Монголчууд энэ жил эрийн хоёр наадам үзэх вий дээ

Наадам хаяанд ирлээ. Жилдээ ганц тэмдэглэдэг төрт ёсны их баяр цэнгэл наадмаар монгол хүн бүр л сайн сайхныг бэлгэшээдэг. Наадам будлиангүй сайхан байвал тэр жилээ даана гэсэн сүсэг монгол хүн бүрт бий. Харин хурдан морь, хүчит бөх маргаан будлиантай бол хүн бүрийн сэтгэл гонсгор, цээж хоосон оргиод явчихдаг заншилтай. Бид бага зэрэг шоовдорлоод байдаг болохоос наадам морь, бөх, сур, шагай гэсэн дөрвөн үндсэн төрлөөр болдог. Эрийн гурван наадам гэж бид ерөнхийдөө нэрлээд сурчихжээ.

Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаан дахиад л хэл амтай болох нь ээ. Сэргээшийн асуудлаас болоод Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд тэмцэл өрнүүлж байна. Сэргээш илэрсэн бөхчүүд наадмын дэвжээнд зодогловол би барилдахгүй гэж Ч.Санжаадамба аварга хэлсэн байна лээ. Түүний энэ эсэргүүцлийг улсын аварга, арслан, заан гээд өндөр цолтой бөхчүүд дэмжиж байгаа гэсэн.

Нөгөө талдаа сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн улсын гарди Ө.Бат-Орших тэргүүтэй таван бөх барилдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, анхаарал болгоомжгүй байдлаасаа болж сэргээштэй нэр холбогдсондоо бөх сонирхогчдоос уучлал гуйсан. Тэдний барилдах эрхийг МҮБХ-ноос хоёр жилээр хассан шийдвэрийг шүүхээс хүчингүй болгочихсон учраас барилдъя гэж байгааг нь буруутгахад бас хэцүү.

Шүүх тухайн нэр бүхий бөхчүүдийг сэргээш хэрэглэсэн нь зөв, буруу гэж шийдвэр гаргаагүй. Харин нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг 2 жилээр хассан шийдвэр нь хууль зүйн үндэсгүй хэмээн шүүх үзсэн байдаг. Товчхондоо бол өнөөх л МҮБХ-ны удирдлагыг тойрсон маргаан бөхчүүддээ гай болж байгаагийн нэг л жишээ юм. Хуваахын хүрд шиг үргэлж дотроо хагаралдаж, тэмцэлдэж байдаг цөөн хүнээс болоод МҮБХ-ны шийдвэр шүүх дээр унасан нь энэ.

Наадмын өглөө энэ бөхийг бүртгэнэ, тэрийг барилдуулахгүй гэх маргаанаар эхлэх магадлал тун өндөр боллоо. Тэр жил Г.Өсөхбааяр, А.Сүхбат нарт тусгайлан хууль баталж дархан аварга цол олгосны хариуд бие биеийнхээ өмнө эрэмбэлэгдэх гэж баахан маргаан дэгдээж, наадмыг бужигнуулж байсан удаатай. Сүүлдээ адилхан дархан аварга цол авчихаад А.Сүхбат нь Г.Өсөхбаярыгаа амлаж авчихаад барилдалгүй тахимаа өгч жүжиглээд дууссан.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар комиссынхон сэргээш тойрсон бөхчүүдийн маргаан, үл ойлголцлыг наадмын өмнө нэг тийш шийдэхгүй бол наадамчин олон зүлэг ногоон дэвжээн дээр барилдаан биш зодоон, нус нулимс үзэх вий дээ. Наадмын ногоон дэвжээнд барилдуулсангүй гэж гомдсон нь уйлж, хүчтэй өрсөлдөгчөө жагсаалаас гаргасан бусад нь дуулж гүйлдээд эхэлбэл наадам наадам биш болно.

Сэргээшийг хэзээ ч уучилж болохгүй. Хатуу зогсох ёстой. Гэхдээ жил бүрийн наадмаар сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдэд ялгавартай хандаж, заримыг нь бүр хариуцлага тооцолгүй үлдээж ирсэн нь энэ бүх зөрчлийн эх үндэс юм. Төрийн наадамд сэргээш хэрэглэж үзэгчдээ хуурч явсан аварга цолтонд хариуцлага тооцох нь бүү хэл эдүгээ төрийн жолоо атгуулчихсан явааг юу гэж ойлгох вэ.

Монгол бөхийн нэр хүндэд сэв суулгасан, МҮБХ гэх төрийн бус байгуллага, Бөхийн өргөөний төлөө шунасан цөөн хэдэн хүн энэ бүх ужгирсан зөрчил тэмцэлдээ цэг тавихгүй бол явж явж ид барилдаж яваа бөхчүүд өөрсдөө хамгийн том хохирогч болно. Монголчуудын олон мянган жилийн өв соёлыг тээж яваа бөхчүүд, тэднийг үргэлж уухайлан дэмждэг наадамчид хохироод үлдэнэ. Адаг сүүлд нь бөхчүүд гэж бөөн хэрүүл гэсэн ойлголт хүмүүст дархлагдчих вий дээ.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...