Боловсрол суваг телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Чамин-Эрдэнэ харамсалтайгаар зуурдаар нас барсан нь нийгэмд нилээд шуугиан тарьсан. Түүнийг амьд байхад уг шоуны оролцогч Э.Одонтунгалагийн ээж зургийнх нь өмнө маанийн ерөөл уншуулсан гэсэн мэдээллийг талийгаачийн ээж хэвлэлд өгсөн нь хүмүүсийн бухимдлыг нэлээд хүргэсэн юм. Тэгвэл оролцогч Э.Одонтунгалагийн ээж Г.Наранчулуун энэ хэргийн талаар мэдэгдэл гаргаж фэйсбүүк дээрээ нийтэлжээ.
МЭДЭГДЭЛ
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Юуны өмнө “Mongolia’s next top model” уралдаант нэвтрүүлгийн оролцогч, Монголын нэгэн сайхан охин харамсалтайгаар амь үрэгдэж, бурханы оронд одсон явдалд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлье.
Хүний амьдралын хойд нас, хойд төрөл гээд сайн учрыг нь мэдэхгүй ч хүмүүний ертөнцөд эргэн төрөөсэй гэж ард үлдэгсэд нь сүнсийг нь тайван байлгадаг гэж ойлгодог.
Ийм ч учраас талийгаач охины гэгээн дурсгалд хүндэтгэлтэй хандаж, сайхан үрээ алдсан хүмүүсийн сэтгэлийн зовлонг ойлгож, 49 хоногийг нь өнгөрсний дараа мэдэгдэл хийнэ гэж бодож, гүтгэлэг, доромжлол, ташаа мэдээлэл, элдэв дайралтуудыг тэсэн тэвчиж, дуугүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Гэвч цаашид тэвчихэд үнэхээр бэрх болж, гүтгэлэг хэрээс хэтэрч, охины минь эрүүл мэнд аюулгүй байдалд эрсдэл үүсч болзошгүй байгаа тул энэ хэрэгт миний бие болон миний охин ямар ч хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Хувь хүний бичих, хэлэх нь нээлттэй боловч хүн гүтгэх, доромжлох нь хуультай. Хүмүүс минь хэлэх үг, хийх үйлдлээ бодож хариуцлагатай байгаарай. Олон нийтэд төөрөгдөл үүсгэх нь хэргийг шалгах ажиллагаанд ашиггүйг ухаараарай.
Миний зүгээс сошиал дахь гүтгэлгийн чанартай бүх баримтуудыг цуглуулж, охиныхоо нэр төрийг сэргээлгэхээр Цагдаагийн байгууллага, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд тус тус хандсан байгаа. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хэргийн мөрдөн байцаалтын шатанд шалгуулсан. Дахиад ч шалгуулахад бэлэн байна.
Ингэж бусдыг санаатайгаар гүтгэж, доромжилж байгаа нь хэргийн үнэн мөнийг сарниулах гэсэн санаатай үйлдэл байж болох талаас нь ч шалгуулна.
Энэ хүнд өдрүүдийг туулахад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Монголчууд бид чинь аливаад хүлээцтэй ханддаг эрүүл саруул сэтгэхүйтэй, зөв бодол, оюун ухааны сайхан энерги нь давамгайлж байдаг хүмүүс шүү дээ.
Яагаад ингэж гүтгээд байгааг ойлгохгүй байгаа охиныхоо урсгасан нулимс бүрийн төлөө эх хүнийхээ хувьд үнэн мөнийг олтлоо эцсийг нь хүртэл явах болно.
Эцэст нь гэм зэмгүй охиныг минь тайван байлгаач ээ, хэргийн эцсийн дүгнэлт гартал тэвчээртэй хандаач ээ гэж хичээнгүйлэн хүсье.
“MNTM” нэвтрүүлгийн оролцогч Э.Одонтунгалагийн ээж Г.Наранчулуун