Намаараа талцдаг байсан улстөрчид хулгайгаараа ханьсдаг болжээ

Хэдэн жилийн өмнө “Дугаарын хязгаарлалт” гэдэг хоёр үг нийслэлчүүдийн дунд тренд болж, тэр ч байтугай олон нийтэд хамгийн их хэрэглэгдсэн үгээр шалгарч байв. Улаанбаатарын замын хөдөлгөөнд анх удаа дугаарын хязгаарлалттайгаар оролцуулсан шийдвэр байсан учраас сайн, муугаар маш олон давтагдсан нь маргаангүй. Тэр явдлаас хойш нийтээрээ, бүр нийгмээрээ хэлэлцсэн үгсээр ЖДҮ буюу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан тодорлоо. УИХ-ын баахан гишүүн ярилцаж тохирсон юм шиг 950 сая төгрөгийн зээл авсан нь олон нийтэд ил болсноор бөөн хэрэг мандав. Салбар хариуцаж байсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг сайдаасаа огцорч, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ салахад хүрээд байна. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт прокуророос ирсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Өмнө нь хүчингийн хэрэгт нэр холбогдсон Д.Гантулгыг, одоо ЖДҮ-ийн сангийн зээлийг хамаатан садан, улстөрчдөд хууль зөрчин олгосон гэх хэрэгт холбогдоод байгаа Б.Батзоригийг гишүүний бүрэн эрхээс чөлөөлбөл УИХ дахь МАН-ын бүлэг 63-уулаа үлдэнэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар ЖДҮ-ийн сангаас зээл авсан үйлдэлд өөрсдийгөө буруугүй гээд мөнгөө буцааж төлснөө сүржин мэдэгдэв. Хэн ч бай зээл авсан бол хугацаанд нь төлөх л ёстой. Энэ бол тэднийг зөвтгөх цагаатгал болж чадахгүй. Зарим нь маргааш төлчихнө гэж ирээд даналзаж байх нь ийм их мөнгөтэй байсан юм бол яах гэж ЖДҮ-ийн санг цөлмөсөн юм бэ гэж олны дургүйцэл улам л дэврэв. Хувьдаа банктай УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮ эрхлэгчидтэй барьцаж, тэр сангаас зээл авсан гэхээр хүний шунал барагддаггүй, жирийн иргэдийн зовлон эрх мэдэлтнүүдэд падгүй гэдэг нь бүр ч тодорхой харагдана. Монголын улстөрчид өмнө нь намаараа талцаж улстөрждөг байлаа. Харин ЖДҮ-ийн санг цөлмөсөн луйврын дараа цаанаас нь хэмжээ заасан юм шиг 950 саяын зээл авсан, аваагүйгээрээ хуваагдаж ханьсдаг шинэ жишиг тогтоолоо. Засгийн эрх мэдэлд үнэмлэхүй олонхоороо сууж байгаа гэдэг утгаараа МАН-ынхан ЖДҮ-ийн санг хоосолсноороо илүү жин дарж байна. Харин АН-ынхан өмнө нь мөн л ийм жишгээр хулгай хийж асан олон баримт ил болсон учир нөгөөдүүлтэйгөө ханьсаж орхисон. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн гэр бүлийн бизнес ЖДҮ-ийг тойроогүйгээс харахад  хэн хэнийхээ харыг гайхах шаардлагагүй гэдгийг харууллаа.

Энэ улс төрийн бужигнаан дунд зүгээр л хүнээрээ байх тухай ойлголт ч бүдгэрэн замхарч эхэлсэн. Би үхэхээр чи үх гэдэг шиг би зээлээ төлчихсөн, уучлал гуйх шаардлага байхгүй, ямар тендер концесс авчихсан биш, ер нь бүх гишүүн л ЖДҮ-ээс зээл авдаг, мэдээлэлд ойр байвал хэн ч авна шүү дээ гэх мэтээр хар амиа хоохойлсон заримдагуудын баг хууларч эхэллээ. Зээл өгсөн сайдыгаа шахсаар байгаад өргөдөл өгүүлсэн хэрнээ зээл авсан сайд нь ар хударгаар нь нуугдаж  хоцрохыг харав. Төрөөс төрж гарсан тэрбумтан хэрнээ ЖДҮ-ийн сангаас зээл авчихаад надаас гадна олон гишүүн зээл авсан гээд дэргэдэх нөхрөө дайсанд илчилдэг гишүүн олон байх аж. Нэрт нийтлэлч Баабарын хэлсэнчлэн аливаа зүйл ёроолдоо хүртэл унаад эргээд сэргэх үйл явц одоо ид өрнөж байх шиг. Энэ бүх эрээвэр хураавар араншингаас харахад Монголд улс төрийн нам, үзэл баримтлал гэх зүйлс огт байхгүй болсныг илтгэнэ. Хүн чанарын тухайд бүр яриад ч хэрэггүй болсон цөвүүн цаг үе бололтой. Засаг нь сайдаа, бүлэг нь гишүүнээ, парламентын олонх нь олонхоо өөрсдөө даран сөнөөж байгааг бид харж байна.

Том зургаар нь харвал Монголын улс төр, улстөрчид ёс зүйн доройтолд орсноос гадна сонгуулийн тогтолцоогоо эргэн харах зайлшгүй шаардлагатай болжээ. Өмнөх УИХ Сонгуулийн тухай хуулийг өөрчилж холимог тогтолцоог мажоритар руу шилжүүлж ухралт хийсэн байдаг. Мажоритарыг сонгохдоо бүр жижиг хувилбарыг хуульчилсан нь сонгогчдын санал гээгдэх, нутгархах үзлийг дэвэргэх, гар цайлгах мөнгө харсан сонголт хийдэг зарчим руу түлхсэн. Тойрогтоо нүүрс, будаа, гурил, сургалтын төлбөр, бэлэн мөнгө тарааж сонгогдсон улстөрчид цацсан мөнгөө эргүүлэн олж авч шархаа нөхөхийн тулд Засгийн газрыг огцруулах зэрэг улс төрийн хуйвалдаанд оролцохдоо ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авах зэргээр биеэ үнэлж, мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахааргүй аашилдаг боллоо. Чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллахдаа гарын бэлэг ганзагалж очихгүй бол нөгөөдүүл нь дахиж сонгохгүй учраас хулгайн аргаар ч хамаагүй мөнгөжих, баяжих хязгааргүй хүсэлд улстөрчид дөнгөлүүлжээ. Мөнгөнд дулдуйдсан сонгуулийн энэ жижиг тойргийн тогтолцоо хуулийн цээрлэл бий гэдгээс айж эмээх мэдрэмжээ алдах хүртэл ингэж донтуулдаг ажээ. Сонгуулийн жижиг тойргоос том хулгайчид төрөн гардгийг ЖДҮ-ийн санг тойрсон үйл явдал бидэнд нотолж өглөө.

Хууль зөрчсөн, хулгай хийсэн улстөрчид хариуцлага хүлээх учиртай. Хулгайд их бага, эрт орой гэж байдаггүй. Үүнтэй зэрэгцээд улс төрийн намууд дотооддоо их цэвэрлэгээ хийх цаг болжээ. Мөнгөтэй, санхүүгийн чадамжтай гэх ганцхан шалгуур тавьдаг балай хандлагаа бушуухан өөрчлөхгүй бол оройтож мэднэ. Албан тушаал авах болохоороо ороо нь орсон бух шиг дөргүй шунан зүтгэдэг атлаа хариуцлага хүлээх болохоор “Уучлаарай” гэдэг ганцхан үг амнаасаа унагахдаа ч харам загнадаг ёс зүйгүй хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шүүлтүүртэй болмоор байна. Улсын дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй улс төрийн намууд ойрын хугацаанд Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, засаглалын хэлбэр ямар байх гэсэн хоёр асуудлаар зөвшилцөх уулзалт хийх цаг болжээ. Ингэхгүй бол цаашдаа Монголын улс төр улам л хөл толгойгоо алдана. Үндсэн хуулийн өөрчлөлт, Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэгчид, ардчиллыг анархизм руу чирэгчид гээд нөхцөл байдлыг улам муутгаж мэдэх олон хайч бий. Энэ олон хайчин дунд ухаалаг нүүдэл хийхгүй бол улсаараа уруудахаас өөр ямар ч зам үгүй.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...