ГОЁ ӨНГӨ
Сайхан цэцэгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.
Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно. Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай. Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу? Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун ертөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна. Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхөн хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно. Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно. Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна. Миний тарьсан цэцэгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна. Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье. Гараа сайтар угаагаад хаттал нь арччихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас яг түүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.
Охинд тань дурласан залуугаас илгээсэн хариу захидал /Сонирхогч/ Сайн байна уу? Таны надад зориулж бүтээсэн тэнгэрийн цэцэгт дурласан залуу байна. “Сайханыг бүтээсэн хүн түүнээс илүү сайхан” гэсэн үгийг таньд зориулж хэлье. Бүтээсэн бүтээл нь иим агуу, үзэсгэлэн төгөлдөр байгаа болохоор таныг би түүнээс илүү агуу, үлэмж төгөлдөр хэмээн биширнэ. Таны тарьсан тэнгэрийн цэцэгт би дурласан. Тэнгэрийн энэ цэцгийг таныг надад зориулж бүтээсэн гэдэгт итгэж байна. Таны өдөржин шөнөжин нойргүй манаж ургуулсан цэцэгийг өхөөрдөн харж, цаг хором бүр ширтэн сууж, тордон ургуулах болно. Цэцэг хэдий урт ургах тусмаа арчилгаа илүү шаардана. Таниас холдох тусмаа илүү эмзэг болно гэдгийг би төсөөлж байна. Тэр бүхний гүйцээж хайрланаа. Эргэлт буцалтгүйгээр таны ургуулсан цэцгийг би тордохоор шийдсэн. Тэр цэцэг бас тордуулахыг сэтгэлээсээ хүснэ. Таны тарьсан цэцгийг би авлаа шүү уучлаарай. Би цэцэгчин биш л дээ. Таны ургуулсан, таниас тасарч, сэтгэлээс тань бүтсэн тэнгэрийн цэцгийг нартай сайтай баян бүрдэд шилжүүлэн суугана. Гоо үзэсгэлэн, эмзэгхэн дэлбээг нь би хайрлан энхрийлэх болно. Намайг хайрладаг, бас миний хайрладаг жижиглэн хайрыг төрүүлсэн таньд баярлалаа. Таны надад зориулж ургуулсан тэнгэрийн цэцэгийг хайрын бүлээн салхи, амьдралын амттайхан салхиар алхам тутамдаа тэтгэж болно. Ялдамхан цагаахан хуруугаа эсгэчилвэл таны гаргасан алдааг давтахгүй байхыг хичээнэ. Би бас цэцэгчиний гараар бүтсэн болохоор таны захидал сэтгэл их хөдөлгөж байна. Намайг ургуулсан тэр цэцэгчнийг би бас шүтдэг. Таньтай адилхан, таниас ургасан тэнгэрийн цэцэгийн ялимгүй омголон занд би бууж өгч зөөллөж хайрлана. Шазуур зууж хамараа шантаалгавал чанга тэврээд духыг нь үнэрлэнэ. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэнэ. Цэцэгээ аргадах нууцаа дэлгэсэн таньд баярлалаа. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй явахгүй ээ. Тангаргалья. Хүлээхийн зовлонд унагаж хайрыг цэцэгээ хагдруулахгүй. Харин та нэгэн зүйлийг өөрийн цэцэгтээ захиарай. Чамайг хайрлаж байгаа тэр цэцэг бас хэн нэгний хөдөлмөрөөр, өхөөрдөн ургуулсан цэцэг гэдийг. Тэр цэцэгт хэлэлгүй хаашаа ч бүү яв. Тэр цэцгийн сэтгэлд үл ойлгогдох байдал бүү гарга. Учир нь тэр цэцэг харахад сүртэй, хатуу иштэй хэдий ч нэг хугарчихвал эргэж эдгэрдэггүй юм. Магад чамаас илүү эмзэг байж болох гэдгийг хэлээрэй. Таны хатан ухаанд би итгэж байна. Таныг санаж уйлвал би нулимсыг нь арчиж өгөх болно. Би уйлуулахгүй. Цэцэг таатай ургах гайхалтай баян бүрдийг би бүтээгээд таны надад зориулж бүтээсэн тэнгэрийн цэцэгээ эвтэйхэн зөөх болно. Бид 2 тэр л газраа олон тэнгэрийн цэцэг тарьж өөрсдөө цэцэгчин болж таны мэргэжлийг өвлөх болно. Таныг цэцэг ургуулах туршлагаасаа хуваалцаж бидний ажилд туслана гэдэгт итгэж байна. Бидний ургуулсан цэцэгнүүд бол таны ургуулсан цэцэг юм. Энэ л цэцэгс та бидний сэтгэлийн гэрэл гэгээ байх болно. Ингээд баяр хөөр, аз жаргалын дунд та бид олон цэцэгстэй болно. Тэр л үед таныг олон сайхан цэцэгс дундаа аз жаргалтай ахлаж, инээж суухыг тань харах сайхан байх болно.
Х.Болор-Эрдэнэ
Very well written information. It will be helpful to everyone who usess it, as well as yours truly :). Keep up the good work – can’r wait to read more posts.