Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазартай ярилцлаа.
-Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д Төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн. Айлчлалын бэлтгэл ажлын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч байна. Та Хөрш орнуудын газрыг хариуцдаг захирлын хувьд энэ талд тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-д саяхан төрийн айлчлал хийж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд төвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон. Айлчлалын бэлтгэл ажлын талаар товч мэдээлье. Ер нь аливаа дээд, өндөр түвшний айлчлалын бэлтгэл ажлыг ёслол болон агуулга гэсэн хоёр чиглэлээр онцгой анхаарч хангадаг. 2018 оны зургаадугаар сард уулзахдаа Ши Жиньпин дарга манай Ерөнхийлөгчийг төрийн айлчлал хийхийг амаар уриад дараа нь энэхүү урилгаа бичгээр нотолсон. Энэ үеэс л айлчлалын бэлтгэл ажлыг хоёр тал хамтран хангаж ажилласан.
Айлчлалын бэлтгэл ажлын төлөвлөгөө гарч, уг бэлтгэл ажлын биелэлтийг хангах холбогдох бүхий л яамд, агентлагийн төлөөлөл орсон ажлын томоохон хэсэг байгуулж, ажилласан. Айлчлалын бэлтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ГХЯ хамтран зохион байгуулж хангасан. Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэлийг хангах үүднээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-гийн урилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Гадаад харилцааны сайдын айлчлалаар Ерөнхийлөгчийн айлчлалын зорилго, хүрэх үр дүн, хоёр талын хэлэлцээгээр хөндөж ярих сэдвийн цар хүрээ, байгуулах баримт бичгийн жагсаалт зэрэг маш олон асуудлыг нарийвчлан тодорхой ярилцаж, дээрх айлчлалын агуулга, ажил хэргийн хүрэх түвшингийн талаар зарчмын тохиролцоонд хүрч чадсан.
-Төрийн өндөр хэмжээний айлчлалын бэлтгэлийг хангахын тулд хэчнээн хугацаа шаарддаг вэ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн айлчлалыг зохион байгуулав?
-Тухайн жилд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлалыг өмнөх жил нь харилцан тохиролцдог. Энэ бол төлөвлөгөөтэй, тодорхой зорилготой хэрэгжүүлдэг арга хэмжээ. Зарим тохиолдолд айлчлалын бэлтгэл ажлыг илүү урт хугацаанд ч хангах явдал бий. Манайд өөрчлөлт шинэчлэлийн шинэ үе эхэлсэн 1990 оноос хойш Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ олон арав дахин нэмэгдсэн. Олон түнштэй болохын хэрээр харилцан айлчлалын тоо эрс өссөн. Улс орноор нь авч үзвэл, тодорхой тоо гарах байх. Гол түнш орнуудтайгаа дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, тэнцвэртэй харилцан айлчлалыг хэрэгжүүлж байх нь харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, улс орны хөгжилд шинэ шинэ боломжийг бий болгодог.
-Айлчлалын үр дүнг яаж дүгнэдэг вэ. Тодруулбал, аль улс оронд хийсэн айлчлал Монгол Улсад үр дүнгээ өгсөн гэж харж байна вэ?
-Аливаа айлчлалын үр дүнг тухайн айлчлалын төлөвлөсөн зорилгодоо хүрсэн эсэхээр дүгнэж болно. Өндөр, дээд түвшний айлчлалыг хэрэгжүүлэхийн өмнө уг айлчлалын ач холбогдол, манай баримтлах байр суурь, зорилго, хүрэх үр дүн, хийж хэрэгжүүлэх ажлыг нарийвчлан тодорхойлсон удирдамж чиглэлийг гарган ҮАБЗ-өөр баталж, даган мөрддөг журамтай. Айлчлалын үр дүнг зөвхөн айлчлалын хөтөлбөрөөр бас хэмжихгүй. Харин айлчлалын үеэр дээд хэмжээнд хэлэлцэж тохирсон олон арга хэмжээг цаг хугацаатай уралдан бодит ажил хэрэг болгохоос айлчлалын үр дүн илүүтэй хамаарна. Гадаад харилцааны нэг онцлог нь талууд зөвхөн харилцааны өнөөдрийн төдийгүй ойрын ирээдүйн бүр алс хэтийн асуудлыг ч хэлэлцэж, тохирдог тул үр дүн нь тэр даруйдаа мэдрэгдэхгүй байж болно. Бид аливаа айлчлалын мөрөөр тодорхой хугацаатай төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлдэг нь таны асууж байгаа үр дүнтэй л холбоотой юм. Хоёр тал Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг амжилттай болсон гэж дүгнэсэн. Мөн манай газар Хятад, Орос гэсэн хоёр хөрш улсаа хариуцан ажилладаг тул бусад улстай холбоотой айлчлалыг нэгтгэн дүгнэж, үр дүнгийн талаар тодорхой нэр зааж хэлэх боломжгүй байна.
-Хамгийн сүүлд БНХАУ-д хийсэн айлчлалын талаар иргэд зөвхөн зээл тусламж аваад ирлээ гэсэн мэдээлэлтэй байгаа төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын талд санаа зовниж буйгаа илэрхийлсэн сэтгэгдэл олон байгаа нь анзаарагдаж байна. Та энэ талд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Саяын айлчлалын үеэр манай талаас зээл, тусламж шинээр авах асуудлыг огт хөндөж тавиагүй. Харин нь өмнөх жилүүдэд хоёр талын шугамаар нэгэнт тохирсон байсан зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн явцыг түргэтгэх, гүйцэтгэлд нь цаг хугацаа алдахгүй байх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд илүү анхаарч, нягт хамтран ажиллахаар тохирсон. Аливаа зээлийг дэд бүтцийн томоохон төсөлд, буцалтгүй тусламжийг ард иргэдийн амьдрал ахуйд үр өгөөжөө шууд өгөхүйц төсөл хөтөлбөрт зарцуулдгийг та бүхэн мэднэ. Ер нь зээл бол дэлхий дахинаа хувь хүн, гэр бүл, пүүс компаниуд цаашлаад улс орнууд, олон улсын байгууллагууд гээд бүхий л төвшинд ашигладаг санхүүгийн хэрэгсэл юм. Зээл нь нэг төрлийн бизнес болсон байна. Тийм учраас аливаа зээлийг авах, өгөхөд бизнесийн зөв тооцоо судалгаа чухал байдаг байх. Таны асуусантай холбогдуулж хэлэхэд, аль ч орон тусгаар тогтнол, аюулгүй байдлынхаа талаар санаа зовних нь зүйн хэрэг. Гэхдээ улс орнуудын хувьд энэ асуудлаар өвөр хоорондоо тохирч баталгаажуулж, үүнийгээ олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тунхаглан зарлах нь нийтлэг үзэгдэл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна гэж заасан байдаг. Төрийн айлчлал бол улс төр, дипломатын үйл ажиллагаа мөн. Төрийн айлчлал нь хамгийн дээд төвшний, ёслолын өндөр хүндэтгэлтэй айлчлал юм. Өнгөрсөн 70 жилд Монгол, Хятадын харилцаа олон сорилт, шалгуурыг давж байж өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн. Цаашид энэ түншлэлийг харилцан ашигтай, эрх тэгш байх зарчимд тулгуурлан идэвхтэй хөгжүүлэх нь зөвхөн манай хоёр орны хувьд төдийгүй, бүс нутгийн хөгжил цэцэглэлд ч чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа талууд илэрхийлсэн. Монгол, Хятадын харилцаанд баримталж байх суурь зарчмууд гэж байна. Эдгээр зарчмыг 1994 онд байгуулсан Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд тодорхойлж өгсөн. Тухайлбал, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энхтайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж заасан. Мөн харилцаандаа НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг удирдлага болгохоо ч тодорхойлсон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ нь Монгол, Хятадын харилцааг зохицуулагч “үндсэн хууль” нь гэсэн үг.
-Иргэдийн ийм мэдээлэлтэй зэрэгцээд зарим баримт бичгийг сөхөж үзлээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны аравдугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш Монголын талаас 38 удаа, харин Хятадын талаас 24 удаагийн айлчлал хийсэн гэжээ. (Гэхдээ энэ тоо хамгийн сүүлийн тоон баримт биш) Эдгээр айлчлалаас сонирхол татахуйц нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн өндөр хэмжээний айлчлал байлаа хэмээн онцолж байна?
-Айлчлалын төвшнээс хамаараад таны дурдсан айлчлалын тоо өөрчлөгдөж болно. 1998 оноос өнөөг хүртэл хоёр талын хооронд дээд, өндөр төвшний нийтдээ 30 гаруй айлчлал хэрэгжсэн. Дээд хэмжээний айлчлал бүр л өөрийн онцлогтой, ач холбогдолтой байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, дээр дурдсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжсэнд айлчлалын улс төрийн ач холбогдол оршиж байна. Талууд 70 жилийн хамтын ажиллагаагаа дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын чиглэл хандлагаа тодорхойлж, шинэ шинэ боломжийг бүрдүүлж ажиллахаар болсон. Хоёр тал нэгдсэн ойлголтод хүрч, “хөгжлийн төлөөх харилцан ашигтай, түншлэлийн харилцаа”-ны үзэл санааны дагуу хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байгаа. Айлчлалын үеэр “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” байгуулахаар тохирсон. 2020-2025 оныг хамрах энэхүү хөтөлбөрт хоёр улсын худалдааны бүтцийг сайжруулах тухайлбал, манай уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна бусад салбарын экспортын нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах талаар илүү тодорхой тусгахаар болсон. БНХАУ руу гарч буй манай нийт экспортын бараг 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Иймд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт ялангуяа манай нэг чухал нөөц баялаг болох хөдөө аж ахуйн гаралтай барааг нэмүү өртөг шингээн экспортлох асуудлыг Ерөнхийлөгч онцгойлон хөндөж ярилцсан. Манай баруун бүсээс Хятадад экспортлох махны хоригийг цуцлах, мөн хөдөө аж ахуйн гаралтай болон хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, энэ хүрээнд эрүүл ахуй, хорио цээр, чанар стандарттай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч, хамтран ажиллахыг хүссэн. Ерөнхийлөгчийн ихээхэн анхаарал хандуулж буй хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, хүнсний барааг Хятад улс руу экспортлоход анхаарч, ойрын хугацаанд Хятадаас судалгааны мэргэжлийн багийг Монголд явуулж, тодорхой үр дүнд хүргэх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа Хятадын тал хэлсэн. Мэргэжлийн баг нь удахгүй ирж ажиллах гэж байна. Мөн хоёр талын худалдаанд чухал нөлөөтэй боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын статустай болгох, Замын-Үүд-Эрээн зэрэг боомтуудын ажиллах цагийг уртасгах талаар санал тавьсан. Энэ бол манайд тулгамдаж асуудал юм. Хятадын тал үүнийг анхааран судалж, нягт хамтран ажиллах болно гэсэн. Айлчлалын өөр нэг онцлог гэвэл “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд бүс нутгийг хамарсан Засгийн газар хоорондын механизм байгуулах санаачилгаа Ерөнхийлөгч тодорхой тайлбарлаж, ярилцсан. Манай санаачилгыг чухалчлан үзэж, дэмжиж буйгаа БНХАУ-ын дарга илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч Хятадын Цаофэйдиен боомтод очиж Монголын нүүрсийг уг боомтоор дамжуулан гуравдагч улсад гаргах боломжийн талаар ярилцсан. Энэ боомтыг манай тал хоёр талын хэлэлцээрээр ашиглах боломжтой болсон юм. Энэ боомт нь дэлхийн нүүрсний томоохон боомтын нэг, нүүрсний үнийн индексийг тодорхойлдог нүүрсний арилжааны төв юм билээ. Эрдэнэс Тавантолгой ХК нь Цаофэйдиен боомтын захиргаатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Энэ чиглэлээр ярилцсан асуудлыг мэргэжлийн байгууллагууд ажил хэрэг болгоод яваа. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд төвшний хоёр дахь уулзалтад оролцон байр сууриа илэрхийлж, үг хэлсэн. Хятадын “Бүс ба Зам” санаачилга болон Монголын “Талын зам” хөтөлбөрийн бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтын ажиллагааны төлөвлгөөг байгуулсан нь Монгол, Хятад, Орос гурван улсын дэд бүтцийн холбоосыг ойртуулахад чиглэж байгаа. “Бүс ба Зам”-ын дээрх арга хэмжээнд нийт 120 гаруй орны төлөөлөгч, түүний дотор Итали, ОХУ, Щвейцар, Чех, Сингапур, Малайз, Австри, Чили, Кени зэрэг 40-өөд улсын төр, засгийн тэргүүн оролцсон. “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд томоохон аливаа төслийг хэрэгжүүлэхдээ нээлттэй зөвлөлдөх, менежмент ил тод, авлигаас ангид байх, байгаль орчинд ээлтэй байх гэсэн зарчмыг тодорхой ярилцсан.
-Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Хятад улс сүүлийн 14 жилийн хугацаанд тэргүүлсэн мэдээлэл байна. Хоёр улсын эдийн харилцаа сайжирсан гэсэн үг үү. Ер нь дээд хэмжээний айлчлалын зардалд хэдий хэрий төсөв зарцуулдаг юм бэ?
-Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна. 1990-2018 оны хооронд Монгол Улсад БНХАУ-аас 4.8 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн статистик тоо байгаа. Монгол Улсад 2018 онд нийт 2.47 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 382.9 сая ам.доллараар буюу 18 хувиар өссөн үзүүлэлт байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхөд Канад улсын шууд хөрөнгө оруулалт 2018 онд 1.52 тэрбум ам.долларт хүрч хоёр дахин, Японы хөрөнгө оруулалт 235.8 сая ам.доллар хүрч, 2.5 дахин өссөн. 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбум ам.доллар үүнээс экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.долларт хүрсэн. БНХАУ-тай хийсэн худалдаа манай улсын нийт гадаад худалдаанд 65.2 хувийг эзэлж байна. 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлт 2.73 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 2.23 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18.2 хувь өссөн, импорт 537 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувь өссөн. Иймд 2014 онд дэвшүүлсэн хоёр талын худалдааны нийт эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт хэрэгжих боломжтой гэж харагдаж байна. Ер нь олон жилийн туршид БНХАУ-тай хийж буй манай улсын худалдааны тэнцэл эерэг буюу ашигтай явж ирсэн. Сүүлийн жишээ нь, 2018 оны хоёр талын худалдаанд манай тал 4.6 тэрбум ам долларын эерэг тэнцэлтэй гарсан нь харагдаж байна. Саяын айлчлалын үеэр байгуулсан Засгийн газар, яам байгууллага, хувийн хэвшлийхний хооронд хамтран ажиллах 20-иод баримт бичгийн талаар хэвлэлээр өргөн мэдээлсэн. Тухайлбал, хоёр талын хувийн хэвшлийн компаниуд 550 сая ам долларын хөрөнгө оруулалт бүхий Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон 300 мвт цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ, мөн 300 сая орчим хөрөнгө оруулалттай “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх тухай хэлэлцээр, Дорноговь аймагт аккумляторын үйлдвэр байгуулах гэрээ, тэрчлэн 5000 айлын орон сууц барих “Шинэ амгалан хорооллын төсөл” зэрэг эдийн засгийн ач холбогдол бүхий гэрээ байгуулсан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн байгуулсан дээрх тохиролцооны үнэлгээ нь нэг тэрбум ам доллар давсан байх. Гэхдээ эдгээр бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө бүх эрсдлээ хариуцан хэрэгжүүлнэ, аль нэг Засгийн газраас зээл аваагүй, зээлийн баталгаа гаргаагүй. Амжилттай хэрэгжих аваас хоёр улсын бодит хамтын ажиллагаа өргөжиж, манай боловсруулах үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэнэ гэсэн үг юм. Зардалтай холбооотой асуултын хувьд дээд хэмжээний айлчлал бүрийн зардлын төсөв өөр өөр байх нь ойлгомжтой. Айлчлалын бүрэлдэхүүнд орж буй хүмүүсийн зардлыг тухайн байгууллага нь гаргадаг.
-Төрийн айлчлал нь албан ёсны болон ажлын айлчлалаас юугаараа ялгардаг вэ. Жишээ нь, хамгаалалт, протокол зэргээс нь төрийн айлчлалыг хэрхэн таньж мэдэх боломжтой вэ?
-Төр, засгийн удирдагчдын гадаадад хийх айлчлал түүнчлэн гадаад улсын дээд, өндөр хэмжээний айлчлалыг төрийн, албан ёсны, ажлын, хувийн гэж ангилдаг. Манай улсын хувьд төрийн айлчлалыг төрийн тэргүүн буюу зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч хийдэг. Мөн гадаад улсын төрийн тэргүүн, тэрчлэн хаант болон парламентын засаглалтай, хүчтэй гүйцэтгэх засаглалтай зарим орны Засгийн газрын тэргүүнийг төрийн айлчлалаар хүлээн авч болдог. Айлчлалын албан ёсны нэр, хөтөлбөрийг ГХЯ нөгөө талтай урьдчилан тохирдог. Хамгаалалт, протоколын хувьд улс орны онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй байдаг бөгөөд манай улсын хувьд Монгол Улсын Төрийн ёслолын журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулдаг.
-Монгол Улс өнгөрсөн хугацаанд хэчнээн төрийн айлчлал зохион байгуулав. Ямар дүн авчирсан бэ?
-Манай Дипломат ёслолын газраас мэдээлснээр 2018 онд гадаад улсын төр, засгийн тэргүүн болон бусад өндөр түвшний томоохон 12 айлчлалыг хүлээн авч, манай улсын төр, засгийн тэргүүн нар болон Гадаад харилцааны сайдын гээд бараг 20 орчим айлчлалыг зохион байгуулсан байна. Аливаа айлчлал арга хэмжээ гэдэг хэрэгжүүлсэн тэр даруйд бүх үр дүн гардаггүй, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх олон арга хэмжээ, харилцааны асуудал байдаг цогц үйл явц юм. Тиймээс айлчлал бүр ямар үр дүн авчирсныг цөөн үгээр илэрхийлэхэд амаргүй.
-Төрийн өндөр хэмжээний айлчлалын зочдыг хүлээж авах ,гаргаж үдэхэд ямар албан ёсны хүмүүс оролцох эрхтэй байдаг вэ?
-Дээр дурдсан “Төрийн ёслолын журам”-д гадаадын төр, засгийн тэргүүн, бусад өндөр хэмжээний айлчлалын зочдыг угтан авах, үдэн гаргах албаны хүмүүсийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, манай ёслолоор гадаад улсын төрийн тэргүүн нь төрийн, эсвэл албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэхэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд болон Монгол Улсаас тухайн улсад суугаа Элчин сайд нар угтан авдаг. Гадаад хэргийн сайд эзгүй байх тохиолдолд гадаад улсын төрийн тэргүүнийг айлчлах хугацаанд дагалдах Засгийн газрын гишүүн угтана. Угтан авсан хүмүүс үдэн гаргадаг журамтай. Саяын айлчлалын үеэр манай Ерөнхийлөгчийг Бээжин хотын нисэх онгоцны буудлын талбайд тусгайлан угтаагүй бусад улсын төлөөлөгчдийг угтаж байна гэсэн шүүмжлэл гарсан байсан. Хятадын талын хувьд төрийн ёслолынхоо протоколоор явсан, ялгаварлаж хандсан зүйл байхгүй. Гадаад улсын төр, засгийн тэргүүн нь өөрийн, эсхүл тусгай үүргийн онгоцоор зорчих тохиолдолд нисэх буудлын талбайд угтан авч, онгоцыг нь хамгаалалтад шууд авдаг. Ерөнхийлөгч сая МИАТ-ийн ердийн хуваарьт нислэгээр зорчигчдын хамт явсан учраас онгоцны буудлын хоолой/ханцуйгаар орсон. Хятадын талд хүсэлт тавиад нисэх буудлын талбайд угтуулж болох байсан ч ингэх нь зорчигчдод илүү хүндрэл учруулна, зарим нэг нь дараагийн шууд нислэгтээ амжиж суухгүй байх тохиолдол ч гарах учраас Ерөнхийлөгчийн Тамгын газраас ердийн жишгээр явахыг зөвлөсөн.
-2019 оны байдлаар хэчнээн айлчлал төлөвлөөд байна вэ. Төсөв санхүүжилтийг шийдсэн үү. Эдгээр айлчлалаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-2019 он гарсаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал, УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсад албан ёсны айлчлал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад тус тус айлчилсан байна. Энэ онд дээд, өндөр төвшинд хэрэгжүүлэх бусад айлчлалын талаар холбогдох улс оронтой ярилцаж байгаа байх. Ер нь аливаа айлчлалыг зохион байгуулах талаар нөгөө талтайгаа тохиролцсоны дараа товыг нь албан ёсоор зарладаг журамтай.