Нойрсож буй Б.Лхагва даргад хэрэглэгчдийн зовлон хамаагүй гэж үү

Тусгай зөвшөөрөлгүй компаниуд их хэмжээгээр мах нөөцлөн авч зохиомол хомсдол үүсгэсэн байж болзошгүй талаар хэсэг иргэн Засгийн газарт гомдол хүргүүлжээ. Үүний дагуу тагнуулын байгууллага Эмээлтэд зарим зоорь, агуулахад шалгалт хийв. Мах магнаг болсон нь хүмүүсийн амьдралд шууд дарамт болсон учраас маш их бухимдалтай байна. Тагнуулынхан шалгасан нь зөв, буруу гэх маргаан ч дэгдээд амжлаа. Шатахууны үнэ ойр ойрхон нэмэгдэв. Литр тутамд 100 төгрөгөөр хямдрах боломжтой гэж УИХ-ын Тамгын газраас мэдээлэл түгээхэд импортлогчид зөрүүлээд үнээ өсгөлөө.

Уг нь Засгийн газрын бүтцэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэмээх тохируулагч агентлаг ажилладаг. Харамсалтай нь төсвөөс цалинждаг баахан хүн том байшинд сууж сул цалин авсаар байдгийг ч хүмүүс мартжээ. Мартсан нь хүмүүсийн буруу биш л дээ, байхгүй мэт үлбэгэр болгосон удирдлагууд нь нойрноосоо сэрээгүй байгаа хэрэг. Ер нь энэ чигээрээ нойрсож байгаад замаа хөөж, довоо шарлуулахыг ч үгүйсгэх газаргүй санагдах боллоо. Засгийн газрын сайтаас энэ агентлагийн нэр угаасаа гээгдчихсэн байна лээ.

Уг нь Б.Лхагва даргатай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийдэгсэн бол хүмүүс тагнуулын байгууллагаар биш эднийд өргөдлөө өгөх учиртай. Зах зээл дээр шударга өрсөлдөөн байна уу, үгүй юү гэх манаанд энэ агентлаг зогсох үүрэгтэй. Тус агентлаг нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх эрхэм зорилготой гэж Б.Лхагва дарга цахим хуудас дээрээ дурайтал бичжээ.

Шатахуун импортлогчдын хуйвалдаан, монополь байдал, махны үнийн зохиомол хөөрөгдөл, хомсдол өнөөгийн нийгмийн хамгийн халуун сэдэв болоод байхад Б.Лхагва дарга болон түүний урагшгүй албатууд хаана явна вэ. Малын түүхий эдийг үнэгүйдүүлж, ханшийг хүссэнээрээ удирдаж байгаа нь шударга өрсөлдөөн мөн гэж үү. Яагаад хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй сул цалин аваад сул чөлөөтэй амьдарна вэ. Цахим сайтаар нь ороод шилэн данс хөтлөлтийг нь харах гэтэл мэдээлэл олдсонгүй гэх хариу гарч байх жишээтэй. Яаж ийм ширэн нүүр гаргаж ичих нүүргүй суудал бөглөж чадаж байна аа.

Нэлээн хэдэн жилийн өмнө ШӨХТГ нефть импортлогчдыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг литр тутамд 200-300 төгрөгөөр нэмснийг тогтоож, тэднийг нийт 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гарсан ч Б.Лхагва ажлаа авмагцаа энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон гэж өмнөх дарга О.Магнай хэлдэг. О.Магнай муу нэртэй ч түүнийг энэ агентлагийг удирдаж байхад алдаж оноод ч хамаагүй ажлаа бол хийдэг байсан.

У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Гэтэл хамар доорх агегтлаг нь ажлаа ч хийдэггүй, шилэн дансаа ч хөтөлдөггүй ширэн нүүрлээд сууж байх юм. Шадар сайд Ө.Энхтүвшин харьяа агентлагаа яагаад ажиллуулахгүй байна вэ. Сахилга хариуцлагын, шударга ёсны илдний өмнө хамгийн түрүүн Б.Лхагва дарга болон түүний албатуудыг аваачъя. Эсвэл малгай нь томдсон хүүхэд шиг ажилгүй энэ агентлагийг татан буулгая.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...