- Өөдөсхөн охиноо алдсан аав ээжийн эмтэрсэн элэг, урссан нулимсыг хорвоо дааж ядан байх шиг уйтай дүнсгэр өдрүүдийг бид бүгд санаж буй. Найман настай Д.Сэржмядаг охиныг эсэн мэнд олдоосой гэж зөөлөн сэтгэлтэй монголчууд бүгд залбирч суусан ч охины сураг гаралгүй нэг л мэдэхэд хагасжил шахам хугацаа өнгөрчихөж.
Эрлийн ажиллагааг зогсоогоогүй байгаа ч ямар нэгэн сураг ажиг, учиг гараагүй л байна. Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн дарга Ц.Сугаржавын мэдээлснээр энэ хэрэг явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ нь зарим хэвлэлд мэдээлсэн шиг аав ээжийг нь шалгаж байцаагаад эхэлсэн гэсэн үг биш.
Харин охиныг зохион байгуулалттайгаар хулгайлсан, эсвэл өөр зорилгоор гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн гэдгийг тодотгож хэллээ. Хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг Улаанбаатараас хоёр мөрч нохой авчран эрлээ үргэлжлүүлсээр байгаа юм билээ. Охиныг Эрээн хотод хайсан, тэндээс олсон гэх мэт цахим орчинд тэнүүчилж яваа мэдээллүүд бүгд худал бөгөөд хэдэн лайк, шэйрээр голоо зогоодог арчаагүй хүмүүсийн хүнлэг бус тохуу гэдгийг шууд хэлэх ёстой.
Сураггүй алга болсон охины сурдаг сургууль гэрээс нь нэлээд зайтай юм. Багцаалж хэлбэл автобусны 2-3 буудлын зайтай. Охин өдөр бүр алхаж ирээд, алхаад харьдаг байж.Сургуулийнх нь багш, найз нөхдийн ярианаас үзэхэд ангийнхаа онц сурдаг таван хүүхдийн нэг. Охины аавтай цөөн хором хөөрөлдөв. Тэрбээр цахим орчинд амны зоргоор бурж байгаа буцах хаяггүй хүмүүс, андуу ташаа мэдээлэл түгээж байгаа буцах хаягтай хэвлэлийнхэнд гомдолтой байгаагаа нуусангүй.
Охиноо эсэн мэнд олно гэсэн итгэл найдвараа алдчихгүй юмсан гэж голынхоо тэвчээрийг шавхаж байгаа нь гал нь унтарсан нүд, гэрэл нь бүдгэрсэн царайнаас нь илт. Гэхдээ хорвоо дандаа муу хүмүүсээр дүүрчхээгүй болохоор сайхан сэтгэлтэй олон хүн тусалж, сэтгэлийн дэм өгч байгаа болохоор найдвар тасарчихгүй л байна гэв. Лам, бөө, удган гээд олон ч хүн холбогджээ. Санаа чилээж суугаа олон хүн өдөр бүр сүү өргөж байгаа шүү хэмээн хэлсэн нь аав ээж хоёрынх нь элгийг бага ч гэсэн дэвтээж байгаа бололтой.
Нутгаас нь сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүн 50, сумын нутгийн зөвлөл нь таван сая төгрөгийг баттай мэдээлэл өгсөн хүнд урамшуулал болгож өгөхөө амласан болохоор тэд утасныхаа дуудлага бүрийг алдахгүй авахыг чармайх аж. Нэгэнт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн учраас мөрдөн шалгах ажлыг мэргэжлийн хүмүүст нь даатган орхихоос өөр сонголт үлдсэнгүй.
Эрлийн эхэн болон дунд үед Замын-Үүд сумыг бүрэн самнаж дуусгажээ. Барилга байгууламж болгоныг шалгаж нягталсан байна. Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр алга болсон охиныг олохын төлөө төрийн холбогдох байгууллагууд бүх арга хэмжээг авч байгааг хэлсэн. Юутай ч эрэл үргэлжилж байна. Гэхдээ энэ бүхнийг нүдээр очиж үзсэний дараа сэтгэлийн мухарт нэг том харуусал сэтгэл гогодоод болдоггүй.
Замын-Үүд бол өмнөд хөрштэй хиллэдэг хилийн, худалдааны хамгийн том боомт. Түм түчигнэж бум бужигнадаг суурин. Олон ч хүн эндээс амьдралаа залгуулж, зарим нь тэрбумтан болтлоо чинээлэг амьдралд хүрсэн. Энэ суманд ирээгүй дарга байхгүй. Элсэндээ залгиулсан энэ сумыг хөгжүүлнэ ээ л гэцгээдэг боловч байдал яг хэвээрээ. Цаахна нь талд нь байгаа Эрээн хот шавар тагзнуудаасаа аль хэзээний салж, шил толь болсон хотыг сүндэрлүүлчихлээ. Замын-Үүд л гэж хуучирч муудсан хэдэн навсгар УАЗ-469-тэйгөө халтартаад яг л байрандаа байх.
Замын-Үүдийг алгын чинээхэн гэж доромж утгаар хэлсэнгүй. Хааш хаашаагаа 5-6 км радиустай жижигхэн суманд хүүхэд алга болчхоод 13 хононо гэдэгт л харамсаад баршгүй. Хэрэв энэ сумыг удирдаж байсан, энэ нутгаас үе улиран сонгогдсон гишүүд сэтгэлтэй сэн бол аль эрт бүрэн камержуулчих байсан. Сумын Засаг дарга Н.Алдарбаярын хэлж байгаагаар сумын хэмжээнд нийт 10 гаруйхан камертай гэнэ.
Элдэв янзын хүний хөл тасардаггүй энэ боомт хотод 10-хан камер байна гэдэг гэмт хэрэгтнүүдийг дураараа сэлгүүцэх хязгааргүй эрх чөлөө өгснөөс өөрцгүй. Жишээ татаж харьцуулъя. Өвөрмонголын Хөх хот 10 гаруй сая хүн амтай. Тэд сүүлийн хэдэн жил 14 мянган ширхэг камерыг хотдоо суурилуулж чаджээ. Ингэснээр булаалт болон дээрмийн хэрэг нэг ч гараагүй гэдгийг хотынх нь удирдлагууд хэлж байв. Гэтэл Монголын ихэнх мөнгө, бараа эргэлддэг Замын-Үүд сум 10-хан камертай, тэр нь тэгээд чанарын шаардлага oгт хангадаггүй байх жишээтэй.
Хэрэв камер хангалттай байсан бол сураггүй болсон наймхан настай охиныг дор нь олох байсан. Уг нь энэ сумыг камерын бүрэн хяналтад авахад 600 сая төгрөг шаардлагатай гэсэн судалгааг холбогдох албаныхан гаргажээ. Ямаанд урамшуулал өгдөг, 14 тэрбумаар казино тоглочихдог, 55 тэрбум төгрөгийг бэлнээр тараадаг, офшор бүсэд хэдэн тэрбумаар бултуулдаг манай дарга нарт 600 сая гэдэг цайны шахуу задгай мөнгө л дөө.
Гэтэл Монгол төрийн ийм арчаагүй байдлаас болоод гэмт хэрэгтнүүдийн гишгэх газар хаа сайгүй байна. Замын-Үүд сум жил бүр гурван тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг хэр нь бүгдийг нь аймагтаа тушаачихна. Засаг захиргааны нэгжийн хувьд сумын статустай учраас олсон хэдээ хадган дээр тавиад аймагтаа өгчихнө. Энэ сумыг хотын статустай байх ёстой гэж бараг бүх дарга хэлсэн, шоудсан.
Харамсалтай нь өөрийгөө бүрэн камержуулчих чадалгүй, мэдэлгүй элсэн дундах сум хэвээрээ л байна. Алгын чинээхэн сумаа аль эрт бүрэн камержуулчихсан бол алга болсон охиныг дор нь олж, гэм буруутай хүмүүсээс ял асуугаад сууж байх боломж байсан. Сураг нь гарахгүй байгаа охины аав ээж ингэж амьдын тамд тарчлахгүй, сэтгэл түгшсэн олон хүний нулимс далай болохгүй байсан…
Б.Түвшинтөгс