбиш Кубад албан ёсны айлчлал хийсэн.
2001 онд Кубийн Гадаад харилцааны яамны дэд сайд Г.Менчеро, 2003 онд Монгол Улсын БСШУ-ы сайд А.Цанжид Кубад урилгын дагуу айлчилсан байна. 2003 болон 2006 онд тухайн үеийн нийслэлийн удирдлагууд Кубад айлчилж “Улаанбаатар, Хавана хотуудын хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг”, Улаанбаатар, Хавана хотын хооронд ах дүү хотуудын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж байлаа. Мөн 2006 онд Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид Кубад ажлын айлчлал хийж, Кубын Гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны дэд сайд Куба-Монголын Найрамдлын нийгэмлэгийн дарга Рамон Риполл Диас Монгол Улсад айлчилсан түүхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ийн нийслэл Гаванад зохиогдсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний 14 дүгээр бага хуралд 2006 онд оролцож байв.
2007 онд УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид БНКУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар Куба Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан. 2013 онын 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, БНКУ-ийн Ерөнхий Прокурор Дарио Дэлгадо Куратай болон албаны бусад хүмүүстэй албаны уулзалт хийж, хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан.
2015 онд Монгол Улс нь уламжлалт найрсаг харилцаатай БНКуба Улстай харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхижүүлэх, шинэ шатанд гаргах үүднээс Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Куба Улсад албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 9 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд БНКУ-д албан ёсны айлчлал хийж байв.
Монгол Кубийн Улсын Засгийн газар хоорондын болоод ГХЯ хоорондын Зөвлөлдөх болон Комиссын уулзалтууд 1998, 2001, 2003, 2007, 2013, 2014, 2019 онуудад Улаанбаатар, Хавана хотноо тус тус зохион байгуулагдсан зэргийг өнгөрсөн 60 жилийн түүхэн харилцаанд тэмдэглэх ёстой болов уу.
-Монгол, Кубийн хоёр талын харилцаа ямар төвшинд байна гэж та үзэж байгаа вэ?
-Монгол-Кубийн найрамдлын нийгэмлэг 1962 онд байгуулагдсан. Булган аймгийн Бүрэнхангай сумын “Дархан” компани, Улаанбаатарын “Бөхөг“ компани тус тус Монгол Кубийн найрамдлын нэрэмжит, нийслэлийн 52 дугаар дунд сургууль Хосе Мартийн нэрэмжит сургууль болсон түүхтэй.
2008 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Куба Улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн хоёр удаагийн далайн хүчтэй хар шуурганы улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын үлэмж хохирол учирсантай холбогдуулан уг байгалийн гамшигийг гэтлэн давахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсад 20,000 / хорин мянга / ам.долларын тусламж үзүүлсэн байна.
Монгол, Кубийн уламжлалт найрсаг харилцааг харгалзан, талуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хуучин тогтолцооноос өвлөгдөн ирсэн авлагын асуудлыг нэг мөр зохицуулах үүднээс Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Куба Улсын Засгийн газрыг дээр дурдсан клирингийн дансны өрийг эргэн төлөх үүргээс чөлөөлөх шийдвэр гаргаж, “Өр хүчингүй болгох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулав.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Куба Улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг Засгийн газрын байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжих эхлэлүүд тавигдаж байна. Салбар, салбараар нь тусад нь ярья.
Боловсролын салдбарт гэхэд 1964 оноос хойш монгол оюутан, залууст сургалтын тэтгэлэг олгож ирсэн Кубийн Засгийн газарт талархал илэрхийлмээр байна. Өнгөрсөн хугацаанд 160 гаруй оюутан Кубад төгссөн бөгөөд эдгээр төгсөгчид Монголын анагаах ухааны салбарт маш амжилттай ажиллаж байгаа.
Кубийн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй монгол оюутны тоо жилээс жилд өссөөр 2020 оны байдлаар 16 оюутан анагаах ухаан, спорт, инженер мэргэжлээр суралцаж байна. Монголын талаас Кубийн хоёр оюутанд Засгийн газрын бүрэн тэтгэлгээр Монголд суралцуулах санал тавиад явж байна.
