Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах томоохон ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан томилоод байсан юм. Ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн байгууллагуудын албан тушаалтнуудын төлөөлөл багтан ажиллаж, нэгдсэн дүгнэлтийг гаргажээ.
Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэхүү шалгалтын тайлан, илэрсэн зөрчил, дутагдал, цаашид тус банкыг хэрхэн үндсэн жишгээр нь ажиллуулах тухай Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Шалгалтын дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухайЗасгийн газрын 169-р тогтоол гарсан байна.
Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэх, Чингис, Самурай бондын эргэн төлөлт, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх, харилцах кассаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байсан олон асуудлыг хамруулан шалгажээ.
Гэвч зориулалтын бусаар зорилтот бус зээлдэгчдэд их хэмжээний зээл олгосон цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тус банкны эх үүсвэр нь 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь буюу 2.67 их наяд төгрөгийг улсын төсөв рүү оруулж 319 төсөлд зээл олгосон байна. Энэ дагуу улсын төсвөөс гарсан бондын зарцуулалтын төслүүдийг сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр дэлгэрэнгүй танилцуулав.
Мөн “Ноцтой зөрчилтэй” гэх ангилалд багтсан “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК, “МАК цемент” ХХК зэрэг нэр бүхий 9 аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл авсан зээлээ эргэж төлөөгүй байгааг шалгалтын үеэр тогтоожээ. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчилд,
- – Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон.
- – Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг, зарим зээлд 8 удаа бүтцийн өөрчлөлт хийж хугацааг нь сунгасан.
- – Гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн
- – ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан.
- – 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдалуудыг хүлээсэн.
- – Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй зэргийг шалгалтын дүгнэлт, материалд дурьдсан байна.
Хөгжлийн банкыг шалгах үеэр илэрсэн зөрчлүүдтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлт, хууль зөрчсөн байж болзошгүй бүх ААН, иргэнд холбогдохматериалыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагууд руу өнөөдөр шилжүүлж буйгаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.