Навчис шарлаж, намрын сэрүү унах цагаар Монголын улс төрд нэгэн наадмын тов тодров оо. Энэ жилийн сүүлчийн улс төрийн наадам учраас МАН-д харьяалалтай, хамааралтай хүн бүр л ямархуу болох бол гэсэн догдлол, шаналал, хүлээлттэй байгаа нь илт. Сүүлийн жилүүдэд ганц МАН ч биш АН , МАХН, ИЗН гэх мэт Хүрээний намууд уяач, бөхчүүдээр гангарах донтой болж,наадам, хуралдай хоёрын алин болохыг ардууд байтугай өөрсдөө ялгахад бэрх болсон цаг. Хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилж байгаа цагт хор хутгаж гаршсан элдэв нөхдийн гай түйтгэрээр наадам нь нанчилдаантай болуужин хэмээн Хүрээний төрийн түшмэд, хүүхэд хөгшид, хар шар феодал, хамжлага ард гэлтгүй сэтгэл чилээн суух нь Монголын улс төрийн их хамаарал ч юм шиг. Юутай ч нийслэлийн МАН гэх ардаар овоглосон айлын 34-р Бага наадам энэ есдүгээр сарын 21-нд товлогдож, 369-үүлээ цугласан даруйдаа найр хурим, нанчилдаан сөргөлдөөн хоёрын алийг үүсгэхийг Балхжав гавьяат ч таашгүй.
Сураг ажиг тавихад энэхүү бага наадмын их насны морьдын уралдааны түрүүг нэгэн хурдан морь унаач хүү авахаар ам гарч, хүн амьтныг амруулахгүй хаалга үүдийг нь онголзуулж явна гэх. Эрийн цээнд хүрэв би хэмээн цээж дэлдэн сагсуурч, Хүрээний түгжирсэн ядууст өглөг буян амлаж, өрийн бичгийг галдан шатааж эхэлсэн мэдээтэй. Өмнөх засаг ноёдын 60 жилд гаргаагүй амжилтыг хоёрхон жилд би хийлээ хэмээн цуу яриа зориудаар зохиолгож, энэхүү яриаг цааш түгээсэн хүмүүст өндөр шан харамж хүртээж их л бийлэгжүү загнаж байгаа тухай амтай бүхэн ярьж байна. Бага балчир наснаасаа хөдөө хөхөрч гадаа гандаж, хурдан морины нуруун дээр салхи исгэрүүлэн давхиж явсан явсан тэр шинэ баяныг Хүрээний хэсэг ноёд саарал ордны олон жилийн уйтгарт амьдралаас нь салгахын сацуу хоёр жилийн өмнө 60 лангийн ембүүг нанжвандан хадагтай барьж хоёр жилийн засаг ноён болгосон юмсанжээ. Зэрэг нэмсэн түүх нь ийм авлага өглөгийн хар дагуулаастай учраас эрхэм засаг ноён “60”-ын тоог шүтэж, ардаа жаргаахаас урьтаж ноёдыг хамгаалдаг гэлцэнэ.
Энэ удаагийн бага наадмын гол дүрд ганц шинэ баян тоглоод өнгөрнө гэвэл ёстой лөөлөө. Хэтээсээ Монголын улс төрийн том, бага наадмууд олон гол дүртэй байсаар ирсэн. Хүрээнийхний ярьж байгаагаас үзвэл бас нэгэн дээгүүр алба хашдаг алдарт уяач өөрийн эрх ямба, нэр нөлөөг хадгалж үлдэхээр морьтон баатруудтайгаа идэвхийлэн хөдөлсөн мэдээ бий. Бага наадмын азарганы уралдаан болоход урьдчилж бэлдсэн, ноёд язгууртнуудын голдуу 69 азаргыг ямар ч квотгүйгээр дундаас нь тавина гэж зөрүүдэлжээ. Ингээд зогсохгүй бас л сурсан зангаараа 60 лангийн мөнгөн ембүүг хадаг дээр тавин ноёдод барьсныг Сонгинохайрхан, Банязүрхийн жирийн ардууд мэдмэгцээ урьтан хөдөлж, жагсаал цуглаан зохион байгуулсны хүчинд зургадугаар сард хийх гэж байсан бага наадмыг хойшлуулж дөнгөсөн. Хэрэв МАН-ын жирийн ардууд ингэж зориглон хөдлөөгүй, үударга ёсны сум тавиагүй бол энэ удаагийн бага наадам ноёдод зусардсан, эрх ямбыг нь дархалсан жүжиг ший болоод өнгөрөх байсан биз.
Олон наадамд хурдан хүлгийнхээ тоосыг өргөж явсан алдартай уяачид ардуудтай барьцаж, наадамд хүчээр орох гэсний цаад учир нь 60 лангийн ембүүний хэрэг нь сөхөгдөөд баларч явсных байжээ. Арван тавны цагдаад дуудагдах дээрээ тулж, эрх ямбаа алдах эрсдэл үүссэн учраас тэд ийн тэвдэх нь дамжиггүй. Нэр бүхий ноёдын 60 лангийн ембүүний хэрэг явдлыг хаацайлж, хамгаалах даалгавартайгаар засаг ноён болсон учраас эрвийх дэрвийхээрээ тэдэнд туслахыг бодно. Тусалж ч байгаа. 60 лангийн мөнгөн ембүүний хэргийг эсэргүүцсэн ардуудын тэмцлийг дарах, ихэс дээдсийг хамгаалах сүүлчийн ганц хэрэм нь Хүрээний МАН болчих гээд байгаа учраас Сонгинохайрхан, Баянзүрхийн ардууд бослого тэмцэлдээ хүрсэн биз ээ.
МАН-ын энэ удаагийн бага наадмын хүчит бөхийн зүүний манлайд Монгол Улсын аварга сайд зодоглох нь нэгэнт тодорхой болжээ. Угаасаа ямар ч наадмыг хүчит бөхийн барилдаангүйгээр төсөөлөх ямар ч арга байхгүй. Уран дайчин барилдаанаараа олныг баясгаж явсан тэрбээр УИХ-д орж, улмаар сайдын сэнтийд очсон. Улс төрийн цолондоо ханасангүй юу, бэлтгэл, бэнчин хоёроо харуулах гэсэн үү юутай ч энэ удаад Хүрээний МАН-ын дарга болох алс холын бодолтой хэмээн Сонгинохайрханаар нутагтай гэр хорооллын хүүхнүүд жиг жуг гэлцэх болсон. Ганц хүүхнүүд ч биш. Хүрээний боовон чихтэй голдуу залуус, ахмад бөхчүүд, зарим өндөр хэргэмтэй өөр намын ноёд ч түүнийг далдуур дэмжиж байгаа сурагтай. Олны үг ортой л гэлцдэг.
Энэ бүх үйл явдлаас харахад хэдхэн хоногийн дараа дараа болох нийслэлийн МАН-ын бага наадам үзэх, харах сонин ихтэй болох төлөвтэй. 60 лангийн мөнгөн ембүүний хэргийг эсэргүүцсэн ил бүлгэм МАН-д байгуулагдаад удаж байгаа. Энэхүү бүлгэмийн залуус ноёдын хуйвалдааныг эсэргүүцэж сум тавихаар зэхэж буй талаар Хүрээний сонин бичгүүд шуугих болов. Магадгүй энэ удаагийн наадам Хүрээний МАН-ыг цаашид ардаар овоглох уу, ноёдоор тамгалах уу гэдгийг нэг мөр шийдэж мэдэх талтай. Ардын хүү түрүүлэх үү, ноёдын хуйвалдаан ялах уу гэдгийг харах өдөр ойртлоо. Хоржийлоо…
Б.ТҮВШИНТӨГС