Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг дүрэмд төрийн бүх шатны албан тушаалтан дотоод, гадаадад мөрийтэй тоглохгүй, энэ төрлийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй байх заалтыг нэмж тусгасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Тэрбээр, “Төрийн албан хаагч бол олон нийтийн сайн сайхны төлөө ажиллах тангараг өргөдөг. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид казинод тоглож мөнгө угаах, авлига, бусдын нөлөөнд автах болсон. Ялангуяа, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, удирдах албан тушаалтнууд казино тоглосон талаар дэлхийн хэвлэл, мэдээллээр гарах боллоо. Засгийн газрын энэхүү шийдвэрийн биелэлтийг улирал тутамд хянаж, дүгнэж байхыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Гэхдээ үүнд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын хяналт маш чухал. Хэрэв төрийн албан хаагч мөрийтэй тоглож байгааг мэдвэл ЗГХЭГ-т шууд мэдээлэл ирүүлж болно. ЗГХЭГ-аас уг албан хаагчийг шалгаад, ажлаас халах хүртэл арга хэмжээ авах юм.
Энэ дүрмийг эхний ээлжинд зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Хэрэв энэхүү дүрмийг хэрэгжүүлэхгүй бол хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих юм. Мөн хар тамхи, биеэ үнэлэхтэй холбоотой гэмт хэрэгт хууль, хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон тухай мэдээлэл ирэх болсон. Уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах болно. Цаашдаа, Засгийн газар төрийн албан хаагчийн сахилга хариуцлагатай холбоотой журмуудыг шинэчлэн, хэрэгжилтэд иргэд, олон нийттэйгээ хамтран хяналт тавина” гэлээ. Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Энэ дүрэм УИХ-ын гишүүдэд үйлчлэх үү?
-Төрийн бүх шатны албан хаагч гэсэн тодотголд улс төрийн албан тушаалтан багтана. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох боломж Засгийн газарт байхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүний талаар мэдээлэл ирсэн тохиолдолд олон нийтэд нээлттэй зарлах болно.
-Арбитрын шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой 115 тэрбум ам.долларыг ажлын 5 өдөрт багтаан төлөх шийдвэр ирүүлсэн гэсэн мэдээлэл байна?
-Засгийн газарт ийм бичиг ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байгаа. Мөн Худалдаа, хөгжлийн банкнаас 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцээрийн зарчмаар шийдвэрлэх санал ирүүлсэн. Худалдаа хөгжлийн банк 49 хувийг худалдан авсан 400 сая ам.долларыг хэрхэн босгосныг хууль, хяналтын байгууллага шалгаж дууссаны дараа хэлэлцээрийн ширээний ард суух боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа. Уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Мөн Хөгжлийн банкинд шалгалт хийж байгаа. Уг шалгалтын дүн энэ сарын 19-нд гарна.