Крымийн хойгийн Керчь хотын Политехникийн коллежид Владислав Росляков гэдэг оюутан дэлбэрэлт хийж, буудлага үйлдсэний улмаас 20 хүн амь эрсдэж, 50 гаруй хүн шархадсан аймшигт хэрэг энэ сарын 17-нд гарсан. Гэрчүүд болон хүчний байгууллагуудын мэдээлж байгаагаар, 18 настай оюутан Росляков коллеж руугаа ангийн буутай нэвтэрч, замдаа таарсан хүн бүхэн рүү буудаж, дараа нь олон оюутантай байсан цайны газарт дэлбэрэлт үйлдсэн юм байна.үүний дараа коллежийн номын санд толгой руугаа буудан амиа егүүтгэсэн. Зэвсэглэн сургууль дээрээ ирж кинон дээр гар шиг л тааралдсан хүмүүсээ буудаж явсан оюутан хүү угтаа хэн байв, юуны учир ийм халдлагыг үлйдэх болов гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна.
Хүүгийн ээж амиа хорлохыг завджээ
Эх сурвалжуудын дурдсанаар хүү нэлээн зожиг, хаалттай хүнтэй нэг их үг солиод байдаггүй байжээ.
Тэрээр 2000 онд төрсөн 18 настай байв. Тэрээр ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд эцэг эх нь 9 жилийн өмнө салжээ. Түүний 76 настай эмээгийн хэлснээр тэрээр багадаа тун ч зөөлөн зантай, маш нээлттэй, бусадтай эвтэй хүүхэд байсан аж. Гэвч хүүд эцэг эхийнх нь салалт нөлөөлсөн үү аажимдаа үг дуу цөөтэй, бүрэг ичимхий болон өсчээ. Хөршүүдийнх нь хэлснээр хүүг гуравдугаар ангид байхад нь аав нь толгойдоо бэртэл авсан байна. Тэр үеэс аав нь хачин авир гаргаж, эхнэр хүүгээ зодох нь харагдах болжээ. Ингээд удалгүй аав ээж нь салсан бөгөөд аавд нь хүүтэйгээ уулзахыг огтхон ч зөвшөөрдөггүй байсан аж.
Владислав Росляковын ээж нь сувилагч бөгөөд хэрэг гардаг өдөр ч ажлын хийж байжээ. Халдлагын анхны хохирогчид эмнэлэгт ирэх үед тэрээр эмнэлгийн тусламжаа үзүүлэн ажилласаар байсан бөгөөд хүүгээ ийм хэрэг хийсэн гэж огтхон ч төсөөлөөгүй байсан байна. Аймшигт хэргийг мэдсэний дараагаас тэрээр гэртээ огт хариагүй бөгөөд түүнийг сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Амиа хорлохыг завдсан гэсэн мэдээлэл ч байгаа юм. Зарим эх сурвалж түүнийг шашны бүлэглэлд явдаг байсан гэж дурдаж буй.
Хүү 596 ам доллар хаанаас олсон бэ
Росляков энэ оны есдүгээр сард 18 нас хүрэнгүүтээ буу хэрэглэх зөвшөөрөл авчээ. Сургуульд халдлага үйлдэхдээ 150 ширхэг сумтай байсныг цагдаагийнхан мэдээллээ.
Эмгэнэлт явдал болсон газраас сумны 10-аад хайрцаг, 10 орчим гар хийцийн тэсрэх төхөөрөмж, шатамхай шингэн бүхий лонхнууд олдсон байна. Гар хийцийн зарим тэсрэх бөмбөгөнд хадаас боолт зэргийг хийсэн нь шархдагсдын биенээс гарчээ. Сонирхолтой нь тэрээр энэ халдлагад зориудаар бэлтгэхдээ 39 мянган рубль буюу 596 ам доллар зарцуулсан байдаг. Тэрээр ямар нэгэн ажил хийдэгггүй, гэр бүл нь амьжиргаа тааруу учир хүү энэ мөнгийг хаанаас олсон нь одоо хэр таавар байгаа юм. Тэрээр буудлагын клубт явдаг, зэвсэг сонирхдог байсан гэнэ.
Тэрээр алаан хядаантай видео тоглоомонд донтсон байжээ
Зарим эх сурвалжууд Росляковыг хэт үзэлт залуучуудын бүлэглэлд багтдаг байж болзошгүй гэдэг хувилбарыг шалгаж байгаач одоогоор нотлогдоогүй байна. Мөн түүнийг дурлалын шархтай байсан, тоогдоогүй охиноо буу барин сургуульд дотроо хайж явсан талаар гэрчүүд мэдээлсэн байна. Уг шалтгаанаас болж энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа ч яг таг эцэслээгүй байна.
Түүнийг хамт сурдаг оюутнууд нь хичээл сурлагандаа тааруу, бусад оюутнуудтай зөрчилддөг гэж дүгнэжээ. Тэрээр бусадтайгаа таарамж муу, бас дээрэлхүүлдэг байсан бололтой. Гэлээ ч халдлага үйлдсэнд нь итгэж ядан байгаагаа оюутнууд ярьсан байна. Учир тэрээр дөрвөн жил суралцахдаа уурлаж бухимдсан байдал нэг ч гаргаж байгаагүй бөгөөд чимээгүйхэн хичээлдээ сууж байгаад л явдаг байж. мөн цагдаа сэргийлэхтэй холбоотой нэг ч хэрэг өдүүлж байсангүй. Мөн нэгэн оюутан Росляков алаан хядаантай, сургууль дотор яваад бууддаг видео тоглоомонд дуртай гэж нэгдүгээр курст байхдаа надад ярьж байсан гэжээ. Үүнээс гадна түүнийг алаан хядаантай олон ангит цуврал кинонуудад маш дуртай байсан гэж зарим эх сурвалж дурдсан байна.
Хэргийг цагдаа нар “алан хядах ажиллагаа” гэж тодорхойлж мөрдлөг явуулж эхэлсэн ба нотлох баримт, хэрэг үйлдэлтийг шалгасны дараа “аллага” хэмээн үзэж байгаа аж.
Крымийн захирагч Сергей Аксенов сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Тухайн этгээд шашны аль нэг секттэй холбоотой байгаагүй, мөн ганцаараа, хэн нэг хамтрагчгүйгээр хэргийг үйлдсэн” гэлээ.