МАН-ын бүлгийн 65 гишүүн намаасаа хөөгдөх болзлоо хангачихлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилоход МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн хуралдаанд орж ирэлгүй ажил хаялт зарлав. Тэдгээр гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүх бидэнтэй уулзсангүй, эв нэгдлийг хангах талаар ямар нэг алхам хийгээгүй учраас чуулганы хуралдаанд оролцоогүй гэх тайлбарыг хэвлэлээр дамжуулан дайсан.
Олон нийт үнэндээ улс төрийн энэ нүүдлийн учрыг сайн ойлгосонгүй, дотоод хагаралдаа идэгдэж байгаа МАН-ынханд бухимдаж байгаагаа илэрхийллээ. МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, энэ шийдвэрийн дагуу УИХ дахь бүлэг нь 100 хувийн саналаар дэмжсэн. Гэтэл 30 дахь Ерөнхий сайдыг яг томилох болоход УИХ-ын 20 гаруй гишүүн өөрийн нам болоод бүлгийнхээ шийдвэрийн эсрэг зогссон нь яаж ч гоёор тайлбарлах гээд олон нийтэд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Хэрэв УИХ дахь АН-ын бүлэг дэмжээгүй бол Ерөнхий сайдыг томилох асуудал дахиад л гацаанд орох байлаа.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн 32 гишүүнийг намаасаа хөөнө гэж мэдэгдэж байв. Намынхаа шийдвэр, дэмжлэгээр байгуулсан Засгийн газрыг огцруулсан нь тэдэнд улс төрийн хариуцлага тооцох хангалттай үндэслэл болно гэж МАН-ын нөлөө бүхий олон гишүүн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл энэ үгс мартагдаж амжаагүй байхад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг цээжээрээ хамгаалж байсан гишүүд Бага хурал, УИХ дахь бүлгийнхээ цагаан дээр хараар бичсэн шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий сайдын томилгоонд оролцсонгүй. УИХ-ын гишүүн тухайн хэлэлцэж байгаа асуудалд оролцоогүй бол автоматаар эсрэг санал өгсөнд тооцдог. Энэ өнцгөөр харвал УИХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн намаасаа хөөгдөх болзлоо аль хэдийнэ хангажээ. Үүн дээр өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 32 гишүүнийг нэмж тооцвол УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн бүгдээрээ намаасаа хөөгдөх асуудал хөндөгдөнө.
Монголчууд мэхт мэхэндээ гэж ярьдаг. Эрх ашгийн эрэмбээ албан тушаалын сонирхлоосоо болоод алдчихсан эрх баригчид бодлогогүй алхмаасаа болоод олонхийн байр сууриа хэдийнэ алдчихлаа.
Яг үнэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрч, УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж томилов. УИХ-д 65 суудалтай МАН олонхийн эрхээ ч, үүргээ ч биелүүлэх чадамжгүй болтлоо хоорондоо хагаралдаж, тэрхүү толхилцоон нь төрийн ажил алба тогтсон хууль, номын дагуу хэвийн үргэлжлэхэд саад болж байна. Хэрэв дээр дурдсан үндэслэлээр МАН-ын бүлгийн 65 гишүүнд намынхаа шийдвэрийн эсрэг зогссон гэх үндэслэлээр улс төрийн хариуцлага тооцож гишүүнчлэлээсээ хасвал бүгд бие даагчид болно. УИХ-д 65 гишүүнтэй олонх бус гуч гучаараа хуваагдсан бие даагчдын нэгдэл бий болно гэсэн үг. Үүний цаана монголчуудын 2016 онд хийсэн сонголт үнэгүйдэж хоцорно. Эдийн засгийн хямралтай байгаа Монгол Улсад улс төрийн хямрал бодит утгаараа нүүрлэснийг ганц энэ жишээ нотолж байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...