Монгол инженерүүдийн угсрах цахилгаан автобуснуудыг нэвтрүүлнэ

Наадмаар туршилтын цахилгаан автобус үйлчилгээнд явна

Агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор МОН-30 загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд туршихаар болов.

Импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёр автобус үйлдвэрлэх боломжтой юм. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Дотоодын үйлдвэрлэгчид Ардын хувьсгалын ой, Үндэсний их баяр наадмын үеэр нэг автобусыг нь хүлээлгэн өгөхөөр болжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус явуулснаар ажлын байр бий болж, зардал буурна гэж Засгийн газар үзэж байна.

МОН-30 цахилгаан автобус нь нэг удаа цэнэглээд 300 км зам туулах боломжтой. Тэгвэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том оврын автобус хоногт дунджаар 200 км явдаг байна.  Манай улс 2007-2017 онд 126 цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэжээ.

Энэ намар 6000 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ

“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар нь чөлөөлөгдөж, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхаар болов.

23 цогцолборыг энэ оны есдүгээр сарын нэгний дотор барьж, хүлээлгэн өгөхөөр концесс эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон байна. Ингэснээр нэг цогцолборт бага сургуулийн 160 сурагч, цэцэрлэгийн 120 хүүхэд, 23 цогцолборт 6440 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэх юм. Хэрвээ бага сургууль хоёр ээлжээр хичээллэх бол суралцагчийн тоо 7360, нийт суралцагчийн тоо 10 мянга гаруй болж нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Үндэсний аврах бригадтай боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийг нэгтгэн Үндэсний аврах бригад болголоо. Ингэснээр орон тоо, төсөв нэмэгдэхгүй бөгөөд үйл ажиллагаа нь өргөжин нэгдсэн удирдлага, бүтэц зохион байгуулалтад шилжих юм.

Засгийн газрын хуралдаанаар мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гал унтраах, аврах анги шинээр байгуулахаар шийдвэрлэв.

Дээрх дүүрэг, сумд нь хүн ам, аж ахуйн нэгж, байгууллага олонтой, гал түймэр, гамшиг ослын дуудлага ихтэй бөгөөд шинээр байгуулагдах ангиуд тухайн нутаг дэвсгэр болон хил залгаа сумдад хүрч ажиллах юм.

Энэ жил 518 мянган тонн улаанбуудай хурааж авах зорилт дэвшүүлжээ

Энэ онд 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавьжээ.

 Энэ хүрээнд 14 аймгийн 1480 аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн ургамал, 470 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо тарихаар бэлтгэлээ хангаж байна.

  Атрын III аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд хүргэж тариалах ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгав.

Товч мэдээ

–  Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөлд олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж ажиллуулахаар болов. Зөвлөх тал дээрх төсөлд техник, байгаль орчин, нийгэм, санхүүгийн бүх талын мэргэжлийн зөвлөгөө өгөх, ТЭЗҮ-ийг баталгаажуулах, технологи, тоног төхөөрөмжийн сонголт хийх зэрэг үүрэг хүлээнэ.

–  Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Станцын ажиллах горим, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний тооцоог дахин нягтлахыг салбарын сайдад даалгав. Шаардлагатай тохиолдолд холбогдох талтай хэлэлцээ хийхийг үүрэг болголоо.

–  “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр хэрэгжсэнээр энэ салбарын эрх зүйн зохицуулалт сайжирч, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. Мөн нисэхийн салбарт хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Түүнчлэн агаарын тээврийн хүртээмж нэмэгдэж, аялал жуулчлал, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, газар тариалан, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ зэрэг салбарын хөгжилд дэмжлэг болох юм.

–  Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

–  “Түүх, соёлын хүсгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”, “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ыг баталлаа.

–  Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Бүх салбарт, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлэх, эрчим хүч, харилцаа холбоо, аялал жуулчлал, боловсрол, байгаль орчин, барилга, ой, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хамтрах тухай хэлэлцээрт тусгажээ.

–  Дайчилгааны туай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

–  “Дипломат болон албан /сервис/ паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

–  “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Иргэд хоёр улсын хилээр харилцан  нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоногоос илүүгүй хугацаанд виз авах шаардлагагүй болж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...