УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.30/ ээлжит хуралдаанаа хийж үндсэн хоёр асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийв.
Сэтгүүлчдэд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахыг шаардав
Нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнасан, чагнасан тухай асуудал нийгмийн сүлжээнд цацагдаж, уг асуудлаар Хууль зүйн сайд өөрийн байр сууриаг өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. Нийслэлийн прокурорын газраас ч мөн энэ сарын 26-ны өдөр нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны тухай хууль, тогтоомжийг зөрчиж, сэтгүүлч болоод хувь хүний нууцад халдсан асуудлыг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорыг газарт ирүүлсэн гэж мэдээлсэн. Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Тусгай хяналтын дэд хороо нь хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийн хэрэгжүүлэх эрхтэй, 24.3.1-д Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийн биелэлт, Улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлнэ гэж хуульчилсан байдаг. Иймд дээрх асуудал хувь хүний нууц болон тагнаж, чагнах гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй тул Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж, уг асуудлыг хэлэлцүүлэх талаар албан шаардлагыг тус хорооны даргад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүргүүлэхээр болов. Прокурорын газраас албан ёсны мэдээлэл хийж байгаа нь сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудал нотлогдож байгаа хэрэг. Тиймээс энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх шаардлагатай гэж УИХ дахь Ардчилсан намын гишүүд үзлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн даваа гарагт /2018.04.23/ Ерөнхий сайдад Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнтэй хариуцлага тооцуулах тухай шаардах бичгийг хүргүүлсэн. Шаардах бичиг хүргүүлсний маргааш Сангийн сайд дахин Төсвийн хууль 6.2.5 дахь заалтыг зөрчиж, байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Улмаар төсвийн тодотгол хийх асуудлыг үгүйсгэж байгаа учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлж байна. Учир нь биднийг шаардлага тавьсанаас хойш дахин хуулийн зөрчил үүсч байгааг сануулж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай буюу тавдугаар сарын 14-ны дотор УИХ-д өргөн барихыг шаардаж байгаа. Монгол Улсад хууль үйлчлэх ёстой. Хууль үйлчлэхдээ хэн нэгэнд их, бага гэх ойлголт байхгүй. Хуулийг 11 удаа зөрчөөд байгаа үйлдлээ засч, залруулах шаардлагатай.
Д.Эрдэнэбат: Хоёр сайдынхаа асуудлыг шийдэж чадахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагыг тавихад бэлэн
Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ерөнхий сайд хоёр сайддаа хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэж ойлгож болох уу?
-Бид анхны шаардлагадаа дараагийн алхамыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Ер нь хоёр сайдынхаа асуудлыг шийдэж чадахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагыг тавихад бэлэн байна.
-Сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудлаар илүү тодорхой мэдээлэл байна уу?
-Яг ямар асуудлаар сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэдгийг прокуророос хянаад, тогтоох байх. Гэхдээ Хууль зүйн сайд нь энэ асуудлыг “мэдэхгүй” гэж хариулт өгсөн байсан. Гэтэл хууль хяналтын байгууллага нь энэ хэргийг шалгаад, яллагдагчаар татах тухай прокурорын байгууллагад мэдэгдсэн нь хууль хяналтын байгууллагуудын үл ойлголцлыг илэрхийлж байна гэж ойлгогдож байна. Хууль зүйн сайд нь мэдэхгүй байхад, цагдаагийн, тагнуулын байгууллагууд нь мөрдөн шалгаж байгаа нь асуудалтай байгаа юм. Хэрвээ сэтгүүлчдийг тагнаж, чагнаж байгаа нь нотлогдвол Монгол Улсад хууль хэрэгжилт ямар байгаа, сэтгүүлчдийн үгээ хэлэх эрх чөлөө асуудал үндсэндээ үгүйсгэгдэх болно. Тиймээс Хууль зүйн сайд нь тодорхой хариулт өгөхөөс зайлс хийж байна гэж харж байгаа.
-Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Бүлгийн зүгээс аль хуулийн төслийг дэмжиж байгаа бэ?
-Ерөнхийлөгчийн 100 хувь хүүхдийн мөнгийг олгох тухай хуулийг төслийг, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлтэй хамтарч хэлэлцэхээр боллоо. Үүнийг бид зөв гэж үзэж байгаа. Хүүхдүүдийг зорилтод бүлэгт оруулна, оруулах гэх асуудал нь буруу. Хүүхдүүд нийтээрээ л зорилтод бүлэгт хамаарах бидний ирээдүй. Гишүүд л ойлголцож чадвал бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох эдийн засгийн бүрэн боломж байгаа.