Дэд сайд Г.Ганбаяр аа, макетаа яасан бэ хө?

Хэдэн хөөрхөн шүдэнзний модыг картон цаас маастай эвлүүлж нийлүүлж, эргүүлж тойруулаад бүтэн жил ноцолдож “урласан” АЛДАРТАЙ МАКЕТ-ыг та нар мэднэ дээ.  Яагаав  нөгөө Үндэсний урлагийн их театрын макет.  Ерөнхий сайдын хэлснээр түүнийг  доромжилсон цайчихсан макет. Салбарын сайд,  дэд сайдынхаа сандал суудалтай ярих хэмжээнд тулсан баартай макет.  Сошлоор хэсэгтээ шооч хүмүүсийн ярих сэдэв болсон амны зугаа макет.

Тэгвэл Ерөнхий сайд Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай 09 дүгээр сарын 13-нд уулзах үеэр ийн од болоод авсан макетыг тэр өдөр Ерөнхий сайдын  даалгаснаар 14 хоногийн дараа дахин шалгуулах ёстой.  Тэр хоног хугацаа нь ч аль хэдийнэ өнгөрч.

Уг нь макет нь л элгийн, доог тохуу, уур унтуу хүргэхээр хийгдсэнээс биш шинээр барихаар төлөвлөсөн театр нь  нийт хэмжээ нь 180х70 метр буюу нийт 42 мянган метр квадрат талбайтай, 1,600 хүний суудалтай дуурь бүжгийн танхим, 2,500 хүний суудалтай концертын их танхим, 800 хүний суудалтай хөгжмийн танхим, 400 хүний суудалтай олон зориулалтын заалтай,  гадна талдаа 350 авто машин, В1 давхартаа 600 авто машины зогсоолтой, дээшээ зургаан давхар, доошоогоо хэсэгчилсэн гурван давхар байхаар зураг нь гарсан юм билээ.  Гэрэл, дуу гээд орчин үеийн технологийн ололт, дэвшилд тулгуурласан, үзмэр үзэх, амрах, цэнгэх төрлийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг үзэгчдэд бий болгосон сайхан театр байхаар төлөвлөөд байгаа аж.   Хэдий хошин макет үзүүлж хөгөө чирсэн ч  төслийн баг театрын барилгын зургийг энэ онд дуусгаж, барилга угсралтыг ирэх оны 5-6 сард эхлүүлэхээр төлөвлөөд яваа юм гэсэн.

Ер нь бол театр барих хөрөнгө мөнгө, газрын асуудал гээд ерөнхийдөө суурь асуудлууд шийдэгдэж, одоо цаасан дээрх ажлуудаа бодит  болгох дараа дараагийн ажлууд үлдсэн аж. За энэ ч яахав хэлэх гэсэн гол санаа маань биш.

Хамгийн гол нь макет олноо танигдсан тэр өдрөөс хойш макетын “гоё эзэд” юу амжуулсан бол, Ерөнхий сайдын сүрт дуун дор дарга  даамлуудад хүрсэн үүрэг даалгавар хэрхэн хэрэгжиж байгаа бол гэдэг сонин. Ерөнхий сайдын өгсөн 14 хоногийн хугацаа дуусаад  дахиад ч 10 гаруй хоночихож. Өнөөх маань өнгө зүсээ засаа болов уу, бүтэн жил шахамын уртад тийм юм хийсэн улс сандал суудал нь  ганхаж хугацаат үүрэг даалгавар хоолойд нь тулахаар яаж ажилласан бол гэж хэрэгт дурлаад болшгүй нь.

Хугацаатай үүрэг даалгавар өгч л  байдаг, тэр үедээ хэсэг шуугиад л тэгсгээд асуудал сунжраад намждаг жишиг зөвхөн энэ макетны хэрэг дээр ч биш өөр олон ажлууд дээр харагддаг болж.

Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавиад  зайлаарай л гэсэн. Төрийн мөнгөөр цаас нааж тоглосон нөхдүүд зайлах юм болов уу, яах юм бол?

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...

ГССҮТ-ийн Спорт гэмтлийн төвийн эмч нар шагайн дурангийн мэс заслын шинэ технологийг нэвтрүүлжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн...

Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг 9 байршилд байгууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах...

Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын...