Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрч байгаа долоо хоногт Дорноговь аймагт ажиллаж, баялаг бүтээгч нартай уулзав. Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувийн гүйцэтгэлтэй, хэд хэдэн үйлдвэр шинээр үүдээ нээснээр орон нутагт ажлын байр чамгүй тоогоор нэмэгдсэн гээд сайн мэдээ цөөнгүй байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цементийн үйлдвэрт ажиллах үеэрээ “Манай улс өнөөдөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг боллоо. Иймд одоо манай үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортолж, гадаад зах зээлд гаргах боломжийг судалж, эрэлхийлэх нь чухал байна” хэмээн хэлжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ үг барилгын материал үйлдвэрлэгдчийг олон жил айдас хүйдэст автуулсан импортын цементийн аюул үгүй болж, тэнгэр цэлмэснийг нотолж өглөө. Эх орондоо ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсэн цемент гадаадын хямд бүтээгдэхүүнд навс цохиулдаг байсан үе түүх болон ард үлджээ. Цемент үйлдвэрлэгчид дотоодын зах зээлээ хамгаалж, эзэн нь болоход өөрсдөө асар их эрсдэл, зүтгэл гаргасныг энд дурдах ёстой.
Монголчууд цементийнхээ хэрэгцээг дотооддоо бүрэн хангадаг боллоо. Одоо яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Манай улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдаг, үүний нэг сая тонн-ыг импортоор оруулж ирдэг байв. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа цементийн хэрэгцээний 50 хувь нь гадаадаас хамаардаг байсан гэсэн үг. Одоо Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр технологио шинэчилж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн, “МАК”, “Монполимет”, зэрэг компаниуд Дорноговь аймагт шинээр орчин үеийн технологи бүхий үйлдвэр барьж ашиглалтад оруулсан. Төв аймгийн Сэргэлэн суманд Хятадын төрийн өмчит компани жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьсан. Энд нэр дурдсан дөрвөн үйлдвэр Монгол Улсын цементийн хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй, түүнээс ч давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай. Ажлын байр бий болгож, татвар төлж, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг эдгээр үйлдвэрийг тасралтгүй жигд ажиллуулах, нэгээр нь нөгөөг цохиж унагаан хаалгыг нь бариулчихгүйн тулд төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай.
Монгол төрийн үйлдвэржилтийн бодлого тасарсны харгайгаар олон үйлдвэр хаалгаа барьсныг мартаж болохгүй. Цементийн үйлдвэрлэгчдийн хувьд газар зүйн байршлаар нь аваад үзвэл Дорноговьд хоёр, Төв аймагт нэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөлд нэг үйлдвэр байна. Ерөнхийдөө Улаанбаатарыг тойрсон зах зээлийн хэрэгцээнд дулдуйдсан маягтай. Өмнийн говьд уул уурхайг дагаад томоохон бүтээн байгуулалтууд хийх болохоор энэ зах зээл рүү бүгд харуулдаастай. Товчхондоо бол цемент үйлдвэрлэгчид байршлын хувьд нэг дороо шавж, зах зээлээ булаацалдах байдалтай байна. Хэрэв Монголын төрд үйлдвэржилтийн болон бүсчилсэн хөгжлийн бодлого гэж байдаг бол тэр хүрээндээ зах зээл, нийлүүлэлт тал дээр нь зохицуулалт хийх цаг иржээ. Хэрэв ийм алхам хийхгүй бол импортын цементтэй олон жил тулалдаж тамираа барсан үндэсний үйлдвэрлэгчид одоо бие биетэйгээ барилцаж авахад ойрхон байна.
Төрөөс цементийн үйлдвэрлэлийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах замаар зах зээлийн нийлүүлэлтэд зохицуулалт хийх алхмыг нэн даруй хэрэгжүүлэх шаардалга тулгарчээ. Одоо үүссэн нөхцөл байдлаар бол Улаанбаатар, говийн бүсэд бүтээгдэхүүний илүүдэл гарч, харин алслагдсан баруун аймгуудад хомсдол үүсэх, эргээд импортын цемент рүү хошуурах байдал үүсэхийг үгүйсгэх газаргүй. Цементийн үйлдвэрлэлийн өнгийг тодорхойлж байгаа дөрвөн том болон бусад жижиг үйлдвэрүүд бүсчилсэн байдлаар бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хариуцаад явж яагаад болохгүй гэж. Дээрээс нь Ерөнхий сайдын санал болгосны дагуу бүтээгдэхүүнээ гадаад улс орнуудын зах зээл рүү экспортлох гарцыг судлах, хайж олох нь мэдээж чухал. Төрөөс цементийн үйлдвэрлэлийг чадлын хэрээр дэмжсэний хүчинд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон гэдгийг мэднэ. Харин одоо үйлдвэржилтийн бодлогоо дахин шүншиглэн амилуулж, бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо уялдуулъя.
Б.ТҮВШИНТӨГС