Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.14) нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас дахин хойшлогдлоо. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг удирдахаар болсон бөгөөд тэрбээр хуралдаандаа хүрэлцэн ирсэн болоод ирээгүй гишүүдийн нэрсийг тойрог тус бүрээр нь танилцуулан, ирээгүй гишүүдийг хуралдаандаа ирэхийг удаа дараа шаардсан ч 11.16 цаг хүртэл ирц бүрдсэнгүй. УИХ-ын 33 гишүүн хуралдаандаа хүрэлцэн ирж, ирц 44 хувьтай байсан юм.
Тиймээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшилж байна. УИХ-ын Байнгын хорооны 14 удаагийн хуралдаан, Дэд хорооны хоёр удаагийн хуралдаан мөн ийм шалтгаанаар хойшилсон байна. Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Энэ асуудлыг хэлэлцэх үед хуулийн төслийг өргөн барьсан сайд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж, хэлэлцэж буй асуудлыг хаяж гарснаар асуудал хэлэлцэгдэж чадалгүй өнөөдрийг хүртэл хойшилж байна.
Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал мөн л хэлэлцэгдэлгүй дөрвөн хуралдаан дамналаа. Ерөнхий сайд УИХ-ын чуулганд ирж оролцох үүрэгтэй. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдаас болж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд томилогдож чадахгүй өдий хүрлээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа энэ үед, монголчууд хүнстэй өвөлжих үү, хүнсгүй өвөлжих үү, гурилын үйлдвэрүүд энэ жил хураан авсан буудайгаа гурил болгож чадах уу, үгүй юу гэсэн асуудал хоолой дээр тулаад байхад салбарын сайдаа томилж чадаагүй байж байна.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сантай холбоотой алдаа завхралыг засах асуудлыг шийдэх ёстой УИХ-ын Түр хороо байгуулах асуудлыг шийдэж чадахгүй өнөөдрийг хүрээд байна. Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуульд заасан хугацаанд хэлэлцсэн. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдын асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэлгүй өдийг хүрч хууль зөрчсөн нөхцөл байдал үүсээд байна. Иймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байгаа тул өнөөдрийн хуралдааныг хааж байна” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.