Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид /2018.08.22/ хуралдаж, Бага хурлын товоо тогтжээ. Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурлыг 9-р сарын 21-нд хуралдуулж, 369 төлөөлөгч оролцуулахаар санал нэгдсэн байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс 2018 оны 3,4 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэлийн намын хороодын хурлыг хуралдуулах тогтоол гаргасан юм. Тэр дагуу Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, ийнхүү Нийслэлийн МАН-ын бага хурлыг хийх товыг тогтоожээ.
Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх асуудлын дарааллаа баталлаа. Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурлаар тус намын хорооны болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын даргын асуудал хэлэлцэх юм.
Уг бага хурлыг өмнө нь 6 дугаар сарын эхээр хуралдуулахаар товлож байсан ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн шаардлагаар хойшлуулсан билээ.
Ирэх 9-р сард болох Бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга хэн байхыг гишүүд нь шийднэ. Гэхдээ өмнө нь Су.Батболд тэргүүтэй бүлэглэл мандатгүйгээр дарга нарыг зүтгүүлж, өөрсдийнхөө байр суурийг хадгалж үлдэх ородлого гаргасан учраас дүүргийн МАН-ын үүрийн гишүүд эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл хийгээд амжсан.
Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байгаа Су.Батболд нэр хүнд муутай, 2016 оны сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тааруу, хамгийн сүүлд “Макс”-ын Ганбаатартай газрын наймаа хийсэн гэх дуулиан шуугиан дэгдээд байгаа учраас нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс огцруулж мэдэхээр нөхцөл байдал үүссэн нь нууц биш. Ямартай ч 2016 оны солнгуулиас хойш анх удаа хуралдах гэж байгаа нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал ширүүхэн уур амьсгал дунд өрнөх төлөвтэйг ажигчлагчид онцолж байна.