2019 онд “Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Шинжлэх ухаан, технологи, байгаль орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж бичиг нь шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах өргөн боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хоёр тал Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон Кубийн Олон улсын харилцааны дээд боловсролын институт (ISRI) хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулахаар ажиллаж байна.
Монгол, Кубийн түүхчид эрдэм шижилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Монголын Түүх, археологийн хүрээлэн, Кубийн Антропологийн хүрээлэнгийн хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тухайд Куба улс манай улсад сүүний үүлдрийн ямааны гүн хөлдөөсөн үрийг туршилтын хэмжээгээр бэлэглэхээр болсны дагуу ХХААЯ 2005 онд Куба улсаас 300 тун гүн хөлдөөсөн үрийг хандиваар, 1000 тун үрийг худалдаагаар авсан.
2007 онд Кубийн Засгийн газар манай улсад 5000 тун сүүний ямааны гүн хөлдөөсөн үрийг хандиваар өгсөн. Өнөөдрийн байдлаар монгол ямаанд гүн хөлдөөсөн үрээр туршилт амжилттай явагдаж, 1000 гаруй сүүний чиглэлийн ямаатай болсон бөгөөд цаашид хамтарсан фермерийн аж ахуй байгуулахаар төлөвлөж байгаа.
Монгол, Кубийн хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд сэргэх хандлагатай байна. 2005 оноос манай зарим пүүс, компаниуд /”Мон фрэш” ХХК зэрэг/ Кубаас тамхи, эм, тариа оруулж эхэлсний зэрэгцээ Кубад зохиогдож буй олон улсын үзэсгэлэн яармагт тэдгээр компаниудын төлөөлөгчид оролцож байна.Энэ салбарт хоёр тал хамтарч гадаад харилцаагаа эдийн засагжуулах, харилцан ашигтай худалдааны гэрээ хэлцлүүд хийх, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний солилцоо хийх хүртэл өргөн хүрээнд хамтран ажиллах шаардлага гарч ирж байгаа.
Эрүүл мэндийн салбарт хамаарах хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны чухал асуудлуудын нэг яах аргагүй мөн. Уг салбарын хамтын ажиллагаа Монгол Улсын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайд 2000 онд Кубад хийсэн айлчлалаар эхэлсэн гэж хэлж болох юм. Дээрх айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, төгсөлтийн дараах сургалтад шүдний эмчилгээ, эмнэлгийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, ардын уламжлалт эмчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
2018 оноос “Хэбэрфрот-П” тариаг 2018 оны 6 дугаар сараас эхлэн Монголд нэвтрүүлсэнээс хойш 40 гаруй хүнийг эмчилсэн мэдээлэл байгаа. Өнөөдрийн байдлаар Монголын “Интермед” эмнэлэгт Кубийн 3 эмч, “United” шүдний эмнэлэгт 2 эмч тус тус гэрээгээр ажиллаж байна. Цаашид энэ тоо өсөх магадлалтай юм.
Хоёр тал Кубийн Генетик инженер, биотехнологийн төвөөс “Хэбэрфрот-П”-ын хэрэглээний хяналт, эмчилгээний арга зүй, гепатит “В” болон “Дельта” гепатитын эсрэг эмчилгээ /NASVAC/, цагаан мах эргэх /hemorrhoids/ өвчнийг мэсийн бус аргаар эмчлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн үздэг.
Монгол Улсад төдийгүй дэлхийн олон оронд танигдсан элэгний гепатит В, С вирусын эсрэг Интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтанд хэрэглэдэг Хеберфрот тариа зэрэг олон нэр төрлийн эм, тариа, вакцин үйлдвэрлэж дэлхийн 50 орчим оронд худалдаалж буй БНКУ-ийн “Генетикийн инженер, биотехнологийн төв” нь Монгол Кубийн Эрүүл мэндийн харилцаанд цаашид зонхилох бааз суурь болох бүрэн боломжтойг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд онцгойлон тэмдэглэсэн байдаг.
-Өнгөрсөн 60 жилийн хугацаанд хоёр талын харилцаанд улс төр, эдийн засаг, спортын хүрээнд ямар дэвшил гарсан гэж та үздэг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 онд Бүгд Найрамдах Куба улсад хийсэн айлчлал нь Монгол Улсын төрийн түвшинд 32 жилийн дараа хийгдсэн гэдгээрээ улс төрийн харилцаанд онцлог айлчлал болсон. Тус айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц өгөх ач холбогдолтой юм.
Куба Улсын Засгийн газрын зүгээс гаргаж буй санхүү, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд нь манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах боломжтой тул манай талаас Куба Улсад хөрөнгө оруулалт хийх, худалдааны тааламжтай орон зай хүсэх, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна.
Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд Куба улстай хамтран илүү нээлттэй, эдийн засгийн харилцан ашигтай ажиллах боломжтой болж байна.
Монгол Улс ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт шилжээд 30 дахь жилтэйгээ золгож байна, энэ хугацаанд хуримтлуулсан ололт, амжилт, туршлагаа Куба улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн шинэчлэл, өөрчлөлтийн энэхүү чухал үед нь хуваалцахад бэлэн байгаа. Та спорт гэж тодруулж асуулаа. Би эмэгтэй хүн учир өөрийн төдийлөн сонирхож байгаагүй спорт тухайлбал боксын спортын тухай домог болсон ярилцлагуудыг ирэхээсээ өмнө уншсанаа танд нууцхан хэлье. Эмэгтэй хүн сонирхдоггүй ч уншиж болдог сэдэв гэж байнаа.
Монголын боксчид анх удаа 1972 онд Кордоба Кардины нэрэмжит ОУ-ын боксын тэмцээнд оролцоод 1 мөнгө (63,5 кг-д Содномын Гомбо) 4 хүрэл (54 кг-д Буянгийн Ганбат, 57 кг-д Паламдоржийн Баатар, 60 кг-д Хайдавын Алтанхуяг, 81 кг-д Гомбын Зориг) медальтай ирж байсан түүхтэй юм билээ. Та бод л доо. Энэ чинь 70 он шүү дээ.
Кубийн мундагуудыг “дошин” дээр нь ялсан гадаадын цөөхөн боксчдын дунд манай Т.Үйтүмэн (1997 онд), Д.Отгондалай (2013 онд Роберто Бладогийн нэрэмжит тэмцээнд) нарын нэр бий. 1984 онд Хаванад болсон Найрамдал тоглолтын финалд Сөүлийн олимпийн хүрэл медальт, гавъяат тамирчин Н.Энхбаттай учраа таарч гал манартал үзэлцсэн Олимп дэлхийн хошой аварга Анхель Эррераг монголчууд марталгүй санагалзсаар бүр зарим нэг хүн зорьж ирж уулзсан тэмдэглэлийг уншаад их сэтгэл хөдөлж байлаа.
1980-аад оны Кубийн боксын шигшээ ямар байсан билээ. Адольфо Орта, Анхель Эррера нар дэлхийн дэвжээнд гялалзаж байсан цаг. Гавъяат тамирчин Н.Энхбат Ортаг бас л иртэй тонгорог шиг ид хурц байх үед нь тухайн цагтаа бага дэлхийн аваргын хэмжээнд зохиогддог байсан Германы “Химийн цом”, Румыний “Алтан бүс” цуврал тэмцээнд дараалан 5:0 харьцаагаар хожиж түүнээс ч илүү хурдтай бас арга техниктэйгээ дэлхийд харуулж явсан. Ингэлээ гээд тэд хоорондоо улам илүү нягт холбоотой байж чадсан гайхамшигт түүхийн хэсгийг уншсан шүү.
-Монгол, Кубийн хооронд дипломат харилцаа тогтоосны ойн жилүүдэд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Монгол Улсын Их Хурлын дарга Кубийн Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгчийн урилгатай бөгөөд Улсын Их Хурлын дарга тааламжтай үедээ Кубад айлчлал хийх төлөвлөгөө байгаа.
Хавана хотноо Монголын соёлын өдрүүдийг, Улаанбаатар хотноо Кубийн соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй бид ажлаа эхэлсэн. “Монголын нууц товчоо”, “Тунгалаг Тамир” роман зэрэг бүтээлийг испани хэл дээр дахин хэвлүүлэхээр хоёр талдаа санаачилга гаргаад явж байна.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Хавана хотноо Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулах асуудлаар Хавана хотын Ассамблейн удирдлагатай санал солилцсон. Хавана хотын зүгээс уг саналыг баяртайгаар хүлээн авч зохион байгуулалт, хэвлэл мэдээллийн сурталчилгааны тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой хэмээн илэрхийлээд байна
Соёлын өдрүүдийн хүрээнд урлагийн тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, монгол ахуй, соёлыг сурталчилсан арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Кубийн Үндэсний балетын газартай холбогдож хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Кубийн нэр хүндтэй балетчдыг Монгол Улсад айлчлуулж хамтарсан тоглолт, зохион байгуулах боломжийн талаар яриа эхлүүлээд явж байна.
-Хоёрдугаар сарын 29-нд Кубийн оюутан залуус Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилсон. Discover Mongolia арга хэмжээг 60 жилийн харилцааны түүхэн жилийн, бас таны томилолтын ажлын нээлт гэж үзэж болох уу?
–Тиймээ, Энд би томилогдон ирэхдээ Дипломат албанд ажилласан туршлага, Монгол Кубийн харилцаанд үгүйлэгдэж байгаа, монгол, куба иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн, тэдний мэдлэг боловсролыг тэлсэн, иргэд хоорондын харилцан ойлголцол-хамтын ажиллагааг дэмжсэн хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөж ирсэн.
Үүний нэг бол Монгол, Кубийн залуусын хамтын ажиллагааг дэмжих, Монголын түүх соёл, уламжлалт ёс заншлыг кубын залуучуудын дунд өргөн сурталчилах ажил юм. Тиймээс бид Монгол Кубийн хооронд Дипломат Харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээгээ “Discover Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байгаа. БНКУ-д суралцдаг бүх монгол оюутнууд өөрсдийн Куба найз нараа урьж оролцуулна. Арга хэмжээний хүрээнд куба оюутнууд Монгол орны түүх, зан заншил, соёл, боловсролын тухай мэдээлэл авахаас гадна мэндлэх хүндлэх ёстой танилцсан. Монгол орны тухай фото зургийн үзэсгэлэн үзэж, монгол үндэсний хоолны амталгаа хийж бас монгол дуу сурсан. Бид нэг л зүйлийг Кубийн залуучуудаас хүсэж байгаа. Энэ нь өөрийн сонссон түүх соёл, суралцсан ёс заншил, дуу хуур, амталсан идээнийхээ талаар цаашаа гэр бүл найз нөхдөдөө хуваалцаарай гэж.
Бид 21 дүгээр зууны иргэд, залуус. Дэлхийн өв соёлын томоохон хэсгийг тээж яваа Монгол орны тухай илүү их мэдэх, аялах хүсэл сонирхлыг нь залууст мэдрүүлж, тэдэнд боломж олгож байх нь бидний үүрэг шүү дээ.
–Танд ярилцлагаа дүгнээд хэлэх цаг үлдээе.
–Боловсрол, эрүүл мэнд, спорт, аялал жуулчлалын салбарт хүрсэн харилцаагаа бататгаж, цаашид хөрөнгө оруулалтын чиглэлээр шинэ боломжийг эрэлхийлэн ажиллах нь оновчтой гэж харж байна. Өөрийн ажиллах 4 жилийн хугацаанд хоёр талын болоод иргэд хоорондын харилцаанд бодитоор тэмдэглэгдэх багагүй ажлыг санаачлан зохион байгуулах хүсэл сонирхол бол маш их байгаа. Магадгүй 3 жилийн дараа Тантай дахин ярилцах тэр агшинд нэлээн дэвшилттэй зүйлсийг ярих байх. Монгол хүн их даруу төлөв, хийх гэж байгаагаа бус хийснээ ярих дуртай. Миний ажил үүргийн хүрээнд Куба улс төдийгүй Латин Америкийн өөр 6 улсын асуудал хамаардаг. Эдгээр улсад эхлүүлсэн болоод цаашид эхлүүлэх ажил их байгаа. Куба улс маань эдгээр орнуудтай харилцах ЦОНХ гэдэг утгаараа тэргүүнд тавигдаж ирсэн ба хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ирсэн нөхөрлөл, Кубийн Засгийн газрын дэмжлэг, Куба иргэдийн оролцоо ирэх 4 жилийн маань ажилд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаа.