Хар тамхитай холбогдох хэрэгт он гарсаар 258 хүн холбогдон шалгагдаж байгаагийн тав нь дунд сургуулийн сурагч, гурав нь их сургуулийн оюутан. Хамгийн бага нь 13 настай хүүхэд.
- 2016 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 12-14 насны нэг ангийн 14 хүүхэд хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдав.
- 2017 оны 11 дүгээр сард ЦЕГ, Сурагчдын холбоотой хамтран судалгаа хийхэд 201 хүүхэд хар тамхи хэрэглэж байгаа нь илэрсэн. Хамгийн бага нь 13-14 настай хүүхдүүд байв.
- 2017 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн XI хороолол, Зуун айл орчмын байрнуудаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж мансуурсан хүүхдүүдийг цагдаа нар барьжээ.
- Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны есөн давхраас 14 настай Б, 16 настай Г, 15 настай Ж нар зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурч байгаад баригдсан байна. Тэд нэг сургуулийн сурагчид байсан.
- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин, Нэгдүгээр хороолол орчмын байрны орцонд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байнга мансуурдаг…
Таны хүүхэд хар тамхи хэрэглэж байна гэвэл таньд их холоо сонсогдож байна уу. Миний хүүхэд хэзээ тэгэхгүй ээ, эцэг эхийн хараа хяналт сул, замбараагүй бүдүүлэг хүмүүсийн хүүхдүүд л эсвэл баян тарган нөхдүүдийн үр хүүхэд л ийм хэрэгт холбогддог гэж бодогдож сууна уу. Сэрж үз, таныг бас биднийг ингэсхийж бодоод ажил алба, мөнгө төгрөг гэсэн “томоос том” зүйлүүддээ төвлөрч явахад хар тамхи гээч зүйл хэнийхийг ч ялгалгүй үр хүүхдүүдтэй маань зэрэгцээд алхах болж.
Тэр дундаа 12-13-аадхан настай хүүхдүүд хар тамхи хэрэглээд мансуурч байгааг төсөөлөөд үз дээ. Угтаа уут чихэр, мөхөөлдөс төдийхөнд дурлаад хичээлдээ гүйж явах ёстой өөдөсхөнүүд өвс шатааж үнэрлээд гуйвж дайвлан, том том юм чалчиж, хорвоог мансуурсан өнгөөр харах юм гэнэ. Даварлаа даварлаа гэхэд аав ээжээсээ нуугдан янжуур зууж үзэхээс хэтрэхгүй нас баймаар юм. Ухаан санаанд багтамгүй, увайгүй ийм донг тэдэнд хэн заагаад өгчихөв өө.
2000-аад оны эхээр бол урлагийнхан ч юм уу олны танил хүмүүс хар тамхи хэрэглэж байгаад баригдлаа гэх мэдээлэл цацагддаг байлаа. Түүнээс хойш 20 он улирахад мөнгөтэй мөнгөгүй ялгалгүй, бүр сурагчийн дүрэмт хувцасныхаа хирийг угааж чадахгүй жаалууд хүртэл хар тамхинд мансуурах болжээ. Хар тамхины хөнөөл, аюул гэж энэ.
Хар тамхийг яагаад тахалтай зүйрлэдэг, дэлхийн улс орнууд хар тамхины эсрэг хуулиа яагаад чанга байлгадаг, чангатгасаар байгаагийн учир энэ. Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар монголчууд ойлголт багатай, оюун санааны дархлаа сул байгаагийн илрэл бол энэ. Хар тамхи тайван сууж болох хязгаараас давж улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр томорч бяр суусны шинж энэ. Өсвөр насныхны даган дуурайдаг, биширч сонсдог урлагийн гэгдэх нөхдүүд үүнийг хэрэглээд үз дээ, үнэн тасархай таашаал авна гэж бахирч хэл үг болоод хэлбэр дүрсээрээ буруу үлгэр үзүүлсний гор энэ.
Хар тамхи хэрэглэсний дараа хүүхэд эхлээд сэтгэцийн хамааралд дараа нь биеийн хамааралд ордог байна. Хамгийн эхлээд нүдэнд буюу хүүхэн хараанд өөрчлөлт өгч дараа нь сэтгэц өөрчлөлттэй болно. Яваандаа сэтгэцийн олон төрлийн өвчин тусч хар тамхи хэрэглэсэн хэрэглээгүй аль ч цаг үед тэнцвэрээ алддаг болчихдог байна. Яг л согтуу хүн шиг гуйвж дайвж явна. Эндээсээ таван цул эрхтэнд нь нөлөөлж эхэлдэг бөгөөд маш хортой бодис хэрэглэж байгаа болохоор элэг цэвэршүүлж чаддаггүй. Ингээд элэгний хорт хавдар, церрозтой болох үүд нээгдэнэ. Зүрхэнд ачаалал өгч, зүрхний шигдээс болох, шууд хаагдах хорт үр дагавартай. Мөн арьсан дээр янз бүрийн толбо гарч тэр нь ямар ч тос түрхэж, эм уугаад огт арилдаггүй. Ингээд хар тамхи хэрэглэсэн хүн эцэстээ нэг ч эрүүл эрхтэнгүй болдог байна. Дунджаар 2-12 жилийн дотор нөгөө ертөнц рүү явна.
Хар тамхи архи, тамхинаасаа 60 дахин хортой юм гэсэн. Нэг удаа татахад гарах үр нөлөө нь архинд шартсанаас 60-90 дахин илүү хүнд мэдрэмж төрүүлдэг. Ийм өвдөлт, тавгүйтлээ дарахын тулд дахин татсаар өөрийн мэдэлгүй ихээ амархан хар тамхины үнэнч хэрэглэгч болдог ч буцаж гарах “хаалга” харин барагтай олдохгүй. Мансууруулах бодисын донтой хүнийг эмчлэхэд дөнгөж 5 хувийн л эдгэрэлтэй. 100 хүн эмчлүүлэхэд 5 нь л давж гарч чадна гэсэн үг. Тухайлбал, 18 жилийн 14 хүүхэд л хар тамхины донгоосоо эдгэрчээ.
Хар тамхи татсан хүн л өөрөө л эдийн засаг болоод биеээрээ хохироод үлддэгсэн бол чөтгөрт талархахсан. Гэвч үүнд донтож тархи биеэ захируулсан хүн түүнийг олж амсахын тулд юу ч хийхэд бэлэн болдог нь хамгийн аймаар. 2008 онд 18 настай хоёр хүүхэд эмээгээ хороон мөнгийг нь авчихаад тэр мөнгөөрөө хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсаныг санаж байна уу. Хар тамхи ийм л хар мөртэй.
Бид авто зам дээрх хаа хамаагүй хоёр хүний хэрүүлийг хэдэн өдрөөр хэлэлцэн шүүж, санаа тавьдаг завтай хүмүүс. Гэсэн атлаа ирээдүй болсон үр хүүхдийнхээ хэнтэй нөхөрлөж, юу хийж буйг анзаарах завгүй хүмүүс ажээ. Хэн нэгний хөнжлийг сөхөж, салсан нийлсэн тухай мэдээлэл дээр сэтгэгдэл үлдээж чаддаг ч үр хүүхдийнхээ тархинд хар тамхи ийм хор хөнөөлтэй шүү, сониуч зангаар татаад үзчихвэл амьдралаа алдчихна шүү гэж “бичиж” үлдээж мэддэггүй л улс аж. Алтан могойны зургийг бурзайна гэж итгэж хэдэн мянгаар нь сошлд хуваалцаж чаддаг хэрнээ 13 настай хүүхэд хар тамхи татжээ гэх мэдээллийг аюул гэж хардаггүй, тоодоггүй “өвөрмөц” хүмүүс юм байна.
АТГ-ын экс даргын хэлсэн шиг “за яахав ээ яахав” гээд тоохгүй өнгөрөөчиж боломгүй л байна даа монголчуудаа. Уусан идсэн, саасан, шамшигдуулсан, унтсан хэвтсэн ярихаас хэтрэлгүй суух зуур улаан цурав багачууд нь мансуурч гуйваад байна цаагуур чинь…
Б.Намжилмаа