Эмэгтэйчүүд Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардаж жагслаа

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлал гуйн огцрохыг шаардаж, тус яамны гадаа жагслаа.

Жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл болох  Г.Оюунгэрэл “Өдөр алгасалгүй шахам хүчирхийлэл гарч, хүүхэд, охид бүсгүйчүүд хохирч байна. Иргэнээ хамгаалах ёстой төрийн цагдаа насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэрэг ч гарлаа. Гэтэл УИХ-д 20 гаруй жил суусан, Хууль зүйн сайд Ц.Нямдорж чуулганы хуралдаан дээр шударга ёс ярих хэрнээ ямар ч арга хэмжээ авсангүй.  Энэ хүн ажлаа хийж чадахгүй байна. Тийм учраас огцрох ёстой. Чаддаг хүнээр сайдын ажлыг нь хийлгэх ёстой” гэсэн юм.

Мөн жагсаалд оролцогчид  төрийн тусгай хамгаалалттай обьектод, цэргийн байгууллагад онц ноцтой гэмт хэрэг гараад байгаа нь хуулийн байгууллагуудын тогтвортой ажиллагаа алдагдсаныг илэрхийлж байна гэж үзээд огцрох мэдэгдэл хүргүүлж байна.

Төрийн цагдаа хүүхэд хүчирхийлсэн, хэрэг гарсан ч Увс аймгийн цагдаагийн газар нь нуун дарагдуулсан. Энэ мэт асуудлын эсрэг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тууштай тэмцэх болно” гэлээ.

 Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нийтлэв.

 

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ  ТУХАЙ

Монгол улс Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулна гэж заасан. Харамсалтай нь өнөөдөр онц хэрцгий гэмт хэрэг тасрахгүй, зэрлэгшсэн нийгэм бий болж байна. МУ-ын иргэн Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх ноцтой зөрчигдөх боллоо.
Хамгийн ноцтой нь хүний амь нас эрсдэх, амиа хорлолт нь төрийн тусгай хамгаалалттай байгууллага, төрийн албанд, цэргийн ангид удаа дараа давтагдаж байгаа нь түгшүүртэй байдлыг үүсгэж байна. Иргэнийхээ халдашгүй байх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчигч, хуулиар хүлээсэн баталгаа, үүргээ биелүүлэхгүй байгаа буруутай этгээд нь төр өөрөө боллоо.
Тухайлбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажлын байрны бэлгийн дарамт ихсэж, ёс зүй, ёс суртахууны доголдолтой төрийн албан хаагчдыг өөгшүүлж, хариуцлага тооцохгүй байгаа явдал газар авсаар байна.
Мөн төрд тангараг өргөсөн Увс аймгийн Өндөр хангай, Зүүн хангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчирхийлсэн ноцтой гэмт хэрэг гарсан бөгөөд Цагдаагийн дарга нь энэхүү хэргийг бүтэн нэг сарын турш нуун дарсан жигшүүрт үйлдэл нийгмийн цочироож байна.
Түүнчлэн ноцтой гэмт хэргийн мэдээ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хараа хяналтгүй олон нийтэд түгээгдэж байгаа нь хүчирхийлэлд өртсөн иргэнийг нэр төр, эрүүл мэндээр нь хохироож, гэр бүлийг нь давхар хүчирллийн хохирогч болгож байна. Мөн энэхүү сөрөг мэдээ мэдээлэл нь нийгмийг айдас хүйдэст автуулж байгаагаас гадна гэмт хэргийн сэдэл өгч, нөлөөллийг бий болгож байхад өнөөдрийг хүртэл салбарын яам бодлого, шийдвэртэй алхам хийхгүй явсаар байна.
Мөн Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог үгүй хийж, цагдаад энэхүү үүргийг давхар хүлээлгэснээр цагдаа хохирогчдыг хамгаалах бус хохироож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултарч, гэм шийтгэл хүлээлгэхгүй байгаад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, дэмжигчид харамсаж, шийдвэртэй алхмыг хийж чадаагүй, салбарынхаа бодлого шийдвэрт доривтой алхам хийхгүй байгаа хууль хяналтын байгууллагтаа итгэл алдрахад хүргэлээ.

Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоо биелүүлэн ажиллаж чадахгүй байгаа Хуул зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж та ёс зүй, ёс суртахууныг эрхэмлэн төрт ёсоо хүндэтгэн, ард иргэдээсээ уучлал хүсэж, хариуцлагатай албан тушаалаасаа огцрохыг мянга мянган эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс шаардаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...