НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Нийслэлийн 2018 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцав.
2018 оны 3 дугаар улирал дуусч байна. Гэвч нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх шилжсэн төсөл арга хэмжээг авч үзэхэд дөнгөж 46 хувь нь гэрээ байгуулсан байна. Нийт 156 ажлыг ангилсан байдлын авч үзэхэд захиалагчид гэрээ хийх зөвлөмж хүргүүлсэн 10, Тендерийн бичиг баримт боловсруулж байгаа 4, Тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 21, Тендерийн материал хүлээн авч байгаа 18, Зураг төсөл ажлын даалгавар ирээгүй ажил 25, Газрын асуудал шийдэгдээгүй 6 ажил байгаа бол гэрээ хийгдсэн 72 буюу нийт ажлын 46 хувь байгаа юм. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж, дуусах шатандаа орох ёстой 8 сард эхлээгүй ажлууд үлдсэн байна.
Зарим дүүргийн хөрөнгө оруулалтын ажил 10 хувьтай байна
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэдээллээр 2018 онд дүүргүүдэд барьж байгуулах барилга, их завсарын ажил 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дөнгөж 53 хувьтай байна. Доорх хүснэгтээс харахад Чингэлтэй дүүрэгт 27 хувьтай, Багахангай дүүрэгт 10 хувьтай байна
2018 онд хэрэгжиж буй барилга байгууламж, их засварын ажил
Дүүрэг | Он дамжин хэрэгжиж байгаа ажил – 75% | 2018 оны ажил
· 53 % |
Нийт – 60 % | |
Баянгол дүүрэг | 81 % | 34 % | 57,5 % | |
Баянзүрх дүүрэг | 72 % | 47 % | 59,5 % | |
Багануур дүүрэг | 78 % | 43 % | 60,5 % | |
Сүхбаатар дүүрэг | 88 % | 63 % | 75,5 % | |
Сонгинохайрхан дүүрэг | 78 % | 67 % | 72,5 % | |
Хан-Уул дүүрэг | 96 % | 64 % | 80 % | |
Чингэлтэй дүүрэг | 66 % | 27 % | 46,5 % | |
Багахангай дүүрэг | 88 % | 10 % | 49 % | |
Налайх дүүрэг | 98 % | 55 % | 76,5 % | |
Дүүрэг дамнасан | 88 % | 50 % | 69 % |
Эх сурвалж: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ – 2018.07.30
Нийслэлийн цэцэрлэг 5-аар буурчээ
Энэ жил улс, нийслэлийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй сургууль цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн. Үүнээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилдсэн 27 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил явагдаагүй, ихэнх нь тендер зарлагдах шатандаа байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд 3 ээлжээр хичээллэж, цэцэрлэгүүд сугалаагаар хүүхдүүдийг элсүүлж буй энэ үед сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх нь энэ тэргүүний зорилт.
Гэтэл жилийн 3/4 дуусч байхад нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт эрх шилжсэн 14 цэцэрлэг, 13 сургуулийн барилгын ажил дараах байдалтай байна.
Мөн сургууль, цэцэрлэгийн барилгын ажил удааширсаны улмаас улсын цэцэрлэгийн тоо өмнөх оныхоос 5-аар буурсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх онд 227 улсын цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан бол энэ жил 222 цэцэрлэгт хүүхдүүдийг бүртгэж байгаа юм байна. Нийслэлийн мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаар ирэх оноос барилгууд ашиглалтад орж, сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэх гэнэ.
Энэ жил төсөвт суулгасан сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажил нь газрын асуудлаа шийдвэрлэж чадаагүй, тендер зарлагдах шатандаа яваа зэрэг төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажилласны улмаас удаарширч, бүтээн байгуулалтын ажил хөрсөн дээрээ бус, цаасан дээрээ хэрэгжиж байгаа байдалтай байна.
Манай улс дөрвөн улиралтай. Бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн 2-3 дугаар улиралд хийх боломжтой байдаг. Иймд жил бүрийн төсөв өмнөх оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор батлагдаж, тухайн жилийн төсөвт тусгагдсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хангаж, 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүх тендер зарлагдаж, улирлын шинжтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэх боломжтой.
Гэвч 2018 оны ажлууд эхлэхгүй байсаар хагас жил өнгөрсөн байна. Тухайлбал газрын асуудал шийдвэрлээгүй сургууль, цэцэрлэгийн газрыг шийдвэрлэхээр газар эзэмших эрхийг Нийслэлийн боловсролын газарт олгох тухай НЗД-ын захирамж 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдөр гарсан байна. Төсөв батлагдсанаас хойш 8 дахь сар өнгөрч, бүтээн байгуулалтын улирал дундаа орсон хойно захирамж гаргах зэрэг бичиг цаасны ажлаас өөр ахицгүй байгаа нь хариуцлагагүй байдлын үр дүн гэдгийг төлөөлөгчид илэрхийлж байлаа.
Ингээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын хоёр жилийн ажлын биелэлийг хянах Ажлын хэсэг гаргаж ажиллахаар НИТХ дахь АН-ын бүлэг шийдвэрлэлээ гэж НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